Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөрт зориулж, Ерөнхийлөгчийн санаачилгаар “Мөнх тэнгэрийн бичиг” олон улсын үзэсгэлэнг өчигдөр нээлээ. 2011 оноос уламжлал болгосон эл арга хэмжээг өнөө жил насанд хүрэгчдийн болон сурагчдын гэсэн хоёр ангиллаар зохион байгуулж буй. Насанд хүрэгчдийн ангилалд таван улсын 48 уран бүтээлч, сурагчдынхад гурван орны 123 хүүхэд оролцож байна.
Ерөнхийлөгч Х.Баттулга үзэсгэлэнг нээж “Монголчууд Хүннү гүрнээс хойших түүхэндээ 10 гаруй бичигтэй байснаас хамгийн урт удаан хэрэглэж, хөгжүүлж байгаа нь монгол бичиг. Үндэсний бичгээ идэвхтэй хэрэглэхийн тулд миний бие 2018 оны тавдугаар сарын 3-нд Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх тухай 46 дугаар зарлиг гаргасан. Түүх, соёлоо үеэс үед дамжуулах үндсэн хэрэгсэл болох үндэсний хэл, бичгээ судлах, дэлгэрүүлэн хөгжүүлэх, хойч үедээ өвлүүлэн уламжлуулах нь монгол хүн бүрийн үүрэг” гэлээ.
Үзэсгэлэнгийн шилдэг бүтээлийн шагналыг манай улсын уран бүтээлч Т.Жамьяансүрэн “Мөнх тэнгэрийн бичиг” бүтээлээрээ хүртлээ. ӨМӨЗО-ы уран бүтээлч С.Цэнгэл “Билэг барамид” бүтээлээрээ тусгай шагнал авсан юм.