Белград (Серби), Приштина (Косово) хооронд заавал биелүүлэх хэлэлцээр байгуулах гэсэн Брюссель (Европын Холбоо)-ийн олон жилийн хүчин чармайлт амжилт олоогүй. Өрнөдөөс шахалт үзүүлж байсан хэдий ч Косовог албан ёсоор хүлээн зөвшөөрөх хугацааг Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич хойшлуулж чаджээ.
КОСОВОГ ОЛОН УЛСЫН АНХААРАЛД ЭРГЭН ОРУУЛСАН НЬ
Өрнөдийн дэмжлэгтэйгээр 2008 онд тусгаар тогтнолоо зарласан, хүлээн зөвшөөрөгдөөгүй Косовогийн асуудал сүүлийн саруудад олон улсын харилцааны нэг сэдэв болж, улам бүр анхаарал татаж байна. Хэдийн шийдсэн гэмээр асуудал дэлхий нийтийн анхаарлыг дахин татав.
Олон улсын хэлэлцэх сэдэвт Косовогийн асуудал орсон нь Вучичтэй холбоотой. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд олон улсын харилцаанд үүссэн хагарлын улс төрийн эгзэгтэй мөчийг Сербийн удирдагч оновчтой барьснаар бусад орны анхааралд дахин аваачлаа. Мэдээжийн хэрэг, Белград сүүлийн жилүүдэд түншийн нягт харилцаа тогтоож буй Орос, Хятад гэсэн хүчтэй холбоотнуудынхаа дэмжлэгтэйгээр ийм алхам хийжээ.
Сербүүдээс ичгүүргүйгээр Косовог авч болохгүй нь тодорхой болсон. Косовогийн тусгаар тогтнолыг дэлхийн 60 гаруй улс, тэдгээрийн дотор Орос, Хятад, Энэтхэг, Израил төдийгүй Европын Холбооны гишүүн таван улс буюу Испани, Грек, Кипр, Словак, Румын дэмжээгүй. Каталоны хямралын дараа Испани улс Косовог тусгаар тогтнохыг эрс эсэргүүцэгчдийн нэг болжээ. Үүний сацуу өнгөрсөн нэг жилд хэд хэдэн улс Косовог хүлээн зөвшөөрсөн шийдвэрээ буцаасан байна.
Тайванийн тусгаар тогтнолыг мөн адил хүлээн зөвшөөрсөн шийдвэрээ буцаасан урьдын туршлага байдаг. Белград, Приштина хоорондын харилцааг зохицуулах зуучийн үүргийг НҮБ-аас 2008 онд авсныхаа дараа Европын Холбоо асуудлыг түргэн шийдэхийг оролдсон. Тиймээс тус улсыг тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхгүйгээр Серби Европын Холбоонд элсэх боломжгүй хэмээн шуудхан мэдэгдэж байжээ.
Харин одоо сербичүүдийн шийдвэр төгс байдлыг дарахын тулд тэднийг косовочуудтай тохиролцоонд хүрвэл 2025 он гэхэд Европын Холбоонд элсүүлнэ гэжээ. Одоогийн Европын комисс үүрэгт хугацаандаа, мөн ирэх жилийн тавдугаар сард Европын парламентын сонгууль болж, Европын шинэ комисс байгуулагдахаас өмнө Косовогийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлэх асуудлыг дуусгахаар яарч буй. Сербийн удирдлага Косовогийн асуудлыг эхлээд энэ оны дөрөв, дараа нь зургадугаар сард хэлэлцэхээр хойшлуулсны дараа Вучич Брюссельд косовочуудтай ээлжит хэлэлцээ явуулсны дараа мэдэгдэл хийхээ зарласан байна.
“ТҮРГЭН НҮҮГЧ”
Вучич ухаалаг улстөрч, шатрыг шүтэн бишрэгч, уг спортын дүрмийг ажилдаа амжилттай хэрэгжүүлэгч гэдгээрээ алдартай. Белградын их сургуулийн Хуулийн сургуулийг онц төгссөн тэрбээр хэдэн жил сэтгүүлчээр ажиллаж байгаад, Сербийн радикал намын гишүүн болсноор улс төрд оржээ. Богино хугацаанд тэрбээр амжилт олж, намынхаа дарга Воислав Шешелийн ойрын туслахуудын нэг болов. Дараа нь Шешелийн орлогч Томислав Николичийн хамт 2008 онд намаасаа салж, Сербийн дэвшилт нам (СДН)-ыг байгуулжээ.
2012 онд Николич Ерөнхийлөгчөөр сонгогдсон учир Вучич намын дарга болж, хэд хэдэн сайдын албан тушаал хашин, 2014 онд Ерөнхий сайд болсноор эдийн засгийн асуудлуудыг шийдэх талаар идэвхтэй ажилласан байна. Богино хугацаанд улс төрийн хүч, намынхаа дэмжлэгийг авсан тэрбээр өнгөрсөн онд Николичийг улиран сонгогдох тэмцлээс хөнгөхөн гаргажээ. Сонгуульд 47 настай Вучич 55.08 хувийн санал авч, эхний шатанд ялсан.
Тангараг өргөж, үг хэлэхдээ тэрбээр Косовогийн талаар олон нийтийн яриа хэлэлцээ хийх хэрэгтэй хэмээн мэдэгджээ. Албаничуудтай урт хугацааны энх тайван байдал тогтоохоор мэдэгдэж, Өрнөдийн талыг баримтлагч гэдгээрээ алдартай Ана Брнабичийг Ерөнхий сайдын албан тушаалд дэвшүүлсэн нь Вучичийн удирдлага дор Серби улс Косовогийн тусгаар тогтнолыг хамгийн богино хугацааны дотор хүлээн зөвшөөрнө гэсэн найдлагыг Брюссельд өгсөн. Нөгөө талаар, Косовог хүлээн зөвшөөрөхийн эсрэг, гэхдээ Европын Холбоонд элсэхийг үгүйсгэхгүй гэсэн мэдэгдлээрээ Ерөнхийлөгч Сербийн ард түмний дэмжлэг авчээ. Үүний зэрэгцээ Вучич ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель, БНХАУ-ны дарга Си Зиньпинтэй удаа дараа уулзаж, гадаад бодлогын идэвхтэй үйл ажиллагаа явуулсан байна.
ХУУРТАГДСАН ХҮЛЭЭЛТ
Косово ба Метохи өөртөө засаг эрхтэй хязгаараас татгалзах тухай мэдэгдэхдээ НҮБ, НАТО, Европын Холбоонд элсэх эрхтэйг Вучич хүлээн зөвшөөрөх ёстой байв. Тус хязгаарын тухай хэлэлцээ Брюссельд энэ сарын 7-нд болж, мэдэгдлээ нөгөөдөр нь хийхээр товложээ. Тэгэхдээ Европын Холбоонд элсэхийн ашиг, Косово дахь сербичүүдийн байдал найдлагагүй болсон тухай Сербийн удирдагчид, гол улстөрчид мэдэгдсэн бол Ерөнхийлөгч нь үг хэлэх бүртээ Косовогийн тухай хөндөж, Сербид энх тайван, тогтвортой байдал чухал бөгөөд хүн ам зүйн гүн хямралд орсон Сербийг зөвхөн амжилттай хөгжил л аврахыг сануулж байв.
Косово болон Сербийн хувьд стратегийн чухал суурингуудад үг хэлүүлэхгүй байхыг сөрөг хүчнийхэн оролдсоны хариуд Приштина ч, Европын Холбоо ч тааварлаагүй шатрын гайхамшигтай нүүдлийг Вучич хийжээ. Өөрийнх нь эсрэг сүрдүүлгийн, бас Брюсселийн хэлэлцээрт заасан болзлуудыг зөрчин Косово руу зорчихыг хориглох гэсэн орлогуудын бүх нотолгоо цуглуулснаа Сербийн удирдагч Европын дипломат бодлогын газрын тэргүүн Федерика Могеринад танилцуулсан гэнэ.
Дараа нь тэрбээр Хашим Тачи тэргүүтэй Албанийн төлөөлөгчидтэй уулзахаас татгалзан Брюсселиэс явжээ. Могеринагийн өмнө хүлээн зөвшөөрөгдөөгүй Косовогийн Ерөнхийлөгч тайлбар тавьж, сэтгүүлчдэд яриа хэлэлцээ тасраагүй, түр зогссон хэмээн итгүүлж, дараа нь Европын Холбоо, АНУ-ын шахалтаар Вучичийг Косово руу бүрэн хэмжээний айлчлал хийхийг зөвшөөрөхөд хүрсэн байна. Вучичийг явсны дараа Могерини мэдэгдэл хийж, өчигдөр эхэлсэн НҮБ-ын Ерөнхий ассамблейн сайд нарын долоо хоногийн өмнө Серби, Косово хоорондын харилцааг хэвийн болгох яриа хэлэлцээний хүрээнд өндөр хэмжээний уулзалтын үеэр яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэхийг тодруулжээ.
Талууд ойрын саруудад зөвшилцөлд хүрнэ хэмээн найдаж буйгаа Могерини онцолсон байна. Хариуд нь Вучич мэдэгдэхдээ “Белград, Приштина хоорондын мөргөлдөөөнийг зохицуулах төсөл хараахан байхгүй. Могеринагийн хэлсэн өдөр Брюссельд очих боломжгүй. Учир нь тэр үед Хятадад чуухал уулзалттай байна” гэжээ. Одоо Сербийн байр суурийг эмхлэх гол уулзалт нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын Төрийн тэргүүн Дональд Трамптай Вучичийн хийх хэлэлцээ байх нь гэж шинжээчид үзэж байна.
А.ВУЧИЧИЙН ЯЛАЛТЫН ҮГ
Энэ бүхний дараа Вучичийн Косово болон Метохид хийсэн айлчлал ёслол төгөлдөр болжээ. Улс орноо сэргээнэ гэсэн найдлага тавьж буй ард түмэн нь түүнийг Сербийн далбаа, “Тавтай морил, Ерөнхийлөгч өө” гэсэн бичигтэй хуудас, түүний хөргийг барин угтжээ. Харин Косовог чөлөөлөх армийн ахмад дайчид ямах замыг нь хааж, дугуйны хаймар шатааж, автомат буугаар агаарт хий буудах зэргээр эсэргүүцлээ илэрхийлсан байна. Гэвч энэ нь Вучичид ашигтайгаар тусаж, Европын Холбооны түвшинд хэлэлцээ хийхэд Албанийн талынхан тохиролцож чадахгүйг харуулсан хэрэг болжээ.
Сербийн Ерөнхийлөгчид барьсан бас нэг бэлэг нь Германы Канцлер Ангела Меркель Македонд айлчлахдаа Балканы бүс нутгийн хил хязгаарыг өөрчлөхийг эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн явдал байв. Ковосод Александр Вучичийн хэлсэн, удаан хүсэн хүлээсэн үг Сербийн өөртөө засах эрхтэй хязгаараас татгалзах арга зам болоогүй, харин Сербийн хүн амын хувьд эсэн мэнд үлдэх, тэмцэх заавар болжээ. “Биднийг ХХ зуунд хороосон.
Одоо улс орон, хүн амыг сэргээхэд хоёр зуун хэрэгтэй” гэж Вучич мэдэгдээд, Сербийн Косово мужийн эдийн засагт томоохон хөрөнгө оруулалт хийхээр амласан байна. Сербийн Ерөнхийлөгч ард түмэндээ албаничуудтай эв найртай аж төрөхийг уриалаад, улс төрийн яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэхээ амлажээ. Үүний сацуу албаничуудыг дайсагнасан үйлдэл хийхгүй байхыг анхааруулаад, “Сербийн ард түмнийг хамгаалах хэрэгтэй болбол нэг ч секунд эргэлзэхгүй” гэж мэдэгдэв. Вучичийн энэ үгийг олон мянган сербичүүд талархан хүлээн авч, алга ташсан байна.
ҮР ДҮН
Брюссельд хийсэн ээлжит хэлэлцээ, Косовод Ерөнхийлөгчийн хийсэн айлчлалыг Сербийн шинжээчийн нийгэмлэг маш өндрөөр үнэлжээ. Түүний айлчлал Косово болон Метохигийн сербичүүдийн зүрхэнд найдвар төрүүлж, байнгын дарамттай нөхцөлд аж төрж буй тэдний сэтгэл санаааг өргөсөн гэнэ. Нөгөө талаар, Сербийн Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч, Гадаад хэргийн сайд Ивица Дачич Ерөнхийлөгчийнхөө айлчлалыг “Зорилгодоо хүрч, Белград энх тайван байдал тогтоохыг эрмэлзэж буйг харууллаа” гэж дүгнэжээ. Гэхдээ Брюссельд болсон хэлэлцээ бүтэлгүйтсэний гол үр дүн нь Вучичийн хувьд хожсон цаг юм.
АНУ Балканы орнуудын талаарх бодлогоо прагматик болгож буй нөхцөлд Европын холбоо өөрт тулгарсан асуудлаа шийдэхэд их санаа тавьж, өрнөдийнхөн дэлхийн хэтийн төлөвт бага зэрэг бууж өгч, Косовогийн асуудлыг хойш тавих нь сербичүүдэд таатай нөлөөтэй юм. Түүгээр зогсохгүй Сербийн удирдагч хугацааг тодорхойгүйгээр сунгаж чадлаа. Сербийн гол холбоотон Орос, Хятадын ялангуяа Балканы хойгийн талаарх байр суурь аажмаар бэхжих нь ХХ зуунд улс нь түүхэн ялагдал хүлээж, Косово салан тусгаарлахад хүрч буй үйл явдлыг цаашдаа гартаа авах найдвар өгч байна.
Бэлтгэсэн: З.Гал