Хөгжлийн банк энэ сарын 16-нд олон улсын хөрөнгийн зах зээлд 500 сая ам.долларын бонд арилжсан тухай бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл бондын санхүүжилт орж ирснийг тус банк мэдээлэв. Уг бондыг таван жилийн хугацаатай, 7.25 хувийн купонтой, Засгийн газрын баталгаагүй арилжсан билээ. Хөрөнгө оруулагч нарын тухайд 39 хувь нь Америк, 37 хувь нь Европ, үлдэх хувь нь Азиас оролцсон аж. Дийлэнх буюу 86 хувь нь активын удирдлагын компаниуд байжээ.
Нийт захиалга Нью-Йоркийн зах нээснээр 4.1 тэрбум ам.долларт хүрсэн нь Хөгжлийн банкны санал болгосон хэмжээнээс найм дахин их байсан юм. Шинээр бонд арилжсан нь улсын валютын орох урсгалыг нэмэгдүүлэх, гарахыг нь багасгах, дотоодын валютын захад үүсээд буй хэлбэлзлийг сааруулахад эергээр нөлөөлсөн гэв.
Уг бондын хөрөнгө болон бусад татан төвлөрүүлж буй богино, урт хугацааны эх үүсвэрийн нөлөөгөөр энэ оны эцэст Хөгжлийн банкны актив хөрөнгийн хэмжээ нэмэгдэж, 3.8-4 их наяд төгрөгт хэлбэлзэхээр байгааг гүйцэтгэх захирал Б.Батбаяр дуулгалаа.
Ц.Ундрал