Гурван жилийн өмнө Улаанбаатар хотод улаанбурхан өвчний дэгдэлт идэвхжиж ШУТИС-ийн оюутнуудын 30, МУИС-ийнхны 40 гаруй хувь нь халдвар авч байв. Өвчилсөн оюутнуудын олонх нь урьдчилан сэргийлэх вакцинд хамрагдаагүй байжээ.
Улаан бурхны вакцин хийлгэж байсан хүмүүсийн биед бага зэрэг “улаан юм” туурч, удалгүй эдгэсэн гэнэ. Харин вакцин хийлгээгүй оюутнууд босож чадахгүй, олон хоног халуурч, бие болон нүүрээр нь туурч, цээж хөндүүрлэх, хоолонд дургүй болох, улмаар сульдах, үс нь хагтаж, унах шинж тэмдэг илэрч, эдгэртлээ удсан байна.
Түүнээс гадна 1995-1996 онд манай улсад сахуу татран дэгдэж, 200 гаруй хүн өвдөн, 40 гаруй нь нас барсан харамсалтай тохиолдол бий. Тухайн үед ОХУ болон Европын улс орнуудад сахуу татрангийн вакциныг эсэргүүцэж, хийхээ больсон байв.
Дээрх улсууд руу арилжаа наймаа хийхээр зорьсон олон монгол залуу уг өвчний халдвар авсныг танил эмч минь хэлсэн юм. Вакцин хийлгээгүйгээс үүсэх наад захын сөрөг үр дагавар энэ ажээ.
Сүүлийн үед манайд хийж эхэлсэн, уушгины хатгалгааны эсрэг “Пэв” гэх вакцин хүүхдэд сөргөөр нөлөөлж байна гэх цуурхал эцэг, эхчүүдийн дунд дэлгэрээд буй. Үүнийг тодруулахаар Баянгол дүүргийн 23 дугаар хорооны “Гурван санчир” өрхийн эмнэлгийг зорив.
Тус эмнэлгийнхэн долоо хоног бүрийн даваа, пүрэв гарагт урьдчилан сэргийлэх вакцинд иргэдийг хамруулдаг ажээ. Өнгөрсөн даваа гарагт 30 гаруй хүүхдийг урьдчилан сэргийлэх тарилгад хамруулсан байна. Утааны улирал эхэлсэн учир ачаалал нэмэгдсэнийг тус эмнэлгийн сувилагч нар хэлсэн юм.
“Гурван санчир” өрхийн эмнэлгийн их эмч, доктор Ч.Отгонцэцэг “Вакцины талаарх иргэдийн ташаа ойлголт багассан ч ямар нэгэн сөрөг нөлөөтэй гэх үзэл нийгэмд одоо ч хэвээр байна. Сүүлийн үед “Пэв” гэх тарилгыг сөрөг үр дагавар ихтэй гэж ярих боллоо. Вакцин бол аливаа халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлааг хүний биед тогтоодог.
Одоогоор энэ тарилгыг тариулсан хүүхдүүд дунд аюултай шинж тэмдэг илэрсэн тохиолдол гараагүй. Төрөлхийн дархлаа султай нярай болон амьсгалын замын цочмог өвчтэй, саажилттай хүүхдэд вакцин хийдэггүй. Вакцин тарьснаас хойш 72 цагийн дотор сувилагч нар хүүхдүүдэд тандалт хийдэг юм.
Тандалт гэдэг нь халуурсан, гурван цагаас дээш хугацаагаар тасралтгүй уйлсан, тариа хийсэн газар хавдаж улайсан, эсэхийг тухайн хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагчтай холбогдож лавлахыг хэлдэг. Иймэрхүү хөнгөн зэргийн урвал явагдах тохиолдол олон. Энэ үзэгдлийг эцэг, эхчүүд хүндээр тусгаж авснаас буруу ойлголттой болдгийг үгүйсгэхгүй.
Вакцинаас болж шоконд орсон, хүнд урвал илэрсэн хүүхэд манай хороонд байхгүй. Бид иргэддээ урьдчилан сэргийлэх тарилгын сургалтад тогтмол явуулж чаддаггүй ч, ирсэн хүн бүрт гарч болох шинж тэмдгүүдийг нь тайлбарлаж, гарын авлага тараадаг” гэв.
“Гурван санчир” өрхийн эмнэлгээр үйлчлүүлж байсан тус хороооны иргэн Н.Золжаргал “Би гурван хүүхэдтэй. Хүүхэд бүртээ цаг тухайд нь товлолт вакциныг нь хийлгэдэг. Ингэхдээ хийлгэх вакциныхаа чанарыг эмчээсээ байнга лавладаг.
Манай хорооны өрхийн эмнэлгийнхэн энэ тал дээр сайн ажилладаг. Сувилагч нар шинэ тариур задалж, ямар вакцин хийх гэж байгаагаа тайлбарладаг. Ер нь олон улсад хүлээн зөвшөөрсөн урьдчилан сэргийлэх тарилгыг хүмүүс хийлгэж байх нь зөв гэж боддог.
Манай бага хүү хөл нүцгэн явбал хоолой нь тэр дороо өвдчихдөг учраас томуугийн эсрэг вакцин өнгөрсөн жил хийлгэсэн. Түүнээс хойш ханиад хүрсэн ч хөнгөн тусдаг болсон” гэлээ. Харин тус хороонд оршин суугч Э.Ариунзаяа “Би товлосон вакциныг хүүхдүүддээ есөн сар хүртэл нь хийлгэсэн.
Түүнээс цааш нар, ус, хоол гэх мэт уламжлалт аргаар дархлааг нь дэмжихийг илүүд үздэг. Эрүүл байгаа хүүхдээ заавал уйлуулан байж тариулахыг хүсдэггүй. Гэхдээ хүүхдүүд минь вакцинаас болоод өндөр халуурч, уйлан, зовиурласан тохиолдол байгаагүй ээ. Дархлааг нь л сайн дэмжиж байвал заавал вакцин хийлгэх шаардлагагүй гэж боддог” гэсэн юм.
Өнгөрсөн сард 23 дугаар хороонд товлолт вакцин хийлгэх ёстой 200-гаад хүүхдээс 98 хувь нь дархлаажуулалтад хамрагджээ.
2011 онд ОХУ, 2012 онд БНХАУ-ын Шинжаан, Уйгарт халдварт саа өвчин дэгдсэн. Энэ өвчин манай улсад сүүлийн жилүүдэд огт гараагүй. 2002 оноос устсан гэж тэмдэглэсэн байсан ч дээрх өвчин хөрш орнуудад дэгдмэгц улсын хэмжээнд вакцин хийсэн нь урьдчилан сэргийлэх оновчтой алхам болжээ.
Халдварт саа тусвал насан туршдаа тахир дутуу болдгийн зэрэгцээ хөхүүл ханиад гэх өвчин хүүхдийн амь насанд ч хүрэх аюултай гэнэ. Энэ бүгдээс сэргийлэх боломжийг дархлаажуулалт олгодог аж. Хөхүүл ханиад гэхэд хамгийн сүүлд манай оронд 1976 онд дэгдсэн бол 2004 оноос хойш огт гараагүй юм байна.