“Бүх шатандаа иргэдээ дээрэмдэх, шулах, хоослох тогтолцоо машин шиг ажиллаж байхад Монгол хүн нас баралтаараа дэлхийд тэргүүлэхээс яах вэ”.... Монгол Улс яагаад өвчлөл, нас баралтаараа тэргүүлэх болов гэх санал асуулгын хариултад нэгэн залуу ингэж бичжээ. Энэ бол монголын бодит үнэн.
Эмнэлгийн үйлчилгээ авч байгаа иргэд эрүүл мэндийн салбарыг шинэчлэх цаг болсон гэдгийг хэлсээр байна. Учир нь улстөржилт энэ салбарт олон жилийн турш нүүрлэсэн учраас эрүүл мэндийн салбарыг элгээр нь хэвтүүлэхэд ихээхэн нөлөөлсөн. Мэргэжлийн бус хүмүүс томилсноос болж салбарын сайн, мууг олж харахаасаа илүүтэйгээр яаж мөнгө саах вэ гэдэгт л илүү анхаарал хандуулжээ.
Ганцхан жишээ дурдья. Иргэн Г Нэгдүгээр эмнэлгийн Яаралтай тусламж дээр очиж, эмчийн шаардлагаар 180 мянган төгрөгөөр томографийн шинжилгээ өгчээ. Гэвч хариу нь тус эмнэлэг дээр эмчлэх өвчин биш гэж гарснаар эмч түүнийг ГССҮТ хүү явахыг зөвлөж. Өвчтөн ч гэмтлийн эмнэлэгт үзүүлтэл мөн л томографийн шинжилгээ өг, өөр эмнэлгийн шинжилгээний бичиг уншихгүй гэсэн аж. Шөнийн хоёр цагийн орчимд арга буюу дахин 180 мянган төгрөг төлж, шинжилгээнд хамрагдтал маргааш нь Чих, хамар, хоолойд үзүүл гэсэн гэнэ. Энэ мэтээр өвчтөнийг мөнгө хэмээн хардаг гэдэг нь нууц биш.
Өвдсөн иргэд цөхрөнгөө барж, мөнгөгүй нь эрүүл мэнд, амь насаараа хохирох нь энгийн үзэгдэл болов. Өөрөөр хэлбэл, эдүгээ монголчууд янз бүрийн өвчин тусах нь ихэсч, эмчилгээ, шинжилгээндээ бүх хөрөнгөө зарцуулдаг болоод байна. Монголын эмнэлгийн олон төрлийн шинжилгээнд иргэд итгэл алдарч, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх болон иж бүрэн оношлогоо шинжилгээг боломжийн орлоготой иргэд гадаадад хийлгэх хандлага түгээмэл боллоо. Тэр нь ч өөрсдөд нь илүү хялбар байж мэдэх юм. Жишээлбэл, БНСУ-ын хувийн эмнэлэгт шинжилгээ хийлгэсэн бол улсынх нь аль ч эмнэлэг тухайн шинжилгээний хариуг үндэслэн эмчилгээ бичиж өгдөг. Гэтэл манайх эсрэгээрээ. Өөр эмнэлэгт оношлогоо хийлгээд ирсэн бол “Манайх өөр эмнэлгийн хариу уншдаггүй. Заавал өөрсдийн хийсэн шинжилгээгээр эмчилгээ хийнэ” гэдэг. Уг нь хоёр өөр эмнэлэгт оношлогоо хийлгэлээ гээд хүний биенд өөрчлөлт ормооргүй баймаар. Гэтэл эмч нар үүнийг өөрөөр хардаг бололтой.
Энэ талаар эмнэлгүүдийн удирдлага болоод холбогдох хүмүүсээс асуухад “Манайх өөр шинжилгээний хариу уншдаг. Уншилгүй яах вэ” хэмээн хариуллаа. Гэтэл үнэн хэрэгтээ хариугаа бариад очихоор өөр зүйл ярьдаг гэдгийг иргэд хэлж байлаа.
Жишээлбэл, иргэн Ч “Хүн бэртээд ирж байхад манай зураг муу, харагддаггүй гээд хувийн эмнэлэг рүү явуулна. Тэнд нь очихоор аймар үнэтэй зураг авсан хэрнээ тайлбарлуулвал дахиад мөнгө нэхнэ. Эсвэл буцаад улсын эмнэлэгтээ очиж тайлбарлуулна. Үнэндээ л манай улсын эрүүл мэндийн салбар муу шүү дээ. Мөнгөгүй бол үх гэсэн зарчимтай юм шиг байгаа юм” хэмээлээ.
Үүнээс л харахад Монгол Улсын эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаа бүхэлдээ доголдсон нь илт. Энэ бол зөвхөн одоо бий болсон асуудал биш юм. Өнгөрсөн хугацаанд салбарын яам болоод удирдлагуудын хийсэн буруу тогтолцооны гажуудал энэ бүхний гол буруутан. Тэд салбараа хөгжүүлье гэж хичээдэггүй нь тус салбарын удирдах ажилтны нууц сейфэнд хагас тэрбум гаруй төгрөгийн гадаад валют олдсон хэдхэн жилийн өмнөх баримтаас харж болно. Түүнчлэн салбарын яамны бодлогод эмч, эмнэлгийн ажилтан, иргэдийн санал бодлыг нь тусгаж байгаагүй бол одоо ард иргэдийнхээ бодлыг сонсох цаг ирсэн гэдгийг онцолж байна.