Монгол Улс Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульдаа өнгөрсөн долдугаар сард өөрчлөлт оруулсан. Ингэж ажиллахгүй бол манай улс ФАТФ-ын (Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн хориг арга хэмжээ хэрэгжүүлэх байгууллага) хар, саарал жагсаалтад багтах эрсдэлтэй байв. Улмаар санхүүгийн системд цохилт болж, олон улсын санхүүгийн байгууллагууд манайд хориг тавьж ч магадгүй байсан юм. Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэхийн ач холбогдол, учирч болзошгүй эрсдэл зэргийн талаар “Өнөөдөр” сонины Тамгын газрын дарга Ц.Болормаа, Эрэн сурвалжлах, экологийн мэдээллийн албаны дарга Г.Цолмон нар ярилцлаа.
Г.Ц: -Мөнгө угаах гэдэг ойлголтын талаар зарим хүн мэдэхгүй байх. Энэ нэр томьёоны талаар уншигчдад мэдээлэл өгөөч.
Ц.Б: -Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэдэг нь аливаа гэмт хэргээс олсон мөнгөө өөр хэлбэрт шилжүүлэн, эдийн засгийн эргэлтэд оруулж, гарал үүслийг нь дарагдуулахыг хэлдэг. Том авлигач, бизнес эрхлэгчид, террористууд л мөнгө угаадаг гэж хүмүүс ойлгодог байж мэднэ. Халаасны хулгайч нэг сая төгрөг хулгайлчихаад түүгээрээ зурагт аваад өөр газарт зарж, улсад бүртгүүлэхдээ “Зурагтаа зарж олсон мөнгө” гээд, хууль ёсных болгочихож байгаа нь ч үүнд багтах юм билээ.
Түүх сөхвөл, 1910 онд АНУ-д согтууруулах ундаа зарахыг хориглосон байдаг. Үүнээс болж согтууруулах ундааг хилээр хууль бусаар оруулж, борлуулдаг сүлжээ бий болсон гэдэг. Аль Капоне гэж нөхөр хулгай хийж, архи борлуулж олсон их хэмжээний мөнгөөрөө юм худалдан авах гэхээр татварын байгууллагад бүртгүүлэх тул баригдчих гээд байж. Тэрбээр ресторан ажиллуулж, бохир хэрэглэлээ угаалгын газарт угаалгах гэрээ байгуулах арга сэдэж л дээ. Угаалгын газар нь ашиг олж, татвараа ч төлөөд явж. Татвараа сайн төлдөг өнөөх угаалгын газарт байцаагч очиход хоосон байшин байсан түүх бий. Огт ажилладаггүй рестораныг ч “нээж”, мөнгөө хууль ёсных болгож хувиргасан хэрэг. Эндээс money laundering гэсэн нэр томьёо үүссэн.
Дэлхий нийтээр гэмт хэргээс олж буй бохир мөнгө хаашаа орж байгааг хянах тогтолцоо бий болгохоор ФАТФ-ыг байгуулсан. Монгол Улс ФАТФ-ын Ази, Номхон далайн бүсийн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн гишүүн. Тус байгууллага 40 зөвлөмж гаргасан байдаг. Ер нь улс орнууд санхүүгийн хяналтаа сайжруулж, мөнгө угаахтай тэмцэх замаар бусад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болсон. Энэ нь гэмт хэрэг хийж олсон мөнгөө эргэлдүүлэх боломжийг нь хааж байна гэсэн үг. Мөнгө угаагчид хяналт нь сул орнуудад мөнгөө шилжүүлэх сонирхолтой байдаг тул ФАТФ-аас шаардлага тавьж, хэрэгжүүлэхгүй аваас хар, саарал жагсаалтад оруулдгийг хүмүүс мэдэх болов уу.
Ц.Б: -Сая дурдсанчлан халаасны хулгайчийн үйлдлийг ч мөнгө угаах хэрэгт хамааруулна. Манай Эрүүгийн хуульд өөрчлөлт орж, гар утасны ченжүүдийг ч мөнгө угаасан гэж ял шийтгэж байгаа гэсэн байх аа.
Г.Ц: -Манай Эрүүгийн хуулийн 18.6-д заасан Мөнгө угаах гэдгийг хуульчлахдаа “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн, түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан. Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн замаар олсон гэдгийг мэдсээр байж авбал 1-6 сар, зургаан сараас нэг жил хүртэл хорино.
Энэ төрлийн гэмт хэргийг байнга үйлдсэн, албан тушаалаа ашигласан бол таван жил хүртэл хорих заалттай. Зохион байгуулалттайгаар үйлдвэл 12 хүртэл жил хорихоор хуульд заасан. Манайхан мөнгө угаах гэдгийг нэг их сүртэй, үндэстэн дамнасан хэрэг л гэж ойлгоод байх шиг. Гар утасны хулгайч, тэдний хамсаатан ченжүүд хүртэл мөнгө угаах гэмт хэрэг үйлдэгчид. Эрүүгийн шинэ хуульд ингэж л үзсэн. Тиймдээ ч хулгайн гар утас авч, сериал дугаарыг нь өөрчлөн худалдсан хэд хэдэн ченж мөнгө угаасан хэрэгт шалгуулж, зарим нь ял шийтгүүлчихээд байгаа.
Ц.Б: -Ер нь манай орны хувьд мөнгө угаах гэмт хэргийн нөхцөл байдал ямар байгаа юм бол. Анх хэдийд энэ төрлийн хэрэг бүртгэгдсэн гэж үздэг вэ?
Г.Ц: -Манай улсад мөнгө угаах гэмт хэргийн эх үүсвэр нь ихэнхдээ залилах, хөрөнгө завших, авлига, хээл хахууль, эд зүйл хууль бусаар хилээр нэвтрүүлэх, байгаль орчны эсрэг, татвараас зайлсхийх, хар тамхи зарах, хулгайн гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгөө хувиргах, шилжүүлэх, гүйлгээнд оруулах байдлаар гарч байна гэж хэдхэн хоногийн өмнө ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга манай сонинд ярилцлага өгөхдөө онцолсон.
Манай улсын хувьд мөнгө угаах гэмт хэрэг 2000-гаад оны сүүл үед хууль шүүхийн практикт шинээр орж ирсэн гэхэд болох байх. 2002 оны Эрүүгийн хуульд мөнгө угаах гэсэн зүйл заалт оруулсан ч түүнийгээ хэрэг бүртгэлт мөрдөн байцаалт, шүүхийн практикт саяхныг болтол хэрэглэж байгаагүй. Манай шүүх, прокурор, банк санхүүгийн байгууллагынхан тухайн үед мөнгө угаах гэмт хэргийн талаар ойлголтгүй байснаасаа болоод ч тэр үү, оросууд тухайн үеийн “Транс” банкаар дамжуулж, улаан лоолийн төлбөр нэрээр Кипрээс хойд хөрш рүү мөнгөн гүйлгээ хийж байсныг төдийлөн ойшоолгүй орхисон түүхтэй. Тус банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан ОХУ-ын иргэн А.Новожилов тэргүүтэй хүмүүс ингэж мөнгө угаасан гэх хардлага банкны эрх бүхий албан тушаалтнуудад байсан юм даг.
Улс орон дамнан үйлддэг мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэхийн тулд хууль бус хөрөнгө, мөнгөний эх үүсвэр, гадаад улс руу хэрхэн шилжиж гүйлгээнд орсон, цаашид ямар байдлаар хувиргаж эргэлтэд оруулсан талаарх мэдээллийг хууль сахиулах байгууллагууд тухайн үед авсан бол хэд хэдэн улс дамжин мөнгө угаасан байж болзошгүй үйлдлийг таслан зогсоож чадах байсан болов уу.
Ц.Б: -Шүүхээр мөнгө угаасан хэрэг шийдвэрлэсэн тохиолдол байдаг уу?
Г.Ц: -Манай хууль шүүхийн практикт мөнгө угаах гэмт хэргийг шийдвэрлэсэн тохиолдол цөөхөн. Тэр нь МИАТ компанийн эрх бүхий албан тушаалтнууд “Дайны эрсдэлийн даатгал” нэрээр үйлчлүүлэгчдээсээ авсан 7.3 сая ам.долларыг Хонконг зэрэг орноор дамжуулан угааж, завшсан хэргийг цагдаагийн байгууллага 2013 оноос шалгаж шүүхээр шийдвэрлүүлсэн юм. МИАТ-ийн тэр үеийн удирдах албан тушаалтнуудыг мөнгө угаасан гэм буруутайд анхан шатны шүүх тооцож, 10-12 жилийн ял оноосон бол Улсын дээд шүүхийн шүүгч нар мөнгө угаасан үйлдлийг нь хэрэгсэхгүй болгож байлаа.
Ерөнхийлөгч асан Н.Энхбаярт холбогдох хэрэгт ч мөнгө угаасан гэх зүйл ангиар ял төлөвлөж байсан ч шүүх бас л хэрэгсэхгүй болгосон түүхтэй. Албаны хүмүүс Эрүүгийн хуулийн 18.6-д заасан мөнгө угаах гэсэн зүйл ангиар 26 үйлдэлд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулж, 10-ыг нь шүүхэд шилжүүлэн, долоон хэрэгт нь шүүх ял оноосон гэсэн мэдээлэл өгч байгаа.
Ц.Б: -Гадаадынхан манайд мөнгө угаасан байж болзошгүй нэг тохиолдлыг та түрүүнд дурдаж, түүнийг шалгаагүй талаар хэллээ. Тэгвэл баримтаар нотлогдсон үйлдэл байгаа биз дээ?
Г.Ц: -Төр, олон нийт, хувийн өмчийг завших, үрэгдүүлэх, залилан мэхэлж авах, нийгмийн халамж, эрүүл мэндийн даатгалтай холбоотой залилан мэхлэх, хууль бусаар ашигт малтмал олборлох, татвар төлөхөөс зайлсхийх, авлига, албан тушаалын гэмт хэргүүд хамгийн өндөр эрсдэлтэйд тооцогдож байгааг ЭЦА-ныхан хэлж байгаа. Цагдаагийн байгууллага мөнгө угаасан байж болзошгүй олон хэрэг шалгасан ч шүүхээр шийдвэрлээгүй хав дарсан. Тухайлбал, Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын удирдах албан тушаалтнуудад холбогдох хэрэг. Сэргээн засах, өдрийн үйлчилгээ үзүүлэх төрийн бус байгууллага байгуулсан хамаарал бүхий хүмүүстэйгээ нийлэн хүмүүсийн бичиг баримтыг хуурамчаар бүрдүүлэн, улсын төсвөөс 1.1 тэрбум төгрөг завшиж, угаасан байдаг. Хэргийг нь шүүхэд шилжүүлсэн ч гол хүмүүс нь мултраад үлдсэн учраас дахин шалгуулахаар болсноос хойш сураг нь тасарсан.
Энэ мэт олон тохиолдлыг ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрынхан шалгасан. Гадаадын иргэн манай улсаар дамжуулан мөнгө угаасан сонгодог жишээ бол Баянбүрдийн баруун талд байрлах “Рийчфильд” зочид буудал. БНСУ-д нууц казино ажиллуулдаг тус улсын иргэн орлогоо нааш нь шилжүүлж, уг зочид буудлыг бариулж мөнгөө хууль ёсны болгон буцааж авсан байдаг. Бас ИНЕГ-ын “Зорчигч бүртгэлийн сүлжээний операторыг сонгон шалгаруулах төсөлд зарцуулах хөрөнгөөс албан тушаалтнууд нь 783 сая гаруй төгрөг завшиж Хонконгийн оффшор бүс рүү шилжүүлж мөнгөө угаасан. Нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс зайлсхийсэн 600 гаруй аж ахуйн нэгжид холбогдох 20 орчим тэрбум төгрөгийн хохиролтой хэргийг цагдаагийнхан илрүүлж, улсад учирсан хоёр тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн тохиолдлоос авхуулаад маш их хэмжээний хөрөнгө улсад буцаан оруулсан.
Г.Ц: -Сая миний дурдсанаас харсан ч тэр, манайхыг мөнгө угааж болзошгүй орон гэж ФАТФ үзэж, мөнгө угаагчид ч “онилж” буйг үгүйсгэхгүй. Тус байгууллага манайд ямар зөвлөмж өгч байгаа бол?
Ц.Б: -ФАТФ 2016 онд Монгол Улсыг шалгасан. Өнгөрсөн оны долдугаар сард манай улс хоёр дахь үнэлгээнийхээ үр дүнг Шри Ланк улсад болсон дээрх бүлгийн жилийн ээлжит хурлын үеэр хамгаалсан. Харилцан үнэлгээний тайланд Монгол Улсад засаж, залруулах, анхаарах зүйл их байна гэж дүгнэжээ. Хийж гүйцэтгэх ажил байгаа гэж үзсэн учраас хар, саарал жагсаалтад оруулахаас илүү боломж олгож, 15 сарын хугацаа өгсөн. Уг хугацаа энэ сард дуусна.
Өнгөрсөн долдугаар сард Монголын холбогдох байгууллагууд Балбад очиж тайлангаа хамгаалсан гэсэн. Энэ үеэр ФАТФ Монголын талаар ноцтой хэлэлцүүлэг өрнүүлээгүй гэж сонссон. Манай улсын холбогдох байгууллагууд ФАТФ-тай байнга хамтран ажиллаж, мэдээллээ солилцож байгаа учраас тэр болов уу. Одоо бол ФАТФ манай улсыг “Хийж байгаагаа үргэлжлүүл” гэж буй юм билээ.
Г.Ц: -Сэжигтэй гүйлгээг мэдээлэх үүрэгтэй этгээдүүдийн мэдлэг, ойлголт хэр байгаа бол?
Ц.Б: -Мэдээлэх үүрэгтэй этгээдүүдэд (банк, ББСБ, ХЗХ, үнэт цаасны, үл хөдлөх хөрөнгө зуучлалын компани, нотариат, үнэт эдлэлийн худалдаа эрхэлдэг хүмүүс) Санхүүгийн зохицуулах хороо сургалт хийсэн юм билээ. Мэдээлэх үүргийг байгууллагууд дарамт учруулж байна гэж үзэж болохгүй. Уг хуулийг хэрэгжүүлнэ гэдэг нь санхүүгийн байгууллагын дотоод хяналтыг сайжруулж буй хэрэг.
Даатгалын, үнэт цаасны компаниар бохир мөнгө дамжвал өөрсдөө ч асуудалд орно. Энэ талаар СЗХ-ны Захиргаа удирдлагын газрын дарга Б.Батзориг “Нэг үеэ бодвол байгууллагууд харилцагчаа таних ёстойг ойлгодог болсон. Иргэдийн зүгээс ч үйлчлүүлэхдээ иргэний үнэмлэхээ үзүүлэх ёстой гэж ойлгож буй нь ажиглагдаж байгаа” гэж ярьсан. Мэдээлэх үүрэгтэй этгээдүүд нь сэжигтэй гүйлгээ байж болзошгүй гэж үзвэл мэдээллийг нь Санхүүгийн мэдээллийн албанд хүргүүлэх ёстой. Ер нь мэдээлэх үүрэгтэй байгууллагуудын ажилчдыг 2016 оноос сургалтад хамруулсан юм билээ.
Энэ жил гэхэд СЗХ-ныхон бүх аймгаар явсан. Үр дүнд нь ганц улиралд л гэхэд нэг жилд мэдээлдэг (сэжигтэй гүйлгээний) мэдээллийг ирүүлсэн дүн бий. Дээрх алба нь сэжигтэй гүйлгээтэй холбоотой мэдээллийг авч, түүнд боловсруулалт хийдэг. Ер нь хуульд 20 сая төгрөгөөс дээших гүйлгээг мэдээлэх (үйлчлүүлэгчээр гүйлгээг нь хийлгэхгүй гэсэн үг биш, мэдээллийг нь л өгнө гэсэн үг) ёстой гэж тусгасан юм байна. Бас шинэ харилцагчийг, улстөрчийн, түүний нэр дээр хийгдсэн бүх гүйлгээг шууд мэдээлэх үүрэгтэй. Мөн огцом өөрчлөгдсөн үнийн дүнтэй хэлцлүүд, эдийн засаг, хууль зүйн үндэслэлгүй (мөнгөө хэрхэн олсноо тайлбарлаж чадахгүй) тохиолдолд мэдээлэх учиртай. Мэдээлэх үүргээ биелүүлэхгүй бол торгож, удаа дараа давтагдвал үйл ажиллагаа явуулах эрхийг нь цуцлах ч заалт бий.
Нэг хүн олон зуун сая төгрөгөө нэг газар соливол баригдчихна. Олон газар 19, 20 сая төгрөгтэй тэнцэх ам.доллар солиуллаа ч нийлбэр дүн нь төчнөөн болчихлоо гэдэг мэдээллийг нь дээрх алба боловсруулдаг. Тэнд байр, тэнд үнэт цаас худалдаж авлаа гэдгийг нь нэгтгэж бүртгэдэг гэсэн үг. Улмаар мэдээллээ цагдаагийн болон авлигатай тэмцэх байгууллагад өгдөг. Хуулийн дагуу, цэвэр, өөрийнхөө мөнгөөр эд зүйлс худалдан авч буй хүмүүст айх зүйл байхгүй.
Г.Ц: -Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн тайлан гаргаснаа энэ сарын эхээр Дэлхийн банк танилцуулахад манай улсад мөнгө угаахтай холбоотой асуудлыг бүрэн шийдвэрлэхгүй байх эрсдэл учирч болзошгүй гэж анхааруулсан. Мөнгө угаахтай тэмцэхэд анхаарах асуудлуудын хяналт, зохицуулалт хангалтгүй, хэрэгжилт нь сул байвал ямар эрсдэл үүсэж болзошгүй гэж эдийн засагчид үзэж байгааг сонирхов уу?
Ц.Б: -Энэ талаар Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч бөгөөд ахлах эдийн засагч Жон Паскаль Нганугаас тодруулахад “Гадаадын шууд хөрөнгө оруулалтын урсгал, санхүүгийн салбарт сөрөг нөлөө үзүүлж болзошгүй. Саарал жагсаалтад орвол дотоодын банкууд гадаад гүйлгээ хийх боломжгүй болох аюултай. Цаашлаад энэ нь ГШХО-ын урсгал болон эдийн засаг дахь нийт хөрөнгө оруулалтад сөргөөр нөлөөлдөг.
Монгол Улсын хувьд нийт хөрөнгө оруулалтын 70 орчим хувийг ГШХО дангаар эзэлж буй бөгөөд сүүлийн жилүүдийн эдийн засгийн эрчтэй сэргэлт болон цаашдын төлөвт ихээхэн сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй” гэж сануулсан. Тэрбээр мөн Монгол Улсын Засгийн газрын зүгээс шаардлагатай арга хэмжээг яаралтай авна гэж мэдэгдсэнийг сайшаасныг дурдах нь зүйтэй болов уу. Уг асуудалтай холбоотойгоор Дэлхийн банк болон АНУ зэрэг хөгжлийн түншийн дэмжлэгтэйгээр Засгийн газрын ажлын хэсэг холбогдох арга хэмжээнүүдийн хэрэгжилтийг хянах үүднээс уулзалт, хуралдааныг тогтмолжуулаад байгаа гэсэн.
Г.Ц: -Санхүүгийн системд цохилт болох эрсдэлтэй байх нь, тийм үү?
Ц.Б: -Тийм ээ. Дээр дурдсанчлан гадаадын банкууд манайхтай санхүүгийн гүйлгээ хийхгүй. Гаднаас зээл авлаа ч түүнийг дамжуулж оруулж ирж чадахгүй байх жишээтэй. Хэн нэгэн шударга ажилладаг хүн Монголд сая ам.доллар оруулж ирээд, шударгаар өрсөлдөөд ашиг олох байсан гэж бодъё. Гэтэл бохир мөнгө эргэлдүүлдэг хүн 1.3 сая ам.доллар оруулж ирээд бараа, бүтээгдэхүүнийг өндөр үнээр цохиж авангуутаа маш хямдхан зарчихаад алга болчихдог юм байна л даа. Шударга хүн нэг байшинг сая ам.доллароор худалдаж аваад, түрээсэлж байхад мөнгө угаадаг этгээд үүнээс илүүг төлөөд худалдаад авчих нь.
Яагаад гэвэл түүнд мөнгө чухал биш. Байшингийн бодит өртөг нь нэг сая ам.доллар байдаг. “Бохир” хүн байшингаа 800 мянган ам.доллароор ч юм уу зараад явчихдаг. 500-600 мянган ам.доллар нь мөнгөө цэвэршүүлэх зардал нь учраас тэр. Ингэвэл зах зээл савлана. Мөнгө угаах эрсдэлтэй орнуудад бохир мөнгөтэй хөрөнгө оруулагчид олноор орж ирдэг нь том эрсдэл. Тэд Улаанбаатар дахь барилгуудыг өндөр үнээр “цохиж” худалдаж авч байхад жирийн иргэд чадахгүй. Эдийн засаг сэргэж байна гэж эхэндээ харагдаж магадгүй ч цаашдаа сөрөг талууд нь гарна гэсэн үг шүү дээ.
Түүнчлэн Монгол Улс олон улсын гэмт хэргийн жагсаалтад орох эрсдэлтэйг СЗХ-ны мэргэжилтэн дуулгасан. Хэн нэгэн “Дансаараа сая доллар оруулаад, гаргаад өгөөч. 10 хувийг нь өгье” гэвэл хүн тэгье гэж мэднэ. Гэтэл мөнгөө дамжуулуулсан хүн нэг газар баригдаж л таарна. Дансаа ашиглуулсан нь гадаадад зорчихдоо нь бас л баригдана. Мөнгө угаах хэрэг тэр даруй илэрдэггүй ч холбогдох байгууллагууд бүртгэж байдаг. Ийм хэргийг ганц Монголд биш, өөр улсад ч давхар хянаж байдаг гэсэн. Монгол Улсад мөнгө угаах гэмт хэрэг үйлддэг гэдэгт эргэлзэхгүй байгаагаа зарим хүн хэлсэн шүү.
Саарал жагсаалтад багтвал иргэдэд учрах эрсдэлийн талаар арай дэлгэрүүлэхэд мөнгө шилжүүлэх, картаа ашиглах боломжгүй болохоос гадна байнга л хяналт, шалгалтад өртөнө. Банкуудад очиж гүйлгээ хийлгэхэд уддаг болно. Өөрөөр хэлбэл, бүх мэдээллийг нь “шалгаадаг” (зураг, гарын хээг нь авах зэргээр) юм байна л даа. Зарим банк бүр “Танай улс хар, саарал жагсаалтад багтсан учраас үйлчлэхгүй” гэнэ. Хойд солонгосчууд манайд байр түрээсэлж, мөнгөн гүйлгээ хийж болохгүй зэргээр санхүүгийн ямар ч үйлчилгээ авах боломжгүй. Дэлхий даяар ийм болно гээд бод доо. Хойд Солонгос, Иран улсыг хар жагсаалтад оруулсныг уншигчид мэдэх байх.
Ц.Б: -Ингэхэд та өнгөрсөн өвөл нэг нийтлэлдээ манай иргэдийн мөнгөөр терроризмыг санхүүжүүлсэн байж болзошгүй гэж онцолж байсан. Үнэхээр тийм тохиолдол байсан гэдэгт итгэлтэй байна уу?
Г.Ц: -Монголчуудаас залилсан мөнгөөрөө гадаадын тэр иргэн алан хядах бүлэглэлийг санхүүжүүлсэн байх магадлалтай. Яагаад тэгж үзсэн гэхээр АНУ-ын Холбооны мөрдөх товчоо (FBI)-ноос 2015-2016 онд манай улсад нэг бус удаа мөрдөгчид нь ирж, мөрдөн байцаалтын явц байдалтай танилцаад зогсохгүй, эзэмшдэг компьютер дахь бүх мэдээллийг хуулбарлан авч явсан байдаг юм. АНУ-ын Холбооны мөрдөх товчооныхон Марита Раналан Андервүүд хэмээх, Филиппин, Америкийн иргэншилтэй эмэгтэйн хамсаатнуудыг 2015 оноос хойш шалгасан бөгөөд Англи, Америкт эрэн сурвалжилж байжээ.
Гэтэл тэр хүн манай улсын 53 иргэнээс 22.5 сая ам.доллар буюу 50-иад тэрбум төгрөг залилж, уг мөнгийг лалын шашинт орнуудын иргэдийн дансаар гуйвуулж цаана нь хэн нэгэн авсан байдаг. Энэ баримтуудад үндэслээд манай иргэдийг залилсан мөнгөөрөө терроризмыг санхүүжүүлсэн байж болзошгүй гэж дүгнэсэн юм. АНУ-ын Хууль зүйн яамнаас манай хууль сахиулах байгууллагынханд албан бичиг ирүүлэхдээ “Та нарын явуулсан ажиллагааны дүнд олон улс дамнасан гэмт хэрэг илэрлээ” гэж бичсэн байсан.
Бэлтгэсэн: Г.Цолмон, Ц.Болормаа