Ц.Батдорж 12 настайдаа осолд орж өрөөсөн гаргүй болсон. Түүнээс хойш 38 жил хөгжлийн бэрхшээлтэй хэмээх “гуншинтай” амьдарчээ. Гэхдээ тэр хөгжлийн бэрхшээлтэй гэж хэн нэгнээс өглөг хүсэж, бэлэнчлэх сэтгэлгээгээр амьдралд хандаагүй аж. Өөрийгөө хөгжүүлж ажил, хөдөлмөр эрхэлсээр өнөөдөртэй золгожээ.
Өдгөө тэрбээр Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны бага хурлын гишүүн, “Элгэн сэтгэл” нүдний протезын үйлдвэрийн гүйцэтгэх захирал, “Коко десерт” компанийн гадаад харилцаа хариуцсан менежерийн алба эрхэлж буй. Ц.Батдорж Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангаас зээл авахаар дөрвөнтөө өргөдөл өгч, хоёр удаа шалгаруулалтад тэнцсэн байна.
Харамсалтай нь, тус сангаас зөвшөөрөгдсөн зээлээ авах гэтэл санхүүжилт дууссан, мөнгө хүрээгүй гэх хариуг удаа дараа сонсжээ. Тэрбээр төрийн хүнд суртал, ялгаварлан гадуурхалд бууж өгөөгүй байна. Тиймээс Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн ажилтнуудыг залхаж, зугттал нь олон удаа очсон гэдэг.
Эцэст нь тус хэлтсийн нэр бүхий хүмүүс “Танай үйлдвэрт зээл өгье. Гэхдээ мөнгөний 10 хувийг бид авна” гэх хариу өгчээ. Тэрбээр энэхүү хууль бус үйлдлийг зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж, зээл авахаас татгалзсан байна.
Эргэн төлөгдөх нөхцөлтэй, ажлын байр бий болгох зориулалттай, төрөөс өгч байгаа мөнгийг дундаас нь зувчуулж буйд асар их гомдсоноо нуугаагүй. Хамгийн ноцтой нь төр түүнд зээл өгөөгүйгээр үл барам сүүлийн хоёр жил тэтгэмжийн мөнгийг нь өгөөгүй гэнэ. Гэсэн ч тэр бууж өгөхгүй гэдгээ дахин дахин илэрхийлсэн.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд эвийлсэн, эсвэл тас няс хийсэн хүйтэн харцаар шилбүүрдэхийн аль аль нь таалагддаггүй бололтой. Тэд ердөө Хүний эрхийн конвенцод заасны дагуу бусдын адил нийгмийн бүрэн эрхт гишүүн байхыг чухалчилдаг аж. Өнгөрсөн даваа гарагт болсон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үндэсний чуулганаар ч тэд бие дааж амьдрахыг хүсэж буйгаа хэлсэн юм.
Чуулганаар хүн амын зорилтот бүлгийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, төсөл, хөтөлбөрт суурилсан олон ажил хийж буйгаа салбарын сайд нь мэдээлнэ лээ. Харин хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн олонх нь төсөл, хөтөлбөрүүдэд хамрагдаж чадахгүй байгаагаа хэлсэн. Тэд хавтгайрсан халамж, сарын хэрэгцээндээ хүрэлцдэггүй тэтгэмжийн мөнгө харж, бусдад нэрмээс болж амьдрах бус, хөдөлмөрлөж, албан татвар төлж амьдрах хүсэлтэй аж.
2011 оноос Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийг улсын хэмжээнд хэрэгжүүлж эхэлсэн. Үүний хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажилд зуучлах, хөдөлмөрт бэлтгэх, ур чадвар олгох мэргэжлийн сургалтад хамруулсан тухай ХНХЯ-ны тайланд тусгажээ.
Мөн өөртөө болон бусдад ажлын байр олгоход зориулж хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд эргэн төлөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэг үзүүлэхээс гадна банкаар дамжуулж жижиг зээл өгч буй. Цаашлаад ЖДҮХС-гаас хөгжлийн бэрхшээлтэй иргэн зээл авах боломжтой. Гэхдээ улсаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд төсөвлөдөг мөнгө нь “шанага нь тав шавхруу нь гурав” гэдэг шиг тул шалгуур хангасан хүн бүрт хүрэлцдэггүй гэнэ.
ХНХЯ-ны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Д.Норжмаа “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд хүн амын зорилтот бүлгийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр төсөл, хөтөлбөрт суурилсан олон ажил хийдэг. Тухайлбал, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэнд эргэн төлөх нөхцөлтэй 1-5 сая төгрөгийн зээлийг 24 хүртэлх сарын хугацаатай барьцаагүй, хүүгүй олгож байна.
Санхүүгийн дэмжлэгийг жилд нэг удаа хавар зохион байгуулдаг. Үүнд хамрагдах хүсэлтэй иргэн тухайн аймаг, дүүргийнхээ хөдөлмөр халамжийн мэргэжилтэнд хандаж ажлын байр нэмэгдүүлэх төслөө өгөх ёстой. Төсөл шалгаруулах ажлын хэсэгт тухайн орон нутагт үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөлөл, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг заавал оролцуулна.
Ажлын хэсэг төсөл шалгаруулахаас гадна гарааны бизнесийн явцыг хянадаг. Үүнээс гадна Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас арилжааны банкаар дамжуулан жижиг зээл олгодог. Банкуудтай гэрээ хийж жижиг зээлд зарцуулсан мөнгөний 10-аас доошгүй хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгохоор зохицуулсан. Иргэнд 10, аж ахуйн нэгжид 20 хүртэл сая төгрөг зээлдэг.
Энэ жил ХААН болон Төрийн банкаар дамжуулан жилийн 7.2 хувийн хүүтэй зээл өгч буй. 20 саяас дээш төгрөгийн зээл хүссэн бол ЖДҮХС-гаар дамжуулж олгоно. “Зээл олгохгүй байна, төсөл минь шалгарсангүй” гэх гомдол тасардаггүй. Нийтэд зар түгээдэг ч нэг аймагт 20 төсөл шалгаруулахаар төсөв баталдаг. Өнгөрсөн жил зээл олгосон бол дараа жил нь дахин өгөхгүй. Аль болох олон хүн хамруулахыг хичээдэг” гэсэн юм.
Сүүлийн хоёр жилд хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох зээлийн хэмжээг нэмжээ. Тодруулбал, 2017 онд 5700 иргэнд 3.2 тэрбум төгрөгийн зээл олгосон байна. Харин энэ онд 4.4 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөж, аравдугаар сарын байдлаар 3600 гаруй иргэнд 2.9 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлжээ. Гээндээ ч бий, гоондоо ч бий гэгчээр зарим иргэн өөрийн буруугаас болж зээлийн шалгуурт бүдэрдэг аж.
Гол шалтгаан нь тэд зээл хүсэхээсээ урьтаж мэргэжил олгох болон төсөл бичих, бизнесээ тордох, нягтлан бодох санхүүгийн бүртгэлээ яаж хийх гэх мэт анхан шатны мэдлэг өгөх сургалтуудад суух ёстой. Гэтэл иргэд сургалтад хамрагдахгүйгээр, хөгжлийн бэрхшээлтэйг нь нотлох эмчийн магадлагаа аваагүй байж зээл хүсэх тохиолдол цөөнгүй гардаг юм байна. Төсөл бичиж шалгарсан бол ажлын байрны түрээсийн 40 хувийг хөнгөлөх, зээлийн эргэн төлөх хуваариа өөрсдөө гаргах зэрэг давуу тал бий гэсэн.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг үнэ төлбөргүй сургалтад хамруулдаг хувь хүн, төрийн бус байгууллага, сургалтын төв цөөнгүй. Тэдний нэг болох “Өүлэн эхийн ачлал” сургалтын төвийн захирал П.Эрдэнэтогтох “Хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон тэдний асран хамгаалагч нарт эсгий, гар урлалын сургалт явуулсан. Сургалтад хамрагдсан орон нутгийн зарим иргэн хамтарч нөхөрлөл байгуулсан.
Үүнийг нь Баянхонгор аймгийн ЗДТГ-ын Хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас дэмжиж Германы хувийн байгууллагатай холбож өгсөн байна лээ. Одоо тэд эсгийгээр хийсэн бүтээгдэхүүнээ Герман руу гаргаж байгаа. Мөн Төв аймгийн найман суманд аж ахуй эрхлэлтийн сургалт явууллаа. Энэ сургалтаар төсөл, хөтөлбөр хэрхэн боловсруулах, бизнесийн гарааны санхүүжилтээ хэрхэн олох сэдвээр хичээл заасан.
Нөгөөтээгүүр, Баянзүрх дүүргийн 21, 27 дугаар хорооны хөгжлийн бэрхшээлтэй зарим иргэнийг аж ахуй эрхлэлт, гоо сайхны саван хийх сургалтад хамруулсан. Тэдний зарим нь “Төсөл бичих сургалтад өмнө нь суусан. Дөрвөн удаа төсөл бичиж өгсөн ч шалгараагүй. Ер нь Баянзүрх дүүрэгт дандаа ах, дүү танил талаараа зээл олгодог. Танай сургалтад суугаад зээл авна гэсэн баталгаа байхгүй” гэж ярьсан.
Тэдний гэртээ хийсэн сийлбэр, бэлэг дурсгалын зүйлс, гар урлалын бүтээгдэхүүнийг үзэхэд хэрэгтэй зүйл их байсан. Гол нь зах зээлд гаргая гэхээр дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийнхэн нь дэмждэггүй гэх юм билээ. Тиймээс иргэдийг гадаадын байгууллагатай холбохоор судалж байна” гэлээ.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд өрөвдөж, энэрсэн хандлагыг нэг их таашаахгүй болсныг төр, засаг сэхээрч мэдрэх цаг ирсэн бололтой. Товчхондоо, эрх чөлөөт ардчилсан нийгмийг цогцлоож буй эрх баригчид энэ хүмүүст халамжийн гар сунгахаасаа илүүтэй зээл, төсөл, хөтөлбөрт хамруулж, итгэл хүлээлгэх цаг ирснийг ойлгоосой.
Д.ГЭРЭЛ: БИД ТӨРӨӨС ЦОГЦ ҮЙЛЧИЛГЭЭ ХҮСЭЖ БАЙНА
Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны ерөнхийлөгч Д.Гэрэлээс хөгжлийн бэрхшээлтэй иргэд зээл авч чадаж байгаа, эсэхийг тодрууллаа.
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэн төрөөс зээл дэмжлэг авч чаддаггүй гэх юм. Энэ хэр бодитой вэ?
-ХНХЯ-ны тайланг сонсох юм бол мянга, мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зээл олгосон, сургалтад хамруулсан гэдэг. Энэ жил гэхэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан хөтөлбөрт дөрвөн тэрбум төгрөгийг ажлын байр нэмэгдүүлэхэд тусгасан.
Бидний харж байгаагаар ажлын байр нэмэгдүүлэх зорилготой энэ хөтөлбөрийн сургалтууд нь уялдаагүй. Жишээлбэл, таван төрлийн тендер зарладаг. Хүнийг хөдөлмөрт бэлдэнэ, мэргэжил олгох, аж ахуй эрхлэлтийн сургалтад хамруулна, хөдөлмөрт зуучилна гэх мэт.
Бидний хувьд Дулмаа гэх иргэнийг гэрээс нь гаргаад сургалтад хамруулж, хөдөлмөрт бэлдэж, ажлын байранд зуучлаад, ажилтай болтол нь дэмжих цогц үйлчилгээ хүсэж байна. Салангид олон үйл ажиллагаа ямар ч үр дүнгүй. Ажлын байрны зээл зөв хүндээ хүрдэггүй. Эцсийн үр дүн хангалтгүй.
-Өнгөрсөн жилүүдэд огт зээл авч байгаагүй юм уу?
-Хараагүй массажистууд олон жилийн өмнө тав, зургаан сая төгрөгийн зээл авсан. Ажлын байрны байршлаас хамаарч түрээсийн мөнгөнд сар бүр найман зуун мянгаас нэг сая төгрөг өгдөг. 2008 оноос хойш ийм хэмжээний түрээсийн мөнгө тасралтгүй төлсөн хүн бий.
Тэр хүн “Би сар бүр түрээсийн мөнгө төлөөд 10 жил боллоо. Одоо ЖДҮХС-гаас зээл авч өөрийн гэсэн ажлын байртай болмоор байна” гэсэн хүсэлт тавьдаг. Уг зээл хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тэр бүр олддоггүй тул бизнесээ хөгжүүлж, тогтворжиж чадахгүй байна.
-Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо зээл авч үйлдвэр байгуулсан гэсэн үү?
-Нондин манай холбоо ариун цэврийн цаасны үйлдвэр байгуулъя гээд 50 сая төгрөгийн зээл хүсэж төсөл бичиж, тендерт оролцсон. Тоног төхөөрөмж 36 сая төгрөгийн өртөгтэй. Үйл ажиллагааны бусад зардал, материалд 14 сая төгрөг төсөвлөсөн. Гэтэл 25 сая төгрөг баталсан.
Бид банкуудаас зээл авахаар хөөцөлдсөн ч бүтээгүй. Аргагүйн эрхэнд өндөр хүүтэй зээл аваад үйлдвэрээ байгуулсан. Одоо олон улсын шаардлага хангасан “Цэвэр” нэртэй ариун цэврийн цаас үйлдвэрлэж зах зээлд нийлүүлж байна. Энэ бүтээгдэхүүнийг төр худалдаж аваасай гэж хүсэж байна. Гадаадад тийм жишиг бий.
-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрөөс дэмжлэг авсан хүн цөөнгүй бий гэж албаны хүн баталсан.
-Хөтөлбөр байдаг ч хүндээ хүрч оновчтой шийд гаргадаггүй. Эрэлтэд нийцдэггүй. Мөнгө төлөвлөсөн ч хүндээ хүрдэггүй, тайланд л тусгадаг байх.