Өнгөрсөн долоо хоногт болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Үндсэн хууль Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн холбогдох заалтад заасан бүрэн эрхийнхээ дагуу Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж өөрөө тарах шийдвэр гаргахыг Улсын Их Хуралд санал болгох тухай асуудлыг зөвшилцөх тухай албан бичгийг Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барьсан. Уг албан бичигт 2016 оны сонгуулийн үр дүнд бүрэлдсэн Улсын Их Хурал болон түүнээс байгуулсан Засгийн газрууд ард түмэнтэй байгуулсан гэрээгээ үл харгалзах, эсрэгээр хэрэгжүүлэх, хууль ёс, журмыг бүдүүлгээр зөрчих, төрийн эрх мэдлийг дур зорго мэт ойлгож авирлах байдалд бүрэн автаж, хэмжээ хязгаарыг давлаа хэмээн дурджээ. Түүнчлэн "Цензургүй яриа" нэвтрүүлэгт оролцохдоо "УИХ тарахгүй бол би өлсгөлөн зарлах уу" хэмээн мэдэгдсэн юм.
ЖДҮХС-гийн зээлтэй холбогдуулан АТГ-аас дөрвөн хүнийг саатуулжээ
ЖДҮХС-гийн зээлээс улстөрчид, албан тушаалтнууд хувьдаа авсан талаарх баримтууд олон нийтэд ил болж, үүнээс улбаалан ХХААХҮ-ийн сайдыг албан тушаалаас нь буулгах шийдвэр гарсан. Мөн 2018 оны арваннэгдүгээр сарын 01-ний өдөр ХХААХҮЯ-ны нэр бүхний дөрвөн албан тушаалтныг ЖДҮХС-гийн зээлтэй холбогдуулан АТГ-аас саатууулжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар саатуулагдсан хүмүүсийн дунд ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Энхбат, ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг болон тус сангийн ерөнхий нягтлан нар байгаа аж.
Тэдний араас улсын ерөнхий прокурорын орлогч, цагдаагийн бэлтгэл хурандаа Б.Амгаланбаатарын “Цагаан согоот”, ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осорын “Хос эрхэс”, УИХ-ын гишүүн Н.Оюундарийн хамаарал бүхий “Ред стар клуб”, 128 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх компани болон банктай УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн хамаарал бүхий “Доктор МЭИК” компани дээрх сангаас зээл авсан нь тодорхой болоод байгаа.
Монголын анхны давхар гүүр нээлтээ хийлээ
“Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах” төслийн барилгын ажил дуусч, төслийн хүрээнд баригдсан авто зам, гүүрийн байгууламж замын хөдөлгөөнийг нэвтрүүлж эхэллээ.
Монгол Улсын Засгийн газар болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт эдийн засгийн өсөлтийг дэмжсэн, нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, аюулгүй, ая тухтай үйлчилгээг үзүүлэх авто зам, тээвэр, ложистикийн сүлжээг өргөжүүлэх зорилтын хүрээнд Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан авто замын сүлжээг сайжруулах зорилгоор энэхүү гүүрэн байгууламжийг барьж дуусгалаа.
Уг гүүрэн байгууламжийн шинэ гүүр нь 4 эгнээ бүхий 250 урт метр, 20.5 метр өргөн, Д рамп шинэ гүүр нь 276 урт метр, 8.5 метр өргөн бол хуучин гүүр нь 250 метр урт, 9 метр өргөн, 57 метр урттай тунелтэй юм.
Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг тохиолдуулан хоёр өдөр бүх нийтээр амарч, ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүллээ
Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн буюу 11 дүгээр сарын 08-ны пүрэв гарагт тохиож байна. Үүнтэй холбогдуулан 11 дүгээр сарын 09-ний баасан гарагийн ажлын өдрийг 11 дүгээр сарын 17-ны бямба гарагийн амралтын өдөрт шилжүүлэхээр Засгийн газар шийдвэрлэлээ. Өөрөөр хэлбэл, 11 дүгээр сарын 08, 09-ний өдөр бүх нийтээр амрах юм.
Нийтээр амрах баярын өдөр, долоо хоногийн амралтын өдөр ойрхон таарч байгаа учир иргэдийн ажил, амралтын цагийг зохицуулах үүднээс Хөдөлмөрийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн гуравдахь хэсгийг үндэслэн дээрх шийдвэрийг гаргалаа. Хуулийн дээрх хэсэгт “Нийтээр амрах баярын өдөр, долоо хоног бүрийн амралтын өдөр ойрхон тохиосон тохиолдолд долоо хоногийн ажил, амралтын өдрийг Засгийн газрын шийдвэрээр зохицуулж болно” гэж заасан байдаг юм.
ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн 36.22 сая ам.долларын санхүүжилтийг баталжээ
Олон Улсын Валютын Сангийн Захирлуудын зөвлөл гурван жилийн хугацаатай Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хэрэгжилтийн тавдугаар шатны үнэлгээг 2018 оны аравдугаар сарын 31-ний өдөр хэлэлцэж баталлаа.
Энэхүү үнэлгээг хийж дуусгаснаар Монгол Улс 26.2088 сая ЗТЭ буюу ойролцоогоор 36.22 сая ам.долларын санхүүжилт нэмж авах боломжтой болох юм. Энэ удаагийн санхүүжилтийг оруулан тооцсоноор дээрх хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад нийт 157.2454 сая ЗТЭ буюу 217.33 сая ам.долларын санхүүжилт олгогдлоо.
Гурван жилийн хугацаатай хэрэгжүүлэх Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр нь 2017 оны 5 дугаар сарын 24-нд батлагдсан бөгөөд хөтөлбөрийн хүрээнд 314.5054 сая ЗТЭ буюу ойролцоогоор 434.3 сая ам.долларын зээл олгогдох юм.
ОУВС-гийн дэмжлэгтэйгээр хэрэгжих Засгийн газрын “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр” нь эдийн засгийг тогтворжуулах, төсвийн алдагдал, өрийн хэмжээг бууруулах, гадаад валютын нөөцийг нөхөн бүрдүүлэх, тэлэлт-агшилтын мөчлөгийн нөлөөллийг багасгах арга хэмжээг шинээр нэвтрүүлэх, хүртээмжтэй өсөлтийг дэмжих зорилготой юм.
Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлснээр Монгол Улсын эдийн засаг сайжирсаар байна.
Түүхий эдийн экспортын өсөлт, хөрөнгө оруулагчдын итгэл, хөтөлбөрийн хүрээнд авч хэрэгжүүлж буй бодлогын хэрэгжилтийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын эдийн засаг эрчимтэйгээр өсч, 2018 оны есдүгээр сарын байдлаар хөтөлбөрийн тоон зорилтууд, төсвийн зорилтуудыг биелүүлээд байна.
Монгол Улс Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх бодлого, бүтцийн шинэчлэлийн хүрээнд мөн тодорхой дэвшлүүдийг гаргасан байна.