-Сүүлийн үед өсвөр насныхны сэтгэлзүйн асуудал анхаарал татаж эхэллээ. Энэ насны хүүхдүүд ч амиа хорлох, хэрэг зөрчилд холбогдох нь ихсэж байна. Тиймээс юуны түрүүнд өсвөр насны хүүхдийн сэтгэлзүйн онцлог нь ямар байдаг талаар ярилцлагаа эхэлье.
-Монголчууд өсвөр нас гэж 14-18 насыг л хэлдэг гэсэн буруу ойлголттой явдаг. Үнэндээ тийм биш. Өсвөр үе нь эрт эхэлдэг гэдгийг юун түрүүнд ойлгоосой гэж хүсэж байна. Өөрөөр хэлбэл, 2017 онд ЭМЯ-наас монгол охидын өсвөр нас 10.5, харин хөвгүүд 11 наснаас эхэлдэг гээд тодорхойлоод өгчихсөн. Ингэхдээ эхэн, дунд, хожуу гэсэн гурван үе шатанд хуваагддаг. Бидний өсвөр нас гэж нэрлээд байдаг 14-15 насныхан маань дунд үедээ ангилагддаг. Энэ үедээ өөрт тохиолдож буй хямрал, стресс зэрэгтээ дасан зохицож эхэлдэг.
Техникийн дэвшлийн хурдац гэж ярьдаг шиг хүний хөгжил ч маш хурдацтай явагддаг. Авч буй мэдээлэл, амьдарч буй орчин, идэж буй хоол хүнснээс хамаарч хүний тархи болон бие физиологи хурдан хөгждөг. Ингэхдээ охидын хөх ургах, хөвгүүдийн хоолой бүдүүрч эхлэх гэх мэт шинж тэмдгээр илэрдэг. Үүнээс улбаалан “Би том болж байгаа юм байна” гэсэн сигнал хүүхдэд мэдрэгдэж эхэлдэг. Тэгэж бодоод ирэхээр “Аав ээж надтай том хүн шиг харьцах ёстой. Би өөрөө хийж чадна. Би аливаа нэгэн зүйлийг хийхдээ хэн нэгнээс асуух шаардлагагүй юм байна” гэсэн мэдрэмж давхар илэрдэг. Улмаар энэ мэдрэмж болон эцэг эх, багш нарын зүгээс ирэх жаахан хүүхэд мэтээр харьцах харьцаа хоорондоо зөрчилдөж, бидний нэрлээд байгаа хүүхдийн зөрүүд зан илэрч эхэлдэг.
-Хүүхдийн сэтгэлзүйд гэр бүлийн орчин их нөлөөлдөг. Эцэг, эхчүүдийн хувьд хүүхдээ ЕБС-ийн дунд, ахлах ангид дэвшсэнийх нь дараа “Том болчихлоо”, “Биеэ даачихлаа” гэж үзээд анхаарал халамжаа сулруулах хандлага байдаг. Гэтэл яг энэ үед нь илүү анхаарч байх ёстой юм болов уу. Эцэг, эхчүүд ер нь өсвөр насны хүүхэдтэйгээ хэрхэн харилцах ёстой вэ?
-Эцэг эхчүүдийн гаргадаг хамгийн том алдаа бол үүрэг даалгавар өгөхдөө том болсон мэтээр харьцчихаад өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэх гэхээр “жоохон юм байж” гэдэг хандлага юм. Энэ эсрэгцэл хүүхдэд зөрчил үүсгэдэг. Уг зөрчилдөөн хүүхдийн зан авирыг эвдэж эхэлдэг.
Үүнээс гадна хүүхэд өсвөр насандаа бусдаас өөр, онцгой байхыг хүсдэг. Том болсон юм чинь аав, ээж шиг байх албагүй юм байна гээд найз нөхдөө даган дуурайх хандлагатай болдог. Өөрөөр хэлбэл, манай үеийнхэн том болж байгаа гээд иймэрхүү зүйлсийг сонирхож байгаа юм чинь би бас сонирхох хэрэгтэй гэж боддог. Энэ үедээ бусдад урвуу татагдах эсвэл болохгүй зүйлээр оролдож эхэлдэг. Мөн найз хамгийн чухал ойлголт болдог. Иймээс уламжлалт аргаар 15-аас дээш насанд найз мэт нөхөрлө гэж сургадаг. Найз шиг харилцаж байж мэдээлэл олж авдаг гэсэн үг. Харин эцэг эхчүүд “Чи яагаад ингэчихсэн юм бэ. Чиний наад үйлдэл чинь буруу. Дахиж тэгэж болохгүй шүү” гээд байвал хүүхэд нууцаа дотроо хадгалж эхэлнэ. Өөрт тохиолдсон зүйлүүдээ нуудаг болно гэсэн үг. Уг нь энэ үе хүүхдийн хувьд ярих, дотроо уудлах хэрэгцээ хамгийн их бий болдог бол эсрэгээрээ эцэг эхчүүд “Том болчихлоо”, “Биеэ даачихлаа” гэж үзээд хүүхдээ сонсохоо больдог. Ямар нэгэн үйлдэл хийвэл эвээр зөвлөх биш захиргаадаж хүчээр болиулах шинж тэмдэг давамгайлдаг учир хүүхдүүд загнуулах вий гэсэн айдсаасаа болоод хэлж чаддаггүй. Гэтэл хүүхэд өөрийн ярих хэрэгцээнээсээ болоод өөрийгөө мэдрүүлэх гэж оролддог. Хэрвээ та 14-өөс дээш насны хүүхэдтэй бол нэг өдөр үсээ шар, ногооноор будуулаад ороод ирвэл битгий гайхаж цочоорой гэж хэлмээр байна. Биологийн хувьд ч, тархины хөгжлийн хувьд ч маш эрчимтэй явагддаг учир хөөрлийн процесстой шийдвэрийг маш хурдан гаргадаг. Энэхүү хөөрлийн процессийг дарахын тулд биологи өөрөө саатлын процессыг түргэсгэдэг. Иймд залхуу шинж тэмдэг их ажиглагдана. Товчоор хэлбэл, бие физиологи маш хурдан хөгжиж буй хөгжлийн процессоо дарах гээд хөөрлийн болон саарлын процессыг зэрэг “ажиллуулдаг” юм. Энэ үед бага зэрэг залхуурах, унтахыг нь хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Биологийн үйл ажиллагаа болон сэтгэл зүйн онцлогийг нь сайн мэдэж чадвал хүүхэдтэйгээ харилцахад илүү хялбар болно.
-“Монгол өрх” сэтгэл зүйн хүрээлэнгээс өсвөр насны хоёр хүүхэд тутмын нэг нь сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай байна гэсэн судалгааг гаргасан байсан. Энэ нь юутай холбоотой вэ. Асуудлыг хэрхэн шийдвэрлэх ёстой вэ?
-Судалгаанд ерөнхий боловсролын 20 сургуулийн 8000 гаруй хүүхдэд хамрагдсан. Судалгаанаас хоёр хүүхэд тутмын нэг нь “Намайг багш, эцэг эх ойлгодоггүй эсвэл би огт авъяасгүй, юуг ч зөв хийж чадахгүй юм байна” гэсэн сөрөг бодлуудыг тээж явдаг нь ажиглагдсан. Эдгээр бодлоос болоод сэтгэл нь хямарчихсан яваа дөрөвдүгээр ангийн бяцхан хүүхэд сэтгэлзүйчтэй уулзаад нэг цаг гаруй уйлсан тохиолдол ч бий. Үүнийг сэтгэлзүйн тулгамдсан асуудал гэж нэрлэдэг. Энэ нь яваандаа стресс болж хувирдаг. Стресс гэдэг нь сэтгэлзүйн сөрөг асуудлаас болж сэтгэц түр зуур хямралд өртөхийг хэлдэг. Манайхан томчуудын нийгмийн сэтгэлзүйн асуудал гэж ярьдгаас биш хүүхдийн асуудлыг төдийлөн хайхарч үздэггүй. Гэтэл яг үнэндээ хүүхдийн асуудал томчуудынхаас илүү байх тохиолдол ч бий. Харин үүнийг бага багаар шийдвэрлээд байвал хүүхэд өөртөө итгэх итгэлтэй болж, авъяас дээр тулгуурласан мэргэжлээ сонгож, хэн нэгний хэлсэн үг, үйлдэлд урвуу татагддаггүй болж төлөвшинө. Тэрнээс биш үг, үйлдэл бүрийг нь зааж сургаад, хүнээс үргэлж зөвшөөрөл авдаг нэгэн болгочихвол эсэргүүцэх чадвар нь буурдаг. Өөрөөр хэлбэл, ангийнх нь хүүхэд хамтдаа хичээлээ тасалъя, тамхи сороод үзчих гэх мэтээр ятгалгын өнгө аяс илэрсэн ч эсэргүүцэж, өөрийгөө илэрхийлж чаддаггүй болно гэсэн үг.
-Айлын хүүхэдтэй харьцуулдаг, тэр чадаж байхад “Чи чадсангүй” гэх ойлголт хүүхдүүдийг их дарамт, стрессэнд оруулаад байх шиг.
-Хүн бүр дахин давтагдашгүй байдаг. Нэг хүүхэд математикдаа сайн байлаа гэхэд нөгөөх нь зурах авъяастай байх жишээний. Гэтэл Батын хүүхэд ямар төрлийн хүүхэд вэ гэдгийг сайн мэдэхгүй байж хүүхдээ түүнтэй адилхан байлгах гээд хичээж байгаа нь монгол эцэг эхчүүдийн дунд ажиглагдаж байгаа нийтлэг алдаа юм. Сэтгэлзүйчтэй уулзаж байгаа эцэг эхчүүд “Тэр айлын хүүхэд тэгэж байхад манай хүүхэд чадахгүй юм. Яавал тийм болгох ёстой вэ” гэж асуудаг. Эргүүлээд тэр хүүхдийн ээж, аав хүүхэддээ хэр их цаг зарцуулдгийг, хүүхдээ сонсож, ойлгодог үгүйг мэдэх үү гэж асуухаар үгүй гэдэг. Тийм байж хүүхдээ бусадтай адилхан байх ёстой гэсэн шаардлага тавьж, дарамт өгөх нь маш буруу юм. Үүний бас нэгэн сөрөг үр дагавар бол атаархал, өшөө хорсол гэдэг зүйл бий болдог. Жишээлбэл, Дорж муу сураасай. Тэгвэл намайг харьцуулахгүй шүү дээ гэж бодоод эхэлдэг байх нь ээ. Нийгмийн сүлжээгээр бие биедээ атаархаж, сөрөг сэтгэгдэл үлдээж, цуурхал тарааж явдаг хүмүүс бол үүний үр дагавар гээд хэлчихэд буруудахгүй болов уу. Цаашлаад хүүхдийг өөртөө итгэх итгэлгүй болгодог. Том болсон хойноо ч энэ бодлоосоо салж чаддаггүй. Иймд бид санамсаргүйгээр хүүхдийн тархинд “Би чадахгүй юм байна” гэсэн программыг суулгаад өгчихдөг гэсэн үг.
-Тэгвэл чамайг ... тэгвэл шагнана аа гэж амлаж өсгөх нь хэр оновчтой арга вэ?
-Сэтгэлзүйн шинжлэх ухаан бол аливаа зүйлийг дундажийг баримтлах ёстой. Зөв ч бай, буруу ч бай тус баланс алдагдах л юм бол үр дүн нь сөрөг болж хувирдаг. Хэрвээ байнга уурладаг, уйлдаг бол буруу, эсрэгээрээ огт уурлахгүй, уйлахгүй байвал бас буруу. Ямар үед уурлах ёстой эсвэл уураа барих ёстойгоо мэддэг хүн бол сэтгэлзүйн хувьд эрүүлд тооцогддог. Үүний адилаар тэрийг хийвэл ингэж шагнана, энийг хийвэл ийм юм авч өгнө гээд байвал хүүхдийн зан авирыг эвдэх магадлалтай. Харин заримдаа яагаад зүгээр магтах, эсвэл үнсэж болохгүй гэж. Энэ ч бас урамшууллын нэгэн хэлбэр шүү дээ. Энэ нь хүүхэд хүмүүжүүлэх арга байнга шинэчлэгдэж, өөрчлөгдөж байх ёстойн л нэг илрэл юм.
-Байнга уйлж эсвэл уурлаж байдаг хүүхэдтэй хэрхэн харьцаж, балансыг нь тэнцвэржүүлэх ёстой вэ?
-Үндсэн хуулийг олох хэрэгтэй гэсэн үг. Бид нар ус алдаад байгаа шалтгааныг нь олоогүй байж шалан дээрх усыг арчаад байгаатай ижил юм. Яг л үүнтэй ижил. Битгий уйл, уйлахаа боль гэж загнахаасаа өмнө яагаад уйлдаг болсон шалтгааныг нь олж тогтоож хэрэгтэй.
Хүнд хамгаалах механизм гэдэг зүйл бий. Нохойг хоолыг нь идэж байхад оролдоход архирч, гасалдагтай ижил хүн өөрийн мэдэлгүй хамгаалах механизмд шилждэг. Зарим хүн уйлдаг бол зарим нь инээдэг байх жишээний. Энэ нь тухайн хүүхдийн сэтгэлзүйн онцлогоос шалтгаалан өөр өөр үйлдэл гаргадаг. Тэгэхээр тухайн хүүхдийн өөрийгөө хамгаалах, тайтгаруулах механизм нь уйлах байж болзошгүй. Сэтгэл санаа нь нэг л зүйлд түгшээд, айгаад байна аа гэсэн үг. Үнэхээр ямар нэгэн асуудал тулгарвал уйлдаг бол түүнийг өөр аргад сургах хэрэгтэй.
-Цэцэрлэг болон бага, дунд ангийн хүүхдүүдийн айдсын түвшин ижил байна гэсэн судалгаа гарсан байсан.
-Монголчууд дээр үеэсээ хүүхдээ айлгаж, сүрдүүлэх аргаар хүмүүжүүлсээр ирсэн. Зөрүүдлэх юм бол хадны мангаа ирээд аваад явчихна шүү эсвэл аймар өвөө ирээд загнан шүү гэх мэт. Ингэж явсаар сургуульд сураад ирэхээр нь дүнгээр “боомилж” эхэлдэг. Ингэснээр хүүхдэд бага багаар айдас хуримтлагдсаар байдаг. Айдас нь дарамт болж, дарамт нь стресс, стресс нь цаашлаад амиа хорлох ч үйлдэл гаргахыг үгүйсгэхгүй.
-Таны хэлсэнчлэн хүүхэд бүрийн зан ааш, сэтгэлзүй өөр байдаг шиг эрэгтэй, эмэгтэй хүүхдүүдийг хүмүүжүүлэхэд ялгаа бий байх. Юуг анхаарах ёстой вэ?
-Эрэгтэй, эмэгтэй хүний тархины хөгжлийн хувьд адилхан ч бие физиологийн хувьд өөр байдаг. Нэгэнд хэзээ ч хөх ургахгүй, нөгөөхөд нь хэзээ ч түнх бий болохгүй шүү дээ. Харин бага наснаас бий болсон хандлага биднийг өөр болгодог. Эрэгтэй хүүхэд уйлдаггүй, хүнд зүйлийг заавал эрэгтэй хүн өргөх ёстой, магадгүй эр хүн харанхуйд айх ёсгүй гэх мэт. Гэтэл эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн айдсын түвшин яг л ижил хүнд байх ёстой мэдрэхүйн нэг юм. тэрнээс биш сэтгэлзүйн хувьд бие биеэсээ төдийлөн ялгардаггүй. Жишээлбэл, уйлах бол хүнд заавал байх ёстой мэдрэмж. Сөрөг мэдрэмж бол биш. Хэрвээ хүн уйлахгүй дотроо хадгалаад яваад байвал сэтгэлзүйн хувьд тайвшралыг авч чадахгүй. Харин уйлснаар тайвширч, аливаа зүйлийг бодитоор сэтгэх боломж нь нэмэгдэж байдаг.
-Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд өөрөө хүчирхийлэгч эсвэл хүчинд автагч болох магадлал ихтэй байдаг. Гэр бүлийн салалт ч үүнд их нөлөөлдөг байх. Салалт хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлдөг гол шалтгаан нь юу вэ?
-Хэдий сайхан харилцаатай хосууд байлаа ч маргалдаж эхлэхээрээ нөхөр нь эхнэрээ эрхэндээ оруулах гээд цохиод авдаг. Үүнийг харсан хүүхэд “Асуудал шийдэгдэхгүй бол эцсийн арга нь цохих юм байна” гэсэн мэдээллийг тархиндаа өгдөг. Тэгээд дараа нь өөрийн мэдэлгүй гар хүрч эхэлдэг. Нөгөө талдаа ээж тэвчээд амьдраад ирсэн юм чинь би ч бас тэвчих ёстой гэсэн бодолдоо захирагддаг. Ингээд ухамсаргүйгээр хүлээн зөвшөөрөөд байна гэсэн үг.
Харин гэр бүл салалтын хувьд хүүхэд хамгийн түрүүнд өөрийн мэдэлгүй “Надаас болж салж байгаа юм биш байгаа” гэж бодоод өөрөөсөө бурууг хайгаад эхэлдэг. Үүнээсээ болоод сэтгэл нь хямарчихдаг. Ингээд хүүхдийг сэтгэл гутралтай, гунигтай, хямралтай болох нөхцөлийг нь тавьдаг. Дараа нь өөрсдөө амьдрал дээр гарахаараа аав ээж салж болсон юм чинь би ч бас болно гээд салах эсвэл би хүүхэддээ өөрийнхөө үзсэн зовлонг үзүүлэхгүй дээ гээд хүчирхийллийг тэвчээд амьдрах хоёр сонголт дээр л ирдэг.
-Хүүхэд бол бидний тусгал гэлцдэг. Тэгвэл үлгэрлэлийн зан үйлийг хэдэн настайгаас нь бий болгох хэрэгтэй вэ?
-Монголын уламжлалт аргад хүүхдийг 0-5 настайд нь “Хатан мэт халамжил” гэж заасан байдаг. Хатан хүн бол залгамж халааг тасалдуулахгүй байх үүрэг хүлээдэг учир эрүүл мэнд талаас нь хатныг маш их халамжилдаг юм билээ. Яг үүнтэй адилаар хүүхдийг энхрийлэн тойглонгоо эрүүл байх нөхцөлийг нь бүрдүүлнэ гэсэн үг. Дараа нь 6-14 настай хүүхдийг “Харц мэт дагуулан сурга” гэж заасан. Хүүхэд нэг л өдөр хог шүүрдэж байна гээд хог цацаад эхэлдэг. Тэгэхэд нь “Яаж байгаа юм бэ, баахан тоос бужигнуулаад хаячихлаа” гээд загнаад эхэлдэг. Мөн зарим эцэг эх хүүхдээ “Шалаа арчсангүй, өнгөн талыг нь л арчлаа, хэзээ ингэж хог шүүрдэж байсан бэ” гэх мэтээр загнадаг. Гэтэл яг үнэндээ тэд хүүхэддээ хог хэрхэн шүүрддэгийг зааж өгдөг билүү. Тэгэхээр дагуулан сурга гэдэг нь өөрөө үлгэрлэн, бүхнийг эхнээс нь дуустал сайн зааж өгөх ёстой. Дагуулан сургаагүй хүүхэд ирээдүйд хөдөлмөрт бэлтгэгдээгүй байна гэсэн үг.
15-аас дээш насанд хүүхэдтэй найз мэт нөхөрлө гэдэг. Хүүхэд өөрт тохиолдсон бүхнээ ээж аавтайгаа хуваалцах хүсэлтэй байдаг. Гэхдээ юу ч хэлсэн болохгүй гээд загнаад байвал хүүхэд хэзээ ч нууцаасаа хуваалцахгүй. Харин найз мэт байвал танд бүх нууцаа дэлгэнэ. Магадгүй найзуудынхаа нууцыг ч мөн хуваалцахыг үгүйсгэхгүй. Үүний дараа сайныг нь магтаж, бурууг нь эвээр ойлгуулахад оройтохгүй. Гол нь танд мэдээлэл хэрэгтэй. Мэдээлэлтэй байгаа хүн зөв, буруу үйлдлүүдийг зохицуулж чадна гэсэн үг.