Байгаль, цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалан зөвхөн Монголд ч гэлтгүй, дэлхий дахинд хөрсний үржил шим муудан, га-гаас авах ургацын хэмжээ багасаж, гадаргын болон гүний ус улам бүр хомсдох болсон тул олон улс орон 2030 он хүртэлх хөгжлийн төлөвлөгөөндөө органик хүнсний үйлдвэрлэлийг ихээхэн чухалчилж буй. Манай улсын хувьд ч нэг том зорилго нь 2030 он гэхэд хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийнхээ таван хувийг “органик” гэсэн баталгаажуулалттай болгох. 2017 оны эхний байдлаар 87 улс органик хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг зохицуулсан хууль эрх зүйн орчинтой болсны нэг нь Монгол.
Органик хүнсний тухай хууль өнгөрсөн оны нэгдүгээр сараас хэрэгжих ёстой байсан ч шинэ тутам эрх зүйн орчин учраас дагаж мөрдөх журмуудаа батлахаас эхлээд бэлтгэл хангах хугацаа хэрэгтэй гээд нэг жилээр хойшлуулсан. Гэвч жил гаруй хугацаанд бэлтгэл хангасан хуулийн хэрэгжилт өдгөө үйлдвэрлэгчдийн түвшинд байтугай, төрийн байгууллагуудын хэмжээнд ч төдий л хангалтгүй байгааг салбарын яамныхан нуугаагүй. Хууль нь батлагдаад хоёр жил шахам болж байхад түүнийг хэрэгжүүлэхийн тулд баримтлах, дагаж мөрдөх журмуудаа сөхөж ч хараагүй төрийн албан хаагч өчнөөн байгаад халаглан толгой сэгсрэх эрхэмтэй саяхан уулзсан юм.
Монгол Улсын хүн амын дунд зонхилон тохиолдож буй хоол тэжээлээс хамааралтай эмгэгийн тэргүүлэх шалтгаанаар “Өрхийн хүнсний баталгаат байдал алдагдсан” гэдэг үзүүлэлт цоллуулаад буй өнөөгийн нөхцөлд органик хүнсний тухай ярих нь зүйн хэрэг. “Хоол тэжээлийн үндэсний V судалгаа”-ны дүнгээр монгол айл өрхүүдийн 23 хувьд нь хүнсний баталгаат байдал ноцтой алдагдаж “өлсгөлөнгийн” хэмжээнд хүрсэн бол 28 хувьд нь энэ үзүүлэлт “дунд зэрэг” гэсэн дүнтэй байсныг эргэн сануулъя.
Үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалах бодлогын гол цөмд, хамгийн орой дээр нь эрэмбэлэгдэх ёстой салбар бол хүнс гэдэг. Аль ч улс оронд хүнсний аюулгүй байдлыг бүхнээс дээгүүрт тавьж, хамгийн түрүүнд анхаарлаа хандуулдаг. Гэтэл Монголд хүнсний аюулгүй байдлыг хүрээлэн буй орчны болон эдийн засгийн, эсвэл хөдөлмөрийн аюулгүй байдал гэх мэт бусад салбартай нэг зиндаанд адилтгаж үздэг учраас энэ асуудалд аль ч шатандаа хойрго ханддаг гэнэ. Дээрээс нь социализмын үеийнх шиг хөдөө аж ахуйн шинэ технологи, шинэ арга аргачлал нэвтрүүлэх үйлчилгээ манайд аль хэдийн үгүй болоод 30 шахам жилийн нүүр үзсэн тул органик хүнсний үйлдвэрлэл рүү ханцуй шамлаад орох хүн хүч, бааз суурь ч хаана хаанаа байдаггүй аж. Тиймээс “Хуулийн дагалдах журмуудаа л баталчихвал бид сав, баглаа боодол, хаяг шошгоо цэгцлээд, жинхэнэ органик хүнс үйлдвэрлэхэд бэлэн” гээд байсан хүмүүсийн дуу өдгөө цаашаа орсонд тэднийг шууд буруутгах аргагүй гэлтэй. Тэгээд ч үйлдвэрлэл эрхлэгч бүрийг “Та нар заавал органик бүтээгдэхүүн үйлдвэрлэ” гэж хуулиар албадан тулгаагүй.
Аж ахуйн нэгж болон малчид, тариаланчид органик үйлдвэрлэлд шилжих, эсэх нь тэдний сайн дурын хэрэг. Та “Органик хүнс” гэсэн шошготой бүтээгдэхүүн үйлдвэрлэж, худалдаж байгаа бол түүнийгээ батал, чадахгүй бол хэрэглэгчдийг төөрөгдүүлж, хуурах шаардлагагүй л гэсэн үг. Энэ нь малчид, тариаланчдад ч хамаатай. Органик хүнс үйлдвэрлэхийн ач тусыг товчхондоо бол “Байгаль орчинд ээлтэй хандлагыг дэмждэг хэрэглэгчдэд илүү сонголт өгч байгаа хэлбэр” гэж тодорхойлдог. Гэхдээ үүний цаана хүн төрөлхтний ирээдүйд хамаатай, эх байгалийн нөөцийг хэмнэхтэй холбогдох өчнөөн чухал асуудал, ямар өргөн агуулга оршиж буйг мэдэх тусмаа хэрэглэгчид ийшээ хошуурдаг байна. Тиймээс органик хөдөө аж ахуйн салбарын эрх зүйн зохицуулалтын гол цөм нь зах зээлд нийлүүлж буй органик гэсэн хаяг шошготой хүнсний бүтээгдэхүүнийг үнэн зөв баталгаажуулан, хэрэглэгчдэд хүргэхэд оршдог.
Органик хүнсний үйлдвэрлэл бол бүх зүйл нь тов тодорхой, нарийн схемчлэгчдсэн тогтолцоо учраас 100-гаад жилийн баялаг туршлагатай дэлхий нийтээс суралцаад, нэгэнт хэвшүүлчихвэл цааш үргэлжлүүлээд авч явахад хялбар гэдгийг ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын органик хүнсний асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Тунгалаг хэлэв. Одоогоор тэд органик хүнсний бүртгэл, баталгаажуулалтын мэдээллийн нэгдсэн сан бүхий цахим хуудас хийж, бүртгэлийн журмаа батлуулсны зэрэгцээ “Энэ бол органик бүтээгдэхүүн мөн” гэдгийг гэрчлэх лого тэмдгээ Оюуны өмчийн газарт бүртгүүлэн, олон улсын баталгаажуулалтын байгууллага руу явуулчихаад хариугаа хүлээж буй аж. Ийнхүү Монголын малчид, газар тариалан эрхлэгчид органик хүнсний үйлдвэрлэл рүү шилжихэд хууль эрх зүйн талаас шаардлагатай зүйлүүд сууриараа ерөнхийдөө цэгцэрчээ. Харин одоо дээрх хууль журам хөдөө аж ахуйн өдөр тутмын үйл ажиллагаанд нэвтэрч, амьдралд хэрэгжихэд хамгийн түрүүнд тулгамдаж буй гол зүйл нь боловсон хүчний асуудал гэнэ.
“Мал аж ахуй, газар тариалангийн органик үйлдвэрлэлийн, цэвэр байгалийн гаралтай Монгол Улсын болон олон улсын шаардлага хангасан түүхий эд, бүтээгдэхүүнийг органик хүнс гэнэ” гээд Органик хүнсний тухай хуульд заачихсан байгаа. Органик гэдгийг нь тэгвэл хэн мэдэж, яаж баталгаажуулах вэ. Дээрх хуульд гурван төрлийн байгууллага Монгол Улсын нутаг дэвсгэрт баталгаажуулалт хийнэ гэж тусгасан бөгөөд манай одоогийн нөхцөлд хамгийн тохиромжтой хувилбар нь хамтын баталгаажуулалтын байгууллага гэнэ. Энэ нь орон нутгийн малчид, газар тариалан эрхлэгч хоршоод нэгдээд, нөхөрлөл хэлбэрээр хамтын баталгаажуулалтын байгууллага байгуулж, бие биедээ хяналт тавьдаг тогтолцоо юм. Гэхдээ тэднийг органик хүнсний үйлдвэрлэлийн тогтсон схемийн дагуу удирдан зохион байгуулж, мэргэжил арга зүйгээр хангах чадварлаг боловсон хүчний хэрэгцээ тун их байгааг Стандарт, хэмжил зүйн газраас эхлээд төрийн байгууллагууд дуу нэгтэй хүлээн зөвшөөрчээ.
Тэгвэл энэ чиглэлээр боловсон хүчин бэлтгэх учиртай сургалтын гол байгууллага болох ХААИС-ийн Агроэкологийн сургуулийнхан арай өөр байр суурьтай байна. “Дэлхий нийтээрээ өдгөө байгальд ээлтэй, органик газар тариалан руу яаж шилжих вэ гэдгийг бодолцож байна. Тиймээс энэхүү чиг хандлагыг дагаад манай сургууль ч таван жилийн өмнөөс агрономич мэргэжлийнхээ сургалтын төлөвлөгөөнд органик газар тариалан гэдэг хичээлийг оруулж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, зөвхөн ерөнхий агрономичдыг бэлтгээд зогсохгүй, ургамал хамгааллын байгальд ээлтэй, сүүлийн үеийн арга технологиудыг мэддэг мэргэжилтнүүдийг давхар бэлтгэж байгаа. Харин тэднийг зохих ажлын байранд нь авч байна уу гэдэг өөр асуудал. Урьд нь төгссөн ерөнхий агрономичдыг ч органик газар тариалангийн чиглэлээр давтан сургаад авч болно” хэмээн тус сургуулийн Газар тариалан, хөрс судлалын тэнхимийн багш, доктор, профессор О.Мөнхжаргал ярив.
Ийнхүү нэг талд “Боловсон хүчин дутагдалтай байна” гээд, нөгөө талд нь “Манайх органик газар тариалангийн чиглэлээр мэргэжилтнүүд бэлтгэж байгаа шүү дээ” хэмээн аанай сууж байх зуур ажил удааширч буй нь үнэн. Аз болоход Сэлэнгэ аймгийн 11 сум, хоёр тосгоны 30-аад хоршоог хамарсан томоохон төслийг “АДРА Монгол” олон улсын байгууллагаас хэрэгжүүлэхээр болжээ. Тодруулбал, хүнсний ногоо, газар тариалангийн 22, зөгийн аж ахуй эрхэлдэг дөрөв, сүү цагаан идээ боловсруулдаг, гар урлал хийдэг гээд нийт 30-аад хоршоог нэгтгэн дундын хоршоо байгуулаад, орон нутгийн иргэдийг органик үйлдвэрлэлд дадлагажуулан сургаж эхлээд байгаа аж. Гурван жилийн хугацаанд хэрэгжих “Органик хөдөө аж ахуйн түншлэл” төслийн хүрээнд хамтын баталгаажуулалтын байгууллагууд бий болж, Сэлэнгийн гэсэн тодотголтой, жинхэнэ органик хүнсний ногоо, зөгийн бал зах зээлд нийлүүлэгдэх гэнэ.
“Органик хөдөө аж ахуйн системийг нэвтрүүлэхийн тулд бүр анхан шатны нэгжээс нь эхлээд ажиллах нь манайд илүү үр дүнтэй. Малчид, тариаланчдад органик үйлдвэрлэлийн ач холбогдлыг ойлгуулж, хэдий хугацаанд, хэрхэн яаж шилжихийг бодитоор зааж сургаад, элдэв химийн нэмэлт хэрэглэхгүй, хариуцлагатай байх хяналтыг өөрсдөөр нь хийлгэх замаар бүтээгдэхүүнийг нь баталгаажуулах юм. Ингэснээр энэ олон хяналтын байгууллага хүн хүч, цаг, хөрөнгө зарцуулах шаардлагагүйгээр тээвэрлэлт хүртэлх хариуцлагын асуудлыг шийдэж болно. Мөн эдгээр үйлдвэрлэгчийнхээ органик бүтээгдэхүүнийг ченжийн оролцоогүйгээр худалдан борлуулах маркетингийг нь бид хийж, үйлдвэрлэгчээс шууд хэрэглэгчийн гар дээр очдог тогтолцоо нэвтрүүлэхээр ажиллаж байна” хэмээн “Органик хөдөө аж ахуйн түншлэл” төслийн органик хөдөө аж ахуй хариуцсан зөвлөх Г.Гантулга ярилаа.
Тариаланчид ахиу ургац авахын тулд нэмэлт бордоо, элдэв технологи ашиглаж хөрсөө бохирдуулсан бол, малчид малаа илүү тарга тэвээрэг авхуулах гээд өндөр тунгаар янз бүрийн эм тариа хийсэн тохиолдолд тэр нь хоёр жилийн дараагаас эрүүлжиж, органик бүтээгдэхүүн үйлдвэрлэх нөхцөл бүрддэг тул энэ мэт эрсдэлийг үүрээд зүтгэх хувь хүн, жижиг аж ахуйн нэгж ховор гэцгээж байлаа, өнгөрсөн хавар. Тиймээс АПУ, “Талх чихэр” зэрэг томоохон аж ахуйн нэгж санаачилгаараа органик сүү, гурил үйлдвэрлэе гээд анхан шатны нийлүүлэгчдээ сургаж, дадал хандлагыг нь өөрчлөх хэрэгтэй байна гэсэн горьдлого, хүлээлт бас байв. Тэгсэн газар тариалангийн өлгий нутаг Сэлэнгийнхэн хууль ёсны органик үйлдвэрлэлийн анхны шанг татаж, хамтын баталгаажуулалтын ууган байгууллагын эзэд болох учиртай байж. Ямартай ч органик үйлдвэрлэлийн их сунгаа гарааны зурхайгаас хөдөлсөн нь сайн хэрэг.