АН-ын IX их хурал өчигдөр Төрийн ордонд болж, 1040 төлөөлөгч оролцов. Намын дарга С.Эрдэнэ улс төрийн илтгэл тавьсан бол Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэболд намын дүрмийн үзэл баримтлалын төслийг танилцуулсан. АН-ын дарга улс төрийн илтгэлдээ “2016 оны сонгуулиас хойш АН-ын шинэчлэл эрчимтэй өрнөж, та бид гардан хэрэгжүүлж, хамтран зүтгэсээр ирлээ.
Шинэчлэл бол тодорхой хугацаанд хийгээд дуусгадаг зүйл биш. Энэ бол байнгын үйл явц, зүтгэл, хамтын ажиллагаа, хөдөлмөр бөгөөд урт хугацаанд, тогтвортой хэрэгжүүлэх, үндэсний эрх ашиг, тусгаар тогтнолыг хамгаалсан хүний эрх, эрх чөлөөний бүхий л үнэт зүйлсийг баталгаажуулах амьд үйл явц юм.
Ийм учраас Монголд ардчиллыг тээгч, хамгаалагч нь АН. АН-д өнгөрсөн хоёр жилийн хугацаанд өрнөсөн шиг ийм далайцтай шинэчлэлийн эрс алхмуудыг өмнө нь хийж байсангүй. АН-ын удирдлага анхан шатнаас, бүх гишүүнийхээ саналаар ил тод, нээлттэй өрсөлдөөний зарчмаар тодордог боллоо.
Хамгийн гол нь эдгээр сонгууль жил тутам өрнөж, идэвх санаачилгатай гишүүд нь илүү үнэлэгддэг шударга тогтолцоонд шилжсэн юм. АН-ын амин гол шинэчлэлийн нэг бол гишүүдийн оролцоотой шийдвэр гаргах, бодлогын нам байх зарчим руу эргэлт буцалтгүй орсон явдал.
Энэ хугацаанд УИХ дахь АН-ын бүлэг эрх баригчдын үйл ажиллагаанд идэвхтэй хяналт тавьж, тасралтгүй шүүмжилж, илчилж, шаардлага тавьж ажилласны үр дүнд үнэмлэхүй олонхын суудал авсан МАН-ын, Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газарт хариуцлага тооцуулж, огцруулж чадсан. Мөн худал амлалт, хууран мэхлэлтийн аргаар эх оронч дүр эсгэж, өнөөдрийг хүртэл засаглаж буй, МАН-ын одоогийн дарга У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газарт хариуцлага тооцож огцруулахыг АН бодлогоор дэмжих шийдвэр гаргаж ажилласан.
Үр дүн, явцыг та бүхэн харж байгаа. У.Хүрэлсүхийн “Нам доторх цэвэрлэгээ хийнэ” гэх сүржин мэдэгдлээр Монгол Улс хөгжихгүй. Үнэхээр цэвэрлэнэ гэж байгаа бол хууль бусаар сонгогдсон гэх бүх албан тушаалтнаа эгүүлэн татаж, өөрөө манлайлан огцрох ёстойг түүнд зориулж хэлье.
2019 он бол Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой тохиох жил. Үүнийг АН шинэ үзэл баримтлалтай угтана. Дотоод эв нэгдэлтэй, шинэчлэгдсэн дүрэмтэй, хамтын тэмүүлэлтэй, итгэл төгс угтана. Өнөөдөр (өчигдөр) бол түүхэн өдөр. Энэ өдөр үзэл баримтлалаа шинэчлэн баталсан байх юм.
Сүүлийн хоёр жилийн турш АН-ын анхан, дунд гээд бүхий л түвшинд хэлэлцүүлсэн үзэл баримтлал бол манай намын бодлогын жанжин шугам, үл зөрчих суурь зарчмууд байх юм. Монгол оронд сонгодог парламентын засаглалыг тууштай хөгжүүлэх нь АН-ын үнэт зүйл төдийгүй гишүүн бүрийн сахих үүрэг, хүлээх хариуцлага болно” хэмээн онцлов.
Мөн мөрийн хөтөлбөр буюу намын үзэл баримтлал, үндсэн дүрмийн төслийг хэлэлцэн баталж, Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх зэрэг долоон асуудлын талаар ярилцлаа. Намын даргынхаа улс төрийн илтгэлийг сонссоны дараа их хурлын хуралдаан хаалттай үргэлжилсэн юм.
“АЙМАГ, ДҮҮРЭГ, НИЙСЛЭЛИЙН ИТХ-Д НЭР ДЭВШИГЧДЭД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН КВОТ ТОГТООНО”
Энэ үеэр АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваанаас зарим зүйлийг тодрууллаа.
-Намын үзэл баримтлалд оруулж буй өөрчлөлтийн талаар тодруулахгүй юу?
-Бид үзэл баримтлалаа шинэчлэн батлаад 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс иргэд, гишүүддээ танилцуулах болно. Манай нам баруун төвийн үзэл баримтлалтай. Энэ чиг баримжаагаа хадгалах болно.
Мөн дунд шатны буюу аймаг, дүүрэг, нийслэлийн ИТХ-д нэр дэвшигчдэд эмэгтэйчүүдийн квот тогтоохоор дүрэмдээ оруулж байна. Үзэл баримтлалын тухайд С.Зориг агсны хэлсэнчлэн эрх ашгийн дарааллыг эрэмбэлэн юуны түрүүнд, үндэсний буюу Монгол Улсын эрх ашгийг ямагт тавих ёстойг үгчлэн оруулж байна.
Мөн АН сонгодог парламентын засаглалыг дэмжсэн байр суурин дээрээ байх болно гэдгээ илэрхийлсэн.
-Санхүүжилтээ ил тод болгох чиглэлд юу хийх вэ?
-Манайх санхүүгийн бүх тайлангаа ил тод мэдээлдэг. Гишүүдийн өгдөг татвар, хураамж, хандивыг хуульд заасан хэмжээнээс хэтрүүлэлгүй авч байгаа. Тайлангаа жил бүр аудитын байгууллагаар хянуулдаг.
-Анхан шатны байгууллагыг бэхжүүлэх чиглэлд ямар алхам хийх бол?
-2016 оноос хойш хийж буй гол өөрчлөлт бол намын хэвтээ тогтолцоог хагас босоо болгосон явдал. Энэ нь эргээд намын байгууллагууд амьд уялдаа холбоотой байх, хариуцлага тооцох механизмыг тодорхой болгож байгаа юм. Энэ хэрээр орон нутаг дахь намын байгууллагуудын эрх, хариуцлага нэмэгдсэн.
-Улс төрийн намын тухай хуулийг өөрчлөхөөр ярилцаж байна. АН ямар байр суурьтай байгаа вэ?
-Улс төрийн намын тухай хуулийг өөрчлөхийг АН дэмжиж байгаа. Ер нь нам доторх хариуцлага, ёс зүйн асуудлаа эхлээд сайтар шийдэх эрх зүйн орчин бүрдүүлэх ёстой. Намын сонгуульт албан тушаалтнууд хариуцлагатай, ёс зүйтэй байж төрд сонгогдсон тохиолдолд бодлогоо хэрэгжүүлэх боломж бүрдэнэ.