Дорнын эдийн засгийн форумд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Владивосток хотноо ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзлаа. Уулзалтын үеэр Путин хоёр орны эдийн засгийн харилцаанд нааштай үр дүн гарч байгааг онцлоод “Орос, Монголын эдийн засгийн харилцаа бидний төлөвлөсний дагуу өргөжин тэлж байгаад сэтгэл өндөр байгаа. Тухайлбал, Монгол улсаар дамжин өнгөрөх транзит тээврийн хувь хэмжээ бараг гурав дахин нэмэгдсэн” хэмээн ярилаа. Түүнчлэн тэрбээр Дорнын эдийн засгийн форумд оролцох Монголын төлөөлөгчдийг хоёр дахь жилдээ ахлан ирж байгаад нь талархаж байгаагаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад илэрхийлэв.
Орос, Монголын эдийн засгийн харилцаа тогтвортойгоор тэлж байгаагийн нэг үзүүлэлт нь барааны эргэлт 2017 онд 50 хувь байсан бол 2018 оны эхний хагасын дүнгээр 30 хувьд хүрсэн явдал юм. Монгол, Оросын төрийн тэргүүнүүдийн хэлэлцээрт Оросын талаас Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков, Игорь Левитин, Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков, Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Үйлдвэр, худалдааны сайд Денис Мантуров, Эрчим хүчний сайд Александр Новак, “Роснефть” компанийн захирал Игорь Сечин, Оросын төмөр зам нийгэмлэгийн тэргүүн Олег Белозеров нар байлцлаа.