Нийслэлийн Амгалан амаржих газрын Эмэгтэйчүүдийн эмгэгийг эмчлэх тасаг байгуулагдсаны хоёр жил, дурангийн мэс засал хийж эхэлсний нэг жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан “Нээлттэй хаалганы өдөрлөг” энэ сарын 30-ны өдөр боллоо. Энэхүү үйл ажиллагааг нээж амаржих газрын дарга Ц.Батболд үг хэлсэн бөгөөд ЭЭЭТ-ийн тасгийн эрхлэгч, клиникийн профессор, Анагаах ухааны магистр, тэргүүлэх зэрэгтэй эмч Л.Долгоржав эмэгтэйчүүдийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээ болон тус тасгийн хоёр жилийн хугацаанд хийсэн ажлын ололт амжилт, цаашдын зорилтын талаар танилцууллаа.
“Нээлттэй хаалганы өдөрлөг”-т НЭМГ-ын төлөөлөл, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, резидент эмч бүхий нийт 120 хүн оролцлоо. Өдөрлөгийн үйл ажиллагааг найман өртөөгөөр зохион байгуулж эмч, мэргэжилтнүүд болон үйлчлүүлэгчдэд зориулсан шинэлэг арга, бүтээлч санааг илтгэсэн өвөрмөц тохижилтыг хийжээ.