Энэ жил ерөнхий боловсролын сургууль төгссөн хамаатны дүү минь цэрэгт явахаар эртнээс төлөвлөсөн ч эрүүл мэндийн шалтгаанаар тэнцсэнгүй. Төмсгийн хальсанд нь илүүдэл шингэн хуримтлагдах эмгэгтэй гэж үзлэгийн үеэр эмч түүнийг оношилжээ. Ингээд тэр III эмнэлэгт хагалгаанд орох болсноо дуулгав.
Энэ тухайгаа “Санаа зовоод олигтой юм асууж чадахгүй, эвгүй юм байна. Эмчийн тайлбарласнаар бол миний “нөгөөхөд” илүүдэл шингэн хураад, усжсан гэнэ ээ” хэмээн дурамжхан тайлбарлав. Түүний ярьсныг дэлгэрүүлэн интернэтээс хайхад, төмсөг, хэвлийг холбодог суваг хаагдсанаас ийм эмгэг үүсдэг гэнэ. Энэ нь ихэвчлэн бага насныханд, тэр дундаа дутуу төрсөн хүүхдэд элбэг тохиолддог, харин насанд хүрэгчдээс хол өвчин байж. Гэтэл сүүлийн үед гэмтэл, үрэвсэл зэрэг хоёрдогч шалтгааны улмаас 14-25 насныхан энэ өвчинд өртөх нь ихэсжээ.
Ичсэн үү, бусдад хэлчихнэ гэж болгоомжилсон уу, эхэндээ дуугарч цөхөж байсан дүү минь хоёр, гурав хоногийн дараа “За, энэ ч яах вэ, төмсгийн бүр айхтар өвчин байна гэнэ. Тэрнээс хол байх юм сан. Цэргийн комиссынхон тэгж байна лээ” гэв. Тэр нь зүүн судасны үрэвсэл хэмээх өвчин болж таарав.
Танил ах минь хэдэн сарын өмнө найз нь энэ айхтар өвчнөөс болоод мэс засалд орсон, эмнэлгийн гурван өрөө түүнтэй ижил шалтгаанаар хагалгаа хийлгэсэн өвчтөнөөр дүүрсэн тухай ярьж байсныг дүү бататган хэлэв. Ингээд “Урьдчилан сэргийлэх тарилга” буландаа эрчүүдийн дунд түгээмэл төмсгийн судасны өргөсөл гэх өвчнийг онцоллоо.
Судас бүдүүрэх, зүүн судасны, үрийн хураагуурын өргөсөл зэргээр нэрлэдэг энэ өвчний олон улсын нэршил нь варикоцеле. Энэ нь varix буюу хураагуурын зангилаа, kele буюу хавагнах, хавдах гэсэн үгнээс үүдэлтэй. “Этүгэн” их сургуулийн багш нарын “Үрийн хураагуурын өргөсөл буюу варикоцеле” өгүүлэлд “Төмсөг болон ойролцоох эд, эсүүдэд тэжээл хүргэсэн цус хуухнагийн венийн судсаар дамжин, зүрх рүү чиглэдэг. Энэ үед цус өөдөө буюу хүчний эсрэг урсана. Венийн хавхаг хэвийн үед цусыг буцаж урсахаас сэргийлэх ёстой.
Гэтэл уг судас өргөссөнөөр хавхгийн хэвийн ажиллагаа алдагдан цус нь “савлах” хөдөлгөөн хийж, нэг газраа ээрнэ. Ингэснээр төмсгийн цусан хангамж алдагдаж, түүнийг бүрхсэн венийн судасны торлогийн тоо өсдөг. Судасны олон тооны зангилаа нь төмсгийг бүрхсэн хэлхээ бий болгосноор төмсгийг хөргөхөө больдог. Ингэснээр эр бэлгийн эс хэвийн боловсрох нөхцөл алдагддаг” гэжээ. Товчхондоо бол, судасны торлог төмсгийг “барьж”, цусны урсгалыг боож, буруу тийш чиглүүлдэг байна.
Судас бүдүүрэх эмгэг ихэвчлэн төмсгийн зүүн талд тохиолддог учраас зүүн судасны өргөсөл гэж нэрлэх нь түгээмэл аж. Төмсөгний баруун, эсвэл хоёр талд ийм эмгэг байх нь гойд үзэгдэл хэмээн анагаах ухаанд үздэг гэнэ.
Манай улсад энэ өвчний тархалтын тухай дорвитой, тогтмол судалгаа байхгүй ч хамгийн сүүлийн үеийн (2016 оны) мэдээллээр эрэгтэйчүүдийн 15-20 хувьд нь тохиолддог, үргүйдлийн 40 хувь нь энэ эмгэгээс үүдэлтэй гэсэн статистик бийг emch.mn хуудасны зөвлөх эмч нар онцолжээ.
Тэгвэл эрэгтэйчүүдийн өвчин судлаач, АШУҮИС-ийн багш, анагаах ухааны доктор А.Болдхэт “Варикоцелийн тархалт сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж, үргүйдлийн гол шалтгаануудын нэг болсон. Энэ эмгэгээр өвчлөгсдийн нас залуужсан. Варикоцелийн эмчилгээ, мэс засал дөрөв, таван жилийн өмнөхөөс өөр түвшинд очсон ч манай эрчүүд мэдээлэлгүйгээсээ болж хожуу үед нь оношлуулж, төмсгийн бусад өвчний суурь тавигдах, цаашлаад эр хүнийхээ үүргийг гүйцэтгэж чадахгүйд хүрч байна. Судасны бүдүүрлээс үүдэлтэй үргүй болсон 4000 тохиолдол бүртгэгдсэн байдаг” гэв.
Энэ өвчний гол шалтгаан нь удамшил. Цусан төрөлд нь венийн судас зангиран өргөсөх, хавтгай тавхай, зүрхний хавхлагийн гажиг зэрэг эмгэгтэй хүмүүс байсан бол энэ өвчин удамших магадлал 50-60 хувь гэнэ. Түүнчлэн гүйлгэх, өтгөн байнга хатах, хүнд зүйл өргөх, булчинд хэт ачаалал өгөх зэрэг нь үрийн суваг өргөсөхөд нөлөөлдөг гэсэн. Үүнээс гадна бас нэг буруу зуршил бий нь залуучууд сүүлийн үед хэт бариу, эсвэл зузаан хувцаслах болсон нь ч энэ өвчний гааруулжээ. Тодруулбал, төмсгийг хэт дулаан байлгах нь судас өргөсөх шалтгаан болдог. Үүний улмаас венийн судасны торлогийн тоо өсөж, төмсгийг бүрхэж, сэрүүн орчинд байх “эрх”-ийг нь бүрмөсөн хязгаарладаг байна. Гэтэл эр бэлгийн эс хэвийн боловсроход сэрүүн орчин маш чухал.
“Godsend” эрэгтэйчүүдийн эмнэлгийн зөвлөх эмч Ж.Хорлоо энэ тухай “Эрэгтэй хүний төмсөг хөргөгчинд байх ёстой эрхтэн. Хүнийг хөргөгчтэй юу гэж асуувал үгүй гэж хэлэх байх. Гэхдээ бий. Хоёр төмсгийг байрлуулж байгаа уут бол хөргөгч юм. Тэр уут нь хүний биеийн температураас 1-3 хэмээр бага температурт байх ёстой.
Зарим хүн төмсгөө барьж үзчихээд минийх хүйтэн байна гэдэг. Төмсөг хүйтэн байх ёстой. Тэгж байж хэвийн үйл ажиллагаа явуулж, эр бэлгийн эс ялгаруулна. Хэрвээ төмсөг дулаан газар удаан байрлавал олон эмгэгийн суурь болдог” хэмээн нэгэн нэгэн ярилцлагадаа онцолжээ.
Энэ төрлийн эмгэгтэйгээ яаж мэдэх вэ. Эрчүүдийн олонх нь ийм өвчтэйгөө хожуу, эсвэл санамсаргүй байдлаар мэддэг гэнэ. Учир нь, зүүн судас өргөсөх эмгэг эхэн үедээ ямар ч зовиургүй аж. Хуухнагийн уг хэсгээр өргөссөн судасны багц тэмтрэгддэг ч эрчүүд тэр бүр анзаардаггүй байна. Харин удаан зогсох, биеийн хүчний хүнд ажил хийхэд зовиур мэдрэгдэж, хэвтэхэд намддаг аж.
Гэсэн ч тэр ингэж “сайхан загнаж” байгаад эцэст нь хорт хавдар, үргүйдэл зэрэг аюул дагуулж, таныг мэс заслын орон дээр хэвтэхэд хүргэх урхагтай. Тиймээс эрчүүд бөөр, түрүү булчирхайгаа эмчид тогтмол үзүүлж хэвших хэрэгтэйг эмч нар зөвлөлөө. “Би зузаан хувцасладаггүй, бариу өмд өмсдөггүй болохоор аюулгүй” гээд тоолгүй орхиж болохгүй. Удамшил болон дам хүчин зүйл гэж аюул бийг санаарай.