Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн амь насыг Малайзад хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарснаас хойш 12 жил өнгөрч байна. Энэ хэрэгт тус улсын Ерөнхий сайд асан Нажиб Разак талын хүмүүс холбоотой гэж үздэг бөгөөд өнгөрсөн зургадугаар сард болсон сонгуулийн дараа хууль сахиулах байгууллагаас нь сэргээн шалгах болсон юм.
Уг хэргийг сэргээн шалгаж эхэлж буй талаар болон Австралиас цагаачлал хүсэн саатуулагдаж буй хэргийн нэг холбогдогч Сирул Азхар Умарыг Малайзын хууль сахиулах байгууллагаас шилжүүлэн авахаар болж буй талаар бид өнгөрсөн зургадугаар сард мэдээлж байсан билээ.
Сэргээн шалгасан хэргийн буюу Ерөнхий сайдын хүрээллийн хүмүүстэй холбоотой авлигын, албан тушаалтнууд нөлөөлсөн байж болзошгүй үйлдлийг нь шүүх хурал 2019 оны нэгдүгээр сарын 20-нд болох аж. Үүнтэй холбоотойгоор Малайзын талаас өнгөрсөн баасан гарагт С.Шаарийбуугийн өмгөөлөгч агсан Карпал Сингхийн хүү Рам Карпал тэргүүтэй хүмүүс иржээ.
Тэд манай улсын Ерөнхийлөгч, Гадаад харилцааны сайд болон хэрэгт ач холбогдолтой гэрчүүдтэй уулзаж ярилцаад буцжээ. Энэ хэргийн явц байдлын талаар талийгаач Ш.Алтантуяагийн аав С.Шаарийбуу гуайтай ярилцсаныг “Өнөөдөр” сонины маргаашийн дугаараас уншаарай.