НЭМГ-ын харьяа эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтны ээлжит шуурхай хурал өнөөдөр боллоо. Тус хурлаар дамжуулан “Нийслэлийн эх, хүүхэд, нөхөн үржихүйн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал” зөвлөгөөн болон эм, эмнэлгийн хэрэгслийн захиалга, “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах хүрээнд нийслэлийн төрийн өмчийн 234 цэцэрлэгийн захирал, эрхлэгч, арга зүйч нарт зориулсан “Амны хөндийн эрүүл мэнд” сургалтыг зохион байгуулах талаар холбогдох хэлтсээс нь мэдээлэл хүргэлээ.
Мөн энэ хүрээнд улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтын хамралтын мэдээ, цахим программ ашиглалтын байдалд хийгдсэн хяналт үнэлгээ, 2018 оны эхний 11 сарын байдлаар хепатит В, С вирүсийн илрүүлэг үзлэгийн мэдээллийг харьяа байгууллагын удирдлагуудад танилцуулсан юм.
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар энэхүү хурлын төгсгөлд томуу, томуу төст өвчний үед эмнэлгүүдийн хүүхдийн нэмэлт орыг үе шаттайгаар дэлгэн зохицуулалт хийж, уртасгасан цагаар ажиллаж буй эмч сувилагч нарын хуваарилалт болон эм тарианы хангамж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг иргэдэд хүлээгдэл чирэгдэлгүй түргэн шуурхай хүргэхэд анхаарч, сахилга хариуцлагаа сайжруулах, мөн “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлаа эрчимжүүлэх үүрэг даалгаврыг харьяа байгууллагын дарга нарт үүрэг болголоо.