Хөрөнгө оруулагч, тусгай зөвшөөрөл эзэмшигч, үйлчлүүлэгчийн хооронд гарсан зөрчил маргаанаас үүдэлтэй өргөдөл, гомдлыг Санхүүгийн зохицуулах хороо хүлээн авч хянан, шийдвэрлэдэг. Энэ оны гуравдугаар улирлын байдлаар даатгуулагчийн хууль ёсны эрх ашиг зөрчигдсөн талаар 103 өргөдөл, гомдол хүлээн авснаас 100-г нь хянан, шийдвэрлэсэн бол гурвыг нь хянаж буй аж.
Даатгалын салбарын өргөдлийг төрлөөр нь ангилбал жолоочийн хариуцлагын, авто тээврийн хэрэгслийн болон орон сууц, зээлдэгчийн эрсдэлийн даатгалын бүтээгдэхүүнтэй холбоотой нь 70, даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан тухай өргөдөл 60 гаруй хувийг эзэлжээ. Даатгуулагч иргэн, хуулийн этгээдийн нөхөн төлбөрт нийт 576.6 сая төгрөг олгуулахаар шийдвэрлэснээс 132 саяыг нь олгуулаад буй гэнэ.