Их аварга Харүмафүжи Д.Бямбадорж элэг нэгт Таканоива А.Баасандоржийн толгой руу шар айрагны шилээр цохиж, гэмтээсэн хэрэг өнгөрсөн жил гарсан. Улмаар Харүмафүжи япончуудаас уучлалт гуйн, зодог тайлсан билээ.
Түүгээр ч үл барам Таканоивагийн багш, домогт аварга Таканохана шавийнхаа өмнөөс хариуцлага хүлээхдээ дэвжээгээ татан буулгаж, сүмогийн ертөнцийг орхисон. Тэгвэл А.Баасандорж өөрөө хэрэгт холбогджээ. Маэгашира цолтой тэрбээр дэвжээнийхээ, 24 настай туслах бөхийн нүүр рүү таван удаа цохиж, гэмтээсэн аж.
Тэгэхдээ “Даалгасан ажил гүйцэтгэдэггүй, дандаа тайлбар тавьж, шалтаг тоочдог” хэмээн уурласан гэнэ. Улмаар өвлийн барилдааныг өнжсөн А.Баасандоржийг Японы сүмо бөхийн холбооноос шалгаж байна. Таканоива хэдийгээр уучлалт гуйсан ч тусыг эс олох магадлал тун өндөр.
Өнгөрсөн жил болсон хэрэг явдлын дараа Японы сүмо бөхийн холбооныхон “Хүчирхийллийг арилгах тунхаг” гарган, бөхчүүдийн дундах зүй бус үйлдэлтэй хатуу тэмцэхээ илэрхийлсэн. Шибатаяма ояката хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Энэ хэргийг яавч зүгээр өнгөрөөхгүй.
Өмнө нь хүчирхийллийн хохирогч болсон сүмоч ийм хэрэгт холбогдсон нь гутамшиг. Зодуулсан бөхийн мэдүүлгээс шалтгаалан Таканоиваг хэрхэхээ шийднэ. Ер нь маш хатуу шийтгэх бодолтой байна. Толгойг нь илээд, сануулаад өнгөрвөл дахиад л ийм хэрэг гарах эрсдэлтэй” гэжээ.