Нийслэлийн “Амгалан” амаржих газрынхан умайн хоргүй хавдрыг мэсийн бус аргаар эмчилснээр салбарынхаа түүхэнд анхдагч болов.
Энэхүү ажилбарыг амаржих газрын дарга Ц.Батболд, Эмэгтэйчүүдийн эмгэгийг эмчлэх тасгийн эрхлэгч Л.Долгоржав, их эмч Н.Ганболд нар хийжээ. Орчин үед умайн хоргүй хавдрыг 5-6 аргаар эмчлэх болсон.
Эмч нар энэ удаа хавдартай хэсэгт өндөр давтамжтай радио долгионоор дулаан үүсгэж, эдийг үхүүлэн, өсөлтийг нь зогсоосон байна. Ингэснээр уг эмчилгээг умайгаа авахуулах хүсэлгүй, хагалгаанд орох боломжгүй олон эмэгтэй (хавдрын голч нь 2-10 см)-д хийх боломж бүрдлээ.
Эмчилгээний дараа нөхөн үржихүйн чадвар алдагдахгүй, богино хугацаанд мөн зовиур багатай зэрэг давуу талтайг эмч нар хэлэв.