-Хөгжлийн бэрхшээл ба хөгжлийн арга барил-
Хөгжлийн бэрхшээлийн салбар дахь хөгжил, хамтын ажиллагаанаас илүүтэй улс орны эдийн засгийн хөгжил нэн тэргүүнд тавигдаж, дараагийн дугааруудад нийгмийн халамж, хөгжлийн бэрхшээлийн салбар ордог гэсэн ерөнхий хандлага байдаг.
Харин сүүлийн үед хөгжлийн бэрхшээл ба хөгжил гэсэн арга барил гарч ирж, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болоод хүн амын эмзэг бүлгийг эхнээс нь нийгмийн хөгжилд оролцуулах ажил эрчимтэй явагдаж байна. Хөгжлийн бэрхшээл ба хөгжил гэсэн арга барил нь хот суурин, орон сууцны зохион байгуулалтын төлөвлөлтийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон өндөр настнуудад нийцүүлэн хийхийг хэлнэ. Ингэснээр төлөвлөлт болон бүтээн байгуулалтад өндөр ач холбогдол, үр дүнтэй нөлөө үзүүлдэг бөгөөд анхнаасаа орчны саадгүй байдлыг хангасны үндсэн дээр төлөвлөсөн ажлын үр дүнд бүх хүнд ээлтэй хот болж чадна.
Нийтийн тээвэр болоод боловсролын байгууллага ч гэсэн төлөвлөлтийн шатандаа анхнаасаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангаад явчих юм бол бүх хүнд ээлтэй болно гэсэн үг. Олон улсын хамтын ажиллагаа гэдэг нь үндсэндээ хөгжиж байгаа орнуудын амьжиргааны түвшин доогуур хүн амын бүлгийг хамруулсан үйл ажиллагаа боловч өнөөг хүртэл хөгжлийн бэрхшээл ба хөгжил гэсэн арга барилын хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаагүй нь сонирхол татаж байна. Хөгжлийн бэрхшээл ба хөгжил гэсэн арга барилын дотроос сүүлийн үед дэлхий нийтийн анхаарлын төвд ороод байгаа салбар бол гамшиг болон гамшгаас сэргийлэх салбар юм.
Японд газар хөдлөлт, далайн хар шуурга, цунами гээд байгалийн гамшигт үзэгдлүүд үе үе тохиолддог. Энэ үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэд аюулгүй байдлаа хангаж чадвал бусад хүмүүс мөн аюулгүй байдлаа хангах боломжтой гэсэн үг юм. Тиймээс онцгой байдлын сургуулилт хийх үед хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настай иргэдийг оролцуулан зохион байгуулах юм бол онцгой нөхцөл байдал үүсэхэд хэн ч аюулгүй байдлаа хангах боломжтой байхаар бодож, иргэний хамгаалалтын бэлтгэлийг хийнэ гэсэн үг юм. Гэвч үүнийг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй тал байдаг бөгөөд гамшгийн салбар дахь хөгжлийн бэрхшээл ба хөгжил гэсэн арга барил нь дөнгөж эхлээд байгаа билээ. Цаашид энэхүү үйл ажиллагааг илүү эрчимтэй хөгжүүлэх нь чухал.
“Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих төсөл”
Жайка ОУХАБ-ын мэргэжилтэн, Ахлах зөвлөх Чиба Хисао