Өнөөдрийн УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Их Хурлын 2018 оны 79, 80 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэхээр төлөвлөөд байсан. Харин АН-ын бүлэг завсарлага авахыг хүсэхэд УИХ-ын дарга М.Энхболд хуулийн дагуу Ерөнхийлөгчийн хоригийг энэ сарын 28-наас өмнө чуулганаар эцэслэн шийдвэрлэх ёстой учир удаан хугацаагаар завсарлага авах боломжгүй хэмээн онцлоод хоёр цагийн завсарлага өгөөд байсан юм.
Тэгвэл үдээс хойших хуралдаанаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд тогтоолын төслийг уншиж танилцуулсан бөгөөд төгсгөлд нь Ерөнхийлөгч бүхэлд нь тавьсан хоригоо хэсэгчилсэн хэлбэрээр оруулж ирж байгааг мэдэгдлээ.
Ингэхдээ Хууль зүйн болон Төсвийн байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын зарим гишүүний гаргасан хүсэлтээр улс орны тусгаар тогтнол, эдийн засаг, нийгмийн хөгжлийн тогтвортой байдал, нийгмийн зүгээс хүлээлт үүсэж байгаа нөхцөл байдал зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр хоригт тавьсан асуудлуудыг уян хатан байдлаар шийдвэрлэх боломжтой хэмээн онцолжээ.
Мөн мал аж ахуйн гаралтай түүхий эд боловсруула, экспортлох үйлдвэрүүдийг байгуулах санхүүжилт гаргах боломж байгааг тодотгосон байна.
Чуулганы хуралдааны үеэр гишүүд хэсэг маргалдсаны үндсэн дээр МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн Ерөнхийлөгч хоригтоо тодотгол хийж байгаа тул бүлгийн хурлаар хэлэлцэх шаардлагатай тул хэлэлцэх асуудлыг хойшлуулж өгөхийг хүссэнээр хоригийг маргааш буюу баасан гарагийн чуулганы үдээс хойших хуралдаанаар хэлэлцэнэ гэдгийг УИХ-ын дарга хэллээ.