“Монголын хамгийн том их сургууль” гэх ойлгомжгүй, сүржин уриатай Монголын үндэсний их сургуульд энэ сарын 1-нд оюутан бүсгүй амаржсаныг нэгэн телевизийн мэдээнээс үзээд гайхах, эгдүүцэх зэрэгцэв. Гуравдугаар курсийн оюутан тэрбээр хичээлдээ сууж байтал гэнэт өвдөж, тус сургуулийн Анагаах ухааны сургуулийн багш, удирдлага эх барьж авсан юм байх. Эрдэм номын өргөөнд хүүхэд төрсөн тохиолдол дэлхийд ховор, Монголд анх удаа болж байгаа түүхэн үйл явдал гээд тус сургуулийнхан хүүд нь Төгс-Эрдэм хэмээх нэр хайрлаж, ирээдүйд үнэ төлбөргүй мэргэжил эзэмших батламж хүртэл гардуулаад сүйд. “Гэрийн төрөлт” л гэж сонссоноос бус, XXI зууны Улаанбаатар хотод, тэр тусмаа хажууханд нь ЭХЭМҮТ, “Гурван гал” эмнэлэг байсаар атал сургууль дээрээ “хадгалсаар” байгаад хүн төрүүлдэг манайх шиг улс хаана байх билээ дээ.
“Монголын хамгийн том их сургууль” гэдгээ батлах гэсэн хэтийдсэн амбийцаас нь болж хэрэв эх, хүү хоёрын эрүүл мэнд, амь ямар нэг эрсдэлтэй тулгарсан бол тэд юун ингэж баяр хөөр болох манатай. Арьсаа яаж хамгаалахаа л хамгийн түрүүнд бодох байсан гэдэгт мөрийцөхөд ч бэлэн байна.
Монголчуудын эрүүл мэндийн боловсрол тун хангалтгүй байгааг далимдуулан иргэд дээрээ “туршилт” хийх болсон төв эмнэлгүүдийн гаж жишиг хувийн хэвшлийнхэнд халдварлаж, хурдтай газар авсны илрэл нь энэ удаагийн тохиолдол гэлтэй. “Тэднийх ийм хагалгаа хийж байгаа бол манайхан ч чадах ёстой” гэж нэгэнтэйгээ барьцдаг эмнэлгүүдийн амбийц юунд хүргэж болохыг өнгөрсөн хавар бид бэлхнээ харсан. Улсын нэгдүгээр төв эмнэлгийнхэн түүхэндээ анх удаа зүрхний нээлттэй мэс засал хийж байгаа нь энэ гээд хэдхэн хоногийн зөрүүтэй хоёрын хоёр хүний эрдэнэт аминд хүрсэн билээ.
Тухайн үед УНТЭ-ийн Эмнэлзүй, сургалт эрхэлсэн захирал нь “Зүрхний нээлттэй хагалгаа хийх бэлтгэл ажил 2016 оноос эхэлсэн. Зүрх шилжүүлэн суулгах хагалгааны бэлтгэл болгож энэ мэс заслыг хийж, хөгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн тул АНУ-ын Ютагийн их сургуультай гэрээ байгуулан эмч нараа бэлтгэсэн. Мөн Улсын гуравдугаар төв эмнэлгийн ачааллаас хуваалцах үүднээс хамтран ажиллах санамж бичиг байгуулаад энэ хагалгааг хийсэн ч харамсалтай нь ийм байдал үүссэн” хэмээн тайлбарлаж байв. Нэг нэгнийхээ ачааллаас хуваалцах гэсэн нь зөв боловч сачий нь хүрэх, эсэхээ бодолцоогүйн хар гайгаар эрдэнэт хүний алтан амь үрэгдсэн эл харамсалтай явдлыг “Ар гэрийнхэн нь талийгаачдын цогцост задлан шинжилгээ хийлгэхгүй гэлээ” гэсхийгээд замхруулсан. Үнэхээр л Улсын гуравдугаар төв эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан бол зүрхний нээлттэй мэс заслыг өдөр тутам хийж дадсан тэндхийн эмч нараас байлцуулахад юу нь болохгүй байв. Эндээс манай эмнэлгүүдийн хувиа борлуулж, довоо шарлуулдаг бодит дүр төрх шууд харагдана.
“Эднийх ийм тоног төхөөрөмжтэй байхад манайх ч гэсэн адилхан авхуулах ёстой. Хүний юман дээр очиж бид хагалгаа хийнэ гэж байхгүй” гээд бие биетэйгээ уралдан хошуугаа унжуулсаар улсын төсвөөс давхар давхар зардал гаргуулахыг санаархдаг нь угаасаа нууц биш. Улсын сан хөмрөгөөс өч төчнөөн тэрбумаар нь “зулгааж” байж авсан өнөөх тоног төхөөрөмжүүдээ ашиглах мэдлэг, туршлагатай боловсон хүчин дутмагаас болоод цоо шинээр нь зэврээхэд хүрсэн гашуун сургамж ч бишгүй.
Хэсэгхэн хүний эрх ашгийг хамгаалсан энэ явцуу хандлага эмнэлгүүдийн удирдлагыг хооронд нь толхилцуулж, манай эрүүл мэндийн салбарын хөгжлөөс ч хойш чангаадгийг тогоонд нь насаараа “чанагдсан” хашир туршлагатай эмч, мэргэжилтнүүд нь хэлдэг. “Манайх шиг гуравхан сая хүнтэй орон эрүүл мэндийн салбарынхаа хүн хүч, хөрөнгө санхүү, бааз суурь гээд байгаа нөөц боломжоо зөв хуваарилах менежмент их чухал. Орон нутгийн болон улсын нэгдсэн төв эмнэлгүүд, Төмөр замын, Төрийн тусгай албан хаагчдын, Цэргийн төв эмнэлэг бүгд хувь хувийн эрх ашгаа бодоод, тал тал тийш харчихдаг. Хүн амын эрүүл мэндийн үзүүлэлт тийм ч сайнгүй байхад Монголын эмнэлгүүд хүн хүч, техник, тоног төхөөрөмжийн нөөц бололцоондоо тулгуурлаад “Манайх аль чиглэлийн тусламж үйлчилгээг чанартай сайн үзүүлэх боломжтой вэ” гэдгээрээ төрөлжиж хөгжих нь зүйтэй. Нэг нэгэнтэйгээ барьцаж, өрсөлдөж уралдах бус, хамтарч ажиллах нь чухал” хэмээн эрүүл мэндийн салбарт 40 гаруй жил ажилласан анагаах ухааны доктор, клиникийн профессор Ш.Жаргалсайхан ярьсан удаатай.
Эмнэлгүүд хувийн амбийцаа жаахан дараад, шаардлагатай тохиолдолд нэг нэгнийхээ дутууг нөхөөд хамтарч ажиллах эр зориг гаргаснаар үр өгөөжийг нь монголчууд л хүртэнэ. Засгийн газрын болон салбарын яамны бодлого ч эмнэлгүүдийн бие даасан хараат байдлыг дэмжих, тэгэхдээ төрөлжүүлэн хөгжүүлэхэд чиглэж байгаа юм билээ. Гэтэл хамгийн сүүлд авсан мэдээллээр ЭХЭМҮТ-ийнхөн хүүхдийн элэг шилжүүлэн суулгах мэс заслыг эмнэлэгтээ хийдэг болох зорилт тавиад, бэлтгэл ажлаа хангаж байгаа сурагтай. Манайд одоогоор Улсын нэгдүгээр төв эмнэлгийнхэн элэг, бөөр шилжүүлэх суулгах мэс засал хийж, овоо дадаад буй. Гэтэл хажуугаар нь “Хүүхдийн элэг шилжүүлэн суулгах мэс заслыг манайх авна” гэж зэрэгцэх шалтгаан, үндэслэл юу байгаа юм бол. Ямартай ч мөдхөн Засгийн газраар хэлэлцүүлэн батлуулахаар олон нийтээс санал авч байгаа “Эмнэлгийн мэргэшсэн тусламж үйлчилгээ үзүүлэх журам батлах тухай” сайдын тушаалд лав эрхтэн шилжүүлэн суулгах нь зөвхөн Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хамаатай юм билээ.
Хэзээнээсээ тархи, нуруу нугас, мэдрэл, зүрх судасны эмгэгийн оношилгоо, эмчилгээгээр бусдаасаа ялгардаг Улсын гуравдугаар төв эмнэлэгт хүүхдийн зүрх, судасны нээлттэй болон ангиографийн (судсан дотуурх мэс засал) тусламж үйлчилгээ үзүүлдэг байтал ЭХЭМҮТ-ийнхөн “Хүүхдийн зүрхний ангиографийн оношилгоо, эмчилгээг бид өөрсдөө хийнэ” гээд асар үнэтэй тоног төхөөрөмж авхуулсан гэх. Харин тус төвийнхөн дээрх тоног төхөөрөмжийнхөө ид шидийг гаргаж байгааг хэлэх ёстой. Гэхдээ л “Болдог юм билээ” гээд хүүхдийн гэсэн тодотголтой хагалгаа бүхнийг хийнэ гэж улайран зүтгэвэл эрсдэлтэйг хэлэх юун. Тухайлбал, Монгол Улсын хэмжээнд бүх төрлийн хавдрын тусламж, үйлчилгээг дангаараа үзүүлж буй Хавдар судлалын үндэсний төвийнхөн ачааллаа дийлэхгүйдээ “Боломжтой бол эмнэлгүүд рүү хавдрын тусламж үйлчилгээг тараамаар байна” гэдэг ч угтаа тэндхийн жинхэнэ шижир гарт эмч нар шиг онол, практикт нэвтэрсэн боловсон хүчин манайд нүдний гэм учраас энэ нь одоохондоо биелшгүй мөрөөдөл гэхэд болно.
Засгийн газрын 2017 оны 24 дүгээр тогтоолоор баталсан “Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэх зорилготой дээр дурдсан журмын төслөөс харин нэг өгүүлбэр анхаарал татсан нь “Өмчийн хэлбэрээс үл хамааран эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах”. Наад зах нь “Хувийн эмнэлэгт хэчнээн өндөр үнээр шинжилгээ өгсөн байх чинь хамаагүй. Заавал манайд дахиад шинжилгээ өгөх ёстой” гэж иргэдийг чирэгдүүлдэг байдал үүгээр цэгцэрчих юм биш байгаа гэсэн найдлага тавиад байгаа хэрэг шүү дээ. Бичгийг нь шагайж ч хараагүй байж “Наад эмнэлгийн чинь шинжилгээний дүнг манайх хүлээн зөвшөөрөхгүй” гээд тухайн хүний гарзадсан цаг зав, хөрөнгө мөнгийг юман чинээ боддоггүйг мэдэх зовлон нэгтнүүд олон биз.
Түүнчлэн “Эмнэлгийн тусламж, үйлчилгээнд “Үйлчлүүлэгчийг буцаахгүй байх” гэсэн зарчим баримталж, иргэний бүртгэл, харьяалал, бичиг баримтын бүрдлээс үл шалтгаалан өвчний оношийг баталгаажуулсны дараа шаардлагатай эмнэлэгт нь шилжүүлэх, эмнэлгээс гарсны дараа үргэлжүүлэн хийх эмчилгээний тасралтгүй байдлыг хангана” гэсэн бас нэг өгүүлбэрт олзуурхахаас аргагүй. Гэхдээ энэ нь нэг нэгнийхээ урдуур орж, эсвэл “Манайх л эмчилсэн” гэж нэгнээ үгүйсгэн амбийцална гэсэн үг ерөөс биш. Эцсийн дүндээ монгол хүн бүр эмнэлгийн тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй, хүндрэл чирэгдэлгүй авдаг байж, хүн амын эрүүл мэндийн үзүүлэлт сайн гарвал та бүхнийг дүгнэх ганц хэмжүүр тэр байх болно.