УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанд Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан ипотекийн зээл олголтын байдал, цаашид авах арга хэмжээний талаар танилцуулав. Энэ үеэр Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Монголбанк ипотекийн зээлийн эргэн төлөлтөөс 200, Засгийн газраас 110 тэрбум төгрөгийн санхүүжилт хийснээр сард 30 тэрбум төгрөг арилжааны банкуудад очиж байна.
Монголбанк зээлийн хүүгээ дөрөв байсныг нэг хувь болгосноор арилжааны банкны санхүүжилтийн эх үүсвэр хямдарна. Ингэснээр арилжааны банкууд ипотекийн зээлийн эх үүсвэрээ нэмэгдүүлж, 200 тэрбум төгрөгт хүргэвэл сардаа 50-60 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгож, хүртээмж нь нэмэгдэнэ” гэж байлаа. Түүнчлэн ипотекийн зээлийн эрэлтийг хангаж, хүртээмжийг нэмэгдүүлсний дараа хүүг нь багасгах алхам хийж болно хэмээн тайлбарласан юм.
Мөн Барилга, хот байгуулалтын яамнаас Улсын төсвөөс санхүүжих орон сууцны хөнгөлөлттэй зээлийн журмын төсөл боловсруулж, Засгийн газарт өргөн барих гэж буй юм байна. Уг журмаар ипотекийн зээлийг анх удаа авах гэж байгаа иргэд, гэр хорооллын өрхийг орон сууцжуулах, ашиглалтын хугацаа дууссан болон амины орон сууцаа инженерийн шугам сүлжээнд холбоход иргэдийг бодлогоор дэмжихээр тусгасан гэдгийг салбарын сайд нь онцолсон.