Хувийн эмнэлэгт үзүүлэхээр “өнөө, маргаашгүй” болчихдог. Харин улсын эмнэлэгт очихоор мөддөө үхэхгүй гэнэ. Бид ийм байдалтай хэдийн эвлэрсэн. Нөгөө талаар улсын эмнэлгүүдэд тоног төхөөрөмж дутмаг, ачаалал ихтэй, цаг олддоггүйгээс иргэд аргагүйн эрхэнд халаасаа тэмтэрч, хувийн хэвшлийг зорьж буй. Гэвч салбарын сул орон зайд “тоглолт хийж” гарч ирсэн хувийн эмнэлгүүд сүүлийн жилүүдэд хэрээс хэтэрлээ. Нийтээрээ тийм биш ч, эрүүл мэнддээ гар татахгүй иргэдийн сэтгэл зүйгээр даажигнан, хуурамч онош тавьж, авах, “идэхээ” урьтал болгодог эмнэлэг цөөнгүй байна.
Баримт ¹1
27 настай Б урьдчилан сэргийлэх шинжилгээ хийлгэхээр гэрийнхээ ойролцоох нэгэн хувийн эмнэлэгт хэдэн сарын өмнө хандсан тухайгаа бидэнд хэлэв. Тэрбээр улсын эмнэлгийн эцэс, төгсгөлгүй дарааллаас бэргэж, хувийнхад хандсан биш өнөө, маргаашгүй үхэх нь гэх гашуун мэдээ сонсжээ. Учрыг тодруултал, “Шинжилгээгээр бэлгийн замаар дамждаг, заг хүйтэн илэрсэн. Нэлээд хүндэрсэн байна. Яаралтай эмчлүүлэхгүй бол амь насанд чинь аюултай. Нөхөртэй бол хамт эмчлүүл” гэжээ. Айж, сандарсан Б энэ тухайгаа нөхөртөө хэлж, “Чи л надад өвчин халдаалаа. Өөдгүй амьтан, чамаас сална” хэмээн хэсэг маргалдаж, муудсаны эцэст өнөөх эмнэлэгтээ нөхрөө хөтлөөд очсон байна. Энэ хооронд эхнэр, нөхөр бие биедээ үл итгэн, нэгнээ хардаж, гүтгэсэн хэвээр. Эмч хос хоёрт тус бүр 100 мянган төгрөгийн ганц тариа хийлгэхийг зөвлөжээ. “Тариулаад л эдгэрчихнэ” гэх нь тэр. Гэтэл Б-гийн нөхөр гэнэт хар авч, эхнэрээ өөр газарт очиж, оношоо баталгаажуулъя гэснээр тэд дүүргийн эмнэлэгтээ хандсан аж. Гайхал эмчийн тавьсан онош ч зөрж, Б-д бага зэргийн үрэвсэл илэрсэн байна. Гэр бүлийн харилцааг нь сэвтүүлж, хагаргаж, бутаргах дээр нь тулгасан ёс зүйгүй эмчийн талаар тэд Иргэдийн санал хүлээн авах “11-11” төвд мэдэгдсэнээр хэргийн үнэн мөнийг олжээ. Мэргэжлийн хяналтын байгууллагаас түүнтэй холбогдож, учир явдлыг нь сонсоод, тухайн эмч, эмнэлгийг шалгахаа амлаад, утсаа салгажээ.
Сар гаруйн дараа Б нөгөөх байцаагч руу холбогдож, юу болсныг лавлатал “Хөөрхий, ядарсан эмч байна лээ. Бөөрний дутагдалтай гэсэн. Эмчилгээний зардлаа олох гэж л тийм юм хийжээ. Энэ хэргийг хаасан” гэх нь тэр. “Хэн ч өвчтэй, зовлонтой байж болно. Гэхдээ ийм арчаагүй үйлдлээр эмчилгээний мөнгөө олж болох уу. Мэргэжлийн хяналтынхан нь ч гэсэн мөнгө авсан юм байлгүй. Хэрэг хийсэн хүнийг “хөөрхий амьтан” гээд толгойг нь илээд өнгөрсөн. Бидний сэтгэл зүйгээр тоглож, доромжилчихоод хариуцлага хүлээгээгүй. Одоо ч гэсэн тэр эмч хүмүүст худал онош тавьж, мөнгө авсаар байгааг үгүйсгэхгүй. Эмчийн тангараг, ёс зүй гээч нь хаана байна” хэмээн Б гомдоллосон. Арга ч үгүй биз.
МХЕГ-аас жил бүр 450-500 эмнэлгийг төлөвлөгөөний дагуу шалгадгийн 75 хувь нь хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага аж. Үүнээс гадна жилд дунджаар хувийн 70-85 эмнэлгийг гэнэт шалгадаг гэсэн. Тус газрын улсын ахлах байцаагч Б.Оюунцэцэг “Мэргэжлийн хяналтын байгууллагад эмнэлгийн тусламж, үйлчилгээ, эмч, мэргэжилтнүүдийн ёс зүй, харилцаа хандлагатай холбоотой санал, гомдол ирэх тохиолдол буурахгүй байна. 2017 онд нийт гомдлын 82 хувийг иргэд, үлдсэнийг нь аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлжээ. Эрүүл мэндийн байгууллагатай холбоотой гаргасан гомдлын 87 хувь нь тусламж, үйлчилгээ, найман хувь нь эмч, мэргэжилтний ёс зүй, таван хувь нь төлбөрт үйлчилгээний талаар байна. Тодруулбал, бүх шатлалын эмнэлгийн үйл ажиллагаатай холбоотой санал гомдлын тал шахам нь хувийн эмнэлэгт хандсан байдаг. Үүнд шүд дутуу эмчилсэн, лабораторийн шинжилгээний хариу буруу гаргасан, ёс зүйгүй харилцдаг, эмчилгээний төлбөр буцааж авах, эмнэлгийн үйл ажиллагааг шалгуулах, эм бүртгэлтэй, эсэхийг тодруулах, эм, тариа буруу хийж, хүндрэл учруулсан, эмч, мэргэжилтнүүд нь эмчлэх эрхийн зөвшөөрөлтэй, үгүйг тодруулж өгөхийг хүсдэг. Эдгээрээс эх барих, эмэгтэйчүүдийн өвчний талаарх гомдол гуравны нэг хувийг эзэлж байна” гэж ярив.
МХЕГ-т бүртгэж, шийдвэрлэсэн гомдлын 58 хувь нь үндэслэлтэй байдаг аж. Тэд иргэдийн гомдлыг шийдвэрлүүлэхдээ ЭМЯ-ны дэргэдэх Мэс засал, Эм зүй, Чих, хамар, хоолой, Дүрс оношилгооны мэргэжлийн салбар зөвлөлд ханддаг бол заримыг нь цагдаагийн байгууллагад шалгуулахаар шилжүүлдэг байна. Мөн зөрчилтэй зарим эмнэлгийн үйл ажиллагааг түр зогсоох, хууль бусаар олсон орлогыг нь хураах, шалгалтын явцад илэрсэн дутагдлыг арилгуулахаар хугацаатай үүрэг өгч, хэрэгжилтэд нь хяналт тавьж, гомдол шийдвэрлэсэн талаараа иргэд, байгууллагад хариу өгдөг байна.
Баримт ¹ 2
30 настай А жирэмслэхээс хамгаалах ерөндөг, суулгац тавиулахаар эмэгтэйчүүдийн эмнэлэгт очтол “Умайн хүзүүний суваг улайсан, шарх нь хүндэрсэн” гэж оношлоод 200 гаруй мянган төгрөгийн эм, тариа санал болгожээ. Гайхсан А оношоо баталгаажуулахаар улсын эмнэлэгт хандтал цоо эрүүл гэсэн байна. Хүний эрүүл мэнд бизнес биш гэдгийг ухамсарлаагүй жишээ үүгээр дуусахгүй. Нийслэлийн Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвд өнгөрсөн сарын 18-21-нд нарийн мэргэжлийн эмч нар очиж, эмэгтэйчүүдийн үзлэг, шинжилгээ хийсэн аж. Гэтэл үзсэн эмэгтэйчүүдийнхээ бараг 90 хувийг шарх, хавдартай гэж оношлон, умайн хүзүүгээ тайруулахыг зөвлөсөн гэж тус дүүргийн иргэн хэлэв. Үйлчлүүлэгчдийг ингэж айлган сүрдүүлэхийн сацуу улсын эмнэлэгт үнэгүй хийлгэдэг шинжилгээг 20 мянган төгрөгөөр авсан байх юм. Мөнгө төгрөг нь дүүрч гэхэд ЭХО-ны цус нөж болсон зураг бүгдэд нь хэвлэж тараан, хотын төвд байрлах хувийн эмнэлгийнхээ хаяг, утсыг зааж өгсөн гэх. Хамгийн аймшигтай нь нэг гэр бүлийн таван эмэгтэйг умайн хүзүүгээ тайруулах шаардлагатай гэснээр тэднийг сэтгэл зүйн хүнд дарамтад оруулжээ. “Арай ч үгүй байлгүй дээ” гээд хоёр хоногийн дараа шинжилгээнийхээ хариуг дахин нягталж үзтэл бүгд эрүүл байх нь тэр. Тэд Эрүүл мэндийн төвийн удирдлагад энэ талаар гомдол гаргасан ч огт авч хэлэлцээгүйн дээр “Хэн та нарыг үзүүл гэсэн юм бэ” хэмээн ундууцсан гэв.
Үүнтэй төстэй гомдлын мөрөөр шалгалт хийж, зөрчил илрүүлж байсан, эсэхийг МХЕГ-ынхнаас лавлахад “Эмч эм зарж борлуулсан, хийсэн шинжилгээний хариу нь буруу гарсан баримттай үед л бид хяналт шалгалт явуулна. Улсын эмнэлэгт ажилладаг эмч хувийн хэвшилд давхар ажил эрхлэхийг хуулиар хориглоогүй. Харин үйлчлүүлэгчийг шинжилгээ, эмчилгээ хийлгэхээр хувийнхаа эмнэлэг рүү явуулсан баримт байвал тодруулахад бэлэн байна” гэсэн юм.
Улсын хэмжээнд 2017 оны байдлаар хувийн 1466 эмнэлэг үйл ажиллагаа явуулж буйгаас 1226 нь үүдэн буюу өдрийн эмчилгээ хийдэг. Үлдсэн нь хэвтүүлэн эмчлэх ортой юм байна. Сүүлийн үед төрөөс хувийн хэвшлийнхнийг дэмжиж, даатгалаас хөнгөлөлт, урамшуулал хүртээж байхад энэ мэтчилэн иргэд рүүгээ нулимах нь хэр зохистой юм бол. Хувийн том эмнэлгүүд үйлчлүүлэгчээ эрүүл байсан ч дор хаяж 2-3 эмч рүү илгээж, шинжилгээ авхуулан, халаасыг нь тэмтэрдэг адгийн тогтолцоотой болсон гэх сураг ч сонсогдоно. Статус нь хувийнх байхаараа хэнд ч захирагдахгүй, дур зоргоороо аашилж, хүссэн үнээ тогтоож болдог юм уу. Мэргэжлийн хяналтын байгууллага нь хүртэл иргэдийн санал, гомдлоор л шалгана гээд дүлий дүмбэ царайлж сууна. Харин хувийн эмнэлгийн эмч нар нь 100 мянган төгрөгийн ганцхан тариа хийгээд л үхэх өвчтэй хүнийг аварчихаж байна, “гайхалтай” гэхээс өөр юу хэлэх вэ.