Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үндэсний чуулган өчигдөр боллоо. Хөгжлийн бэрхшээлтэй ч бие даан амьдрах хүсэлтэй 500 гаруй иргэн тулгамдаж буй асуудлаа хэлэлцсэн. Тухайлбал, төр тэдний нөхөн үржихүйн эрхийг хүчээр хязгаарлаж, жирэмслэхээс хамгаалах эм албадан өгдөг, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж муу байгааг шүүмжлэв.
Энэ талаар Эрүүл мэндийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунханд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хүргэх эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулахаар тодорхой ажлууд хийж буй.
Энэ жил өрхийн 100 эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан. Өрхийн эмнэлгийн ажилтнууд гэрээр очиж үзлэг хийхээс гадна сувилахуй болон лабораторийн үйлчилгээ үзүүлнэ. Хүүхэд асрах нь бүү хэл өөрийгөө авч явах чадваргүй хүн жирэмслэх нь бий.
Ийм тохиолдолд эхийн болоод ургийн амь насанд аюултай учир ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж асуудлыг шийддэг” гэсэн юм. “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад төр, төрийн бус байгууллагын түншлэлийг бэхжүүлэх нь” сэдвийн хүрээнд ХНХЯ-наас эл чуулганыг зохион байгуулсан билээ.
Жил бүрийн арванхоёрдугаар сарын 3-нд дэлхий нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахаар дуу хоолойгоо нэгтгэдэг. НҮБ-аас манай улсын Засгийн газарт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг бие даан амьдрахад туслахыг зөвлөсөн байна.