“Миний хүүхэд бусдын л адил шүү дээ” хэмээн ээжүүдийн группт нэгэн ээж бичсэн байхыг хараад сэтгэл өвдөв. Саажилттай гэх оноштой хүүдээ зургаан жилийн турш эрчимтэй эмчилгээ хийлгэсэн ч төдийлөн сайжраагүй байна. Гэсэн хэдий ч бууж өгөлгүй, хийж болох бүхнийг хийсээр иржээ. Өдийг хүртэл ганц ч удаа итгэлээ алдаж байгаагүй тэрбээр нэг л удаа үнэн сэтгэлээсээ гомджээ. Учир нь хүүгээ салхилуулж байхад хүүг нь хажуугаар нь өнгөрсөн хүүхдүүд тэнэг, мангараар нь дуудсан нь тэр байж.
Ер нь монголчууд бидний хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстээ ханддаг хандлага маань тун эрүүл бус гэдэг нь гадаад дахь орчинд очихоор тод анзаарагддаг.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд эрх, эрх чөлөөгөө бүрэн дүүрэн эдлэх нөхцөл боломжийг бий болгохуйц эрх зүйн хэм хэмжээ Монгол Улсад төлөвшөөгүй, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх нөхцөл хязгаарлагдмал, хөгжлийн бэрхшээлийн асуудалд хүний эрхийн үүднээс хандах хандлага төлөвшөөгүйгээс тэдний эрх, эрх чөлөө ноцтойгоор зөрчигдөж байгаа нь нууц биш. Хамгийн сүүлд гэхэд ШУТИС-ийн тэргэнцэртэй иргэдэд зориулагдсан налуу шатан дээр оюутнууд унадаг дугуйнуудаа эгнүүлээд тавьсантай таарлаа. Ингэж болохгүй шүү дээ гэж хэлтэл “Тэгээд өөр хаана тавих юм бэ. Зам дээр тавихаар явган хүмүүс уурлана эсвэл хулгайчид тоног төхөөрөмжийг нь тоноод явчихна” гэх нь тэр. Энэ талаас харвал үнэхээр ч тэдэнд 100 хувь бурууг өгч болохгүй мэт. Гэхдээ л явган хүмүүс явах замгүй болно гэхтэйгээ зэрэгцээд хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ ч мөн явах газаргүй болно гэдгийг хамт бодохгүй байгаа нь харамсалтай.
Бид хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг “Хөөрхий дөө” гэж эвийлдгээ тэдэнд тусалж байна гэж ойлгодог. Тэднийг тэргэнцэртэй юм байж өвлийн хүйтнээр явж яах нь вэ дээ, гэртээ л байж байхгүй дээ, харахгүй, дүлий юм байж юугаа сурах гэж оролддог байна аа гэж ярина. Гэтэл тэд ч бас хүн, энэ нийгмийн нэг бүтээгдэхүүн шүү дээ. Бидэнтэй л ижил нийгмийн амьдралд орох эрхтэй, хүсэлтэй. Мөн хөдөлмөр эрхлэх эрх, үүрэгтэй. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 40.3-д “Төрийн захиргааны төв байгууллагууд өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлж байгаа бодлого арга хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүнийг нийгмийн харилцаанд тэгш оролцох боломжийг бүрдүүлэх асуудлыг тусгаж, хэрэгжүүлнэ” гэж заасан байдаг. Үүний дагуу хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийн санд төвлөрүүлсэн хөрөнгийг тэдний бие эрхтэн, хөгжлийн онцлогт нийцсэн тогтвортой орлого бүхий байнгын ажлын байрыг шинээр бий болгоход зарцуулах учиртай. Гэтэл төрийн болон төсвийн байгууллагын дөнгөж 38 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулж байна гэсэн статистик бий. Тэр ч бүү хэл боловсрол, эрүүл мэндийн салбарын байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилд авдаггүй мөртөө хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд ч мөнгө төлдөггүй болох нь “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн байдал, урьдчилан сэргийлэх хяналт шалгалт”-аар илэрч байжээ.
Тэгсэн хэрнээ тэднийг яг л нийгмээс тусгаарлагдах ёстой субъект мэт үзнэ. Ялангуяа хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээгээр тахир дутуугаар нь “хочилно”. Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн 2 дугаар бүлгийн 2.4.6, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд тэгш хамруулан сургах хөтөлбөрийн 5.8-д тус тус хөгжлийн бэрхшээлтэй хүний талаархи нийгэм, сэтгэл зүйн таатай орчинг бүрдүүлэх талаар тусгасан. Гэсэн хэдий ч хөгжлийн бэрхшээлийн асуудалд хүний эрхийн үүднээс хандах олон нийтийн хандлагыг бий болгоход чиглэгдсэн үнэн бодитой мэдээлэл нийгэмд тэр бүр хүрч чадахгүй байна. Өөрөөр хэлбэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тухай сошиал ертөнцөөр цацагдаж байгаа боловч мэдээллийн агуулгад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэр хүнд хийгээд эрхэд шууд болон шууд бусаар халдсан, үл хүндэтгэсэн, бүдүүлэг үг хэллэг ашигласан зэрэг байдлууд цөөнгүй байгаа нь нийгмийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж байгаа юм. Ямар сайндаа л хүүхдүүд өөрсдөөсөө арай өөр хүүхдийг хараад тэнэг, мангараар нь дуудаж байх вэ. Гэхдээ бид нэгэн зүг хамтдаа хөдөлж чадваас энэ бэрхшээлийг даван гэтэлж чадна. Тэдэнд хандах хандлагаа, тэднийг өөр гэж боддог бодлоо өөрчлөхөд л хангалттай. Бид өөрсдөөсөө эхэлж байж хойч үедээ үлгэрлэж чадна. Тэднийг дутуу гэж харахаасаа илүүтэйгээр бидэнтэй адилхан гэж ялгаварлахгүй хандвал тэдэнд ч мөн амьдрах урам зориг нэмэгдэнэ гэдгийг онцлон хэлэхийг хүслээ.