Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “MGL ramen” гэх хятад хоолны газарт жоом үүрлэсэн байсныг бид саяхан мэдээлсэн. Иргэдийн мэдээллийн мөрөөр тус газрыг шалгахад дээрх зөрчил илэрсэн юм билээ. Энэ мэт бохир заваан, эрүүл ахуйн шаардлага хангаагүй орчинд үйл ажиллагаа явуулдаг даварсан газруудтай таарвал та дуугүй өнгөрөлгүй, эсвэл ам мурийсан болоод хаялгүй холбогдох газруудад нь даруй мэдээлж, арга хэмжээ авхуулахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас зөвлөлөө. Чанаргүй бүтээгдэхүүн, хоол, хүнсээр үйлчилсэн байгууллага, аж ахуйн нэгжийг тус газрын 1800-1286 дугаарын утсанд мэдэгдвэл холбогдох дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэст гомдлыг шуурхай дамжуулж, арга хэмжээ авах боломжтой.
Ташрамд дурдахад, өнгөрсөн сар орчмын хугацаанд дээрх утсанд 98 иргэн ханджээ. Тэдний олонх буюу 71 нь бүтээгдэхүүн шинжилгээнд хамруулах, хилээр бараа бүтээгдэхүүн гаргахад бүрдүүлэх бичиг баримт хэрхэн бүрдүүлэх, хөдөлмөрийн харилцааны талаар зөвлөгөө, мэдээлэл авахыг хүссэн аж. Үүнээс гадна гэр хорооллын хашаанд хоол хийж зарлаа, муудсан махаар хоол хийдэг зоогийн газар байна, бензин дутуу шахсан, барилгад суулт үүслээ зэрэг 24 гомдол иржээ. Харин гурав нь мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүрэгт хамааралгүй байжээ.
Бэлтгэсэн: М.Оч