УИХ-ын үдээс өмнөх хуралдаанаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн үг хэлж, Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулиудад бүхэлд нь тавьсан хоригтоо тодотгол хийх тухай албан бичгийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн тул уг асуудлыг өчигдөр намын бүлгийн хурлаар хэлэлцэх шаардлагын үүднээс нэг өдрийн завсарлага авсан боловч бүлэг хуралдаж амжаагүй. Намын бүлэг одоо хуралдах шаардлагатай байгаа учраас бүлэгт хуралдах боломж олгохыг хуралдаан даргалагчаас хүссэн юм.
Иймээс намын бүлгийн даргын хүсэлтийн дагуу хуралдаан даргалагч чуулганы нэгдсэн хуралдааныг түр завсарлуулав.
Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн хурлын дараа Төсвийн болон Хууль зүйн байнгын хороод хуралдаж, Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулиудад бүхэлд нь тавьсан хоригтоо тодотгол хийх тухай Ерөнхийлөгчөөс ирүүлсэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах юм.