УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа дөнгөж сая мэдэгдэл хийлээ. Тэрбээр “ЖДҮХС-гийн талаар яагаад хэн ч, юу ч дуугарахгүй байна вэ. ХХААХҮ-ийн сайдыг огцруулснаар энэхүү асуудал намжих байх гэсэн хүлээлт манай удирдлагуудын дунд байна хэмээн би хардаж байна. Энэ бол ийм зүйлээр зогсох ёсгүй. Иймээс өнөөдөр би УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт шаардлага хүргүүлнэ. ЖДҮ-ийг тойрсон асуудлаар нийгэмд үүсээд буй энэ бухимдлыг зогсооход тодорхой арга хэмжээнүүдийг авах ёстой юм. Ер нь намайг намын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын даргатай тэрсэлдэж, Засгийн газрыг унагаахаар оролдож эхэллээ хэмээн ярьж байна. Би намын даргатай тэрсэлдээгүй, түүнийг шүүмжлээгүй. Би Монгол Улсын Ерөнхий сайдыг шүүмжилсэн. Үндсэн хуулиар бүрэн эрх нь олгогдсон гурван хүнийг шүүмжилсэн. Би ил тод шүүмжлэлийг зөрчил гэж үзэхгүй байна. яагаад гэвэл шүүмжлэл ид тод, нээлттэй байх тусмаа алдаа оноогоо засах боломж олгодог.
Бид зөв шүүмжилж байж энэ алдаа оноогоо шүүмжлэх ёстой. Гагцхүү хэлсэн шүүмжлэлийг зөрчил, атаа хорсол эсвэл шүүмжлэл гэж хүлээж авах нь уу гэдгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн улстөрийн ухааны цар хүрээ харуулах биз ээ.
Ерөнхий сайд чуулган дээр болоод бүлгийн хуралдаан дээр хэд хэдэн удаа болчимгүй үйлдэл хэлсэн. Ерөнхий сайд "Би өнөөдөр болохгүй бол ард түмнээсээ дэмжлэг хүснэ, УИХ-ыг тараана, дараа нь Засгийн газрыг огцруулж, би өөрөө огцорно" гэж яриад байна. Ийм шат дарааллаар явах ёсгүй. УИХ-ыг тараадаг эрх УИХ-аас байгуулдаг Засгийн газарт байхгүй.
Жижиг дунд үйлдвэрийн дуулианыг улс төрийн хийрхэл болон Үндсэн хуулийн зөрчлөөр дарна гэж байхгүй.
Сүүлдээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр над руу дайрч, давших явдал олонтаа гарч байна. Д.Хаянхярваа ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан гишүүдийг хаацайлаад, У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах гэж байна гээд байгаа. МАН-ыг ард түмэн сонгохдоо УИХ-аа тарааж тогло, засаг төрөө бусниулж тогло гээгүй. Бидэнд тамирдсан шударга ёсыг тогтоо, зарчимтай ажилла, амласан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүл, ард түмнийхээ төлөө ажилла, эдийн засгаа сэргээ гэсэн даалгавар өгсөн. Тиймээс л энэ бүхнийг У.Хүрэлсүхийн Засгийн газраас шаардана.
УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт хандаж, ЖДҮХС-аас зээл авсан гишүүд болон шат шатны хүмүүст хариуцлага хүлээлгэх, УИХ-ын гишүүдийн ёс зүйн хороогоор оруулж, хууль хяналтынханд шилжүүлэх, УИХ, Засгийн газрын гишүүдийг болон нэр холбогдсон намын удирдах албан тушаалтнуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шаардлага хүргүүлж байна. Үүний дараа над руу нэлээдгүй дайрч давшлах байх. Гэхдээ би айхгүй. Учир нь би ямар ч тендэр, зээл зэрэг хөрөнгө санхүүгийн холбогдолтой асуудалтай холбоогүй. Үнэн зүйл үнэнээрээ явах ёстой. Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИх-ын чуулгын индэр дээрээс “Ерөнхийлөгч бид хоёр шүдгүй арслан шиг болчихоод байна” гэж хэлсэн. Энэ юу гэсэн үг вэ? Өнөөдөр хууль хяналтын байгууллага, прокурор, шүүхийг хөдөлгөдөг эрх мэдэл нь Ерөнхийлөгчид, тагнуул, цагдаа, АТГ-ыг хөдөлгөх эрх нь Ерөнхий сайдад аль аль нь бий. Өөр ямар эрх мэдэл хүсээд байгааг би ойлгохгүй байна. Би “Мөнгө мөртэй шүү. Ийм зүйлээс хол явах ёстой” гэж гишүүддээ үргэлж хэлдэг. Надад М.Энхболд, У.Хүрэлсүх хоёртой тэрсэлдсэн юм байхгүй" гэлээ.