Мал, амьтнаас хүнд халдварладаг зооноз өвчний тохиолдол манай улсад сүүлийн жилүүдэд нэмэгдэж буй.
Уг өвчнийг үүсгэгч нь шимэгч хорхой юм байна. Үүний талаар судалж, эрдмийн зэрэг хамгаалсан доктор, профессор С.Ганзоригтой ярилцлаа.
-Хэрэггүй амьтан байдаггүй, бүгд өөр өөрийн үүрэгтэй гэдэг. Шимэгч хорхой ч гэсэн ямар нэгэн үүрэгтэй биз?
-Өөрийнхөө амьдралынхаа туршид хийх ёстой үйл ажиллагаагаа өөр амьтан, ургамлаар гүйцэтгүүлдэг амьтныг шимэгч гэдэг. Өөрөөр хэлбэл, хүн, амьтны биед орж түүнээсээ хоол тэжээл, дулаанаа авдаг.
Хүмүүс аливаад хор хөнөөл учруулж, цусыг нь сорж, хоол тэжээлийг нь хумслаад байгаа амьтан бүрийг шимэгч гэж ойлгодог нь буруу. Зүгээр л байгалийн нэгэн элемент л гэсэн үг.
Шимэгчдийн дунд өвчин үүсгэгч хэд хэдэн хорхой бий. Энэ нь байгалийн тэнцвэрт байдлыг хадгалах үүрэгтэй гэж хэлж болно. Жишээлбэл, нэг бугад өвчин үүсгэгч хорхой шимэгчилж байна гэж бодъё.
Тэгвэл чоно аль сул дорой, өвчтэй амьтныг барьж иднэ. Хэрэв аль нэг нь өвчин тусахгүй, чононд баригдахгүй амьдраад байвал буганы тоо толгой хэт өсөж, бэлчээр сүйтгэх аюул учирч, байгалийн тэнцвэрт байдал алдагдана.
Тиймээс хэрэггүй амьтан биш. Өвчин үүсгээд байгаа нь тоо толгойг зохицуулах механизм юм.
-Хэдэн төрөл, зүйлийн шимэгч байдаг вэ?
-Энэ төрлийн амьтны зүйлийг яг тэд гээд хэлэх боломж байхгүй. Одоогоор зэрлэг амьтнаас илэрсэн 400 гаруй зүйлийн шимэгч бий. Малаас 170 гаруй зүйл илэрсэн. Үүний цаана мэдэгдээгүй, судлаагүй хэчнээн төрөл, зүйл байгааг хэлж мэдэхгүй нь. Саяхан шувуунд байдаг шимэгчийн тоог гаргасан юм. Манай улсад 500 гаруй зүйлийн шувуу байдаг.
Үүний зөвхөн 120 зүйлд нь судалгаа хийхэд 140-150 орчим зүйлийн шимэгч бүртгэгдсэн. Нэг зүйл нь хэд хэдэн эзэнтэй. Эзэн гэдэг нь тухайн хорхойны хооллох, амьдрах орчин болж буй амьтан гэсэн үг.
Жишээлбэл, бэтэг өвчний үүсгэгч нь шимэгч. Энэ нь хүнд ч бий. Тэгвэл хүн бэтэгний хувьд эзэн нь болно гэсэн үг. Мөн өөр өөрийн онцлогтой.
Жишээлбэл, үс, арьс, цус, махаар хооллодог гэх мэт. Арьсны хамуу гэхэд арьсаар хооллодог шимэгч хорхой юм.
-Та хэзээнээс, яагаад шимэгчийн талаар судалж эхэлсэн бэ?
-1980-аад оноос хойш өдий хүртэл бараг 40-өөд жил судалж байна. Гэхдээ зөвхөн зэрлэг амьтны шимэгчдийг судалдаг. Манай улсад малын шимэгчдийг судалдаг хүн олон. Харин зэрлэг амьтныхыг судалдаг нь цөөхөн байна. Малын, амьтны, хүнийх гээд шимэгч хорхой эзэн амьтнаасаа шалтгаалаад өөр.
Жишээлбэл, махчин амьтанд шимэгчилдэг хорхой мэрэгчид байдаггүй, эсвэл зөвхөн хүнд байдаг шимэгч гэж бий. Харин малынх бол буга, согоо, зээр, хулан, тахь гэх мэт зэрлэг амьтдынхтай төстэй.
Махчин амьтны хорхой завсрын эзэн, жинхэнэ эзэн гэж хоёр эзэнтэй байдаг. Тухайлбал, чононд байдаг хорхой нь заавал өөр эзнээс дамжиж очдог. Хэд хэдэн хөгжлийн үе шатыг давсан байдаг гэсэн үг.
Жишээлбэл, эрвээхэй гэдэг амьтан өндөг, төөлүүр, хүүхэлдэй, бие гүйцсэн эрвээхэй гэсэн хөгжлийн үе шатыг дамждаг шиг чононд байдаг хорхой өндөгнөөсөө бие гүйцэх хүртэл хэд хэдэн үе шат дамждаг.
Үүний эцсийн буюу нас гүйцсэн хорхой болох үе шат нь чононд очиж байж гүйцдэг. Тэр хорхой нь чонын гэдсэнд олон тооны өндөг гаргаж, тухайн өндөг нь чонын ялгадсаар дамжин гадагшлахаар мэрэгч, хивэгч амьтан болон хүний биед халдаж, уйланхай болж хувирдаг. Тухайн уйланхайтай амьтныг чоно барьж идсэнээр бие гүйцсэн хорхой болж хувирна гэсэн үг.
Тэгэхээр жинхэнэ эзэн нь чоно, завсрын эзэн нь уйланхай болгож тээсэн амьтан болж таарч байгаа юм. Малын гэдэс арилгаж байхад чацархайнд нь наалдсан уйланхай байдаг. Тэр бол шимэгч хорхой шүү дээ. Мөн хүн ч завсрын эзэн болж болно.
Хүний элгэнд наалдсан бэтэг гэж нэрлэж буй хорхой нь уйланхай хэлбэртэй. Тиймээс хүн, амьтан гэлтгүй бүгд хөгжлийнхөө аль нэг шатанд шимэгчтэй байна. Бага насны зарим хүүхэд хялгасан хорхойтой болсон байдаг биз дээ.
-Монголчууд сүүлийн үед өөрсдийгөө эмчлэх зорилгоор зэрлэг амьтны түүхий эд, эрхтэн идэж, бүр цаашилбал цусыг нь ч уух сонирхолтой болсон.
Шимэгч хорхойн халдвар авах эрсдэлтэй юү?
-Шимэгч хорхой бүр хүнд халдварлаж, өвчин үүсгэнэ гэвэл буруу ойлголт. Хүнд халдварладаг төрлийн хорхой гэж бий. Сүүлийн үед зэрлэг амьтны мах, цусыг түүхийгээр нь хэрэглэснээс янз бүрийн өвчин халдаад байгаа нь үнэн.
Ихэнх тохиолдолд ямар хорхой гэдгийг нь мэдэлгүй, туулга өгчихдөг. Жишээлбэл, тарваганы цөс нь хүний цөсөнд, чонын тархи, хүний тархинд сайн гэж иддэг. Чонын тархи, тархинд сайн гээд галзуу чонын тархи залгичихвал галзуурна л гэсэн үг.
Ганц хорхой ч биш, элдэв төрлийн нян, бактериас өвчин халдах аюултай. Саяхан би цагдаагийн байгууллагынхантай хамтраад байгаль, зэрлэг амьтантай хамаагүй харьцвал ямар аюулд хүрэх, ямар өвчин халдах талаар нэвтрүүлэг хийлээ. Энэ үед хийсэн судалгаагаар зэрлэг амьтнаас хүнд халдах магадлалтай 30-аад төрлийн өвчний жагсаалт гаргасан.
Жишээлбэл, өнгөрсөн жил нэг хүний ходоодноос тарваганы хорхой илэрсэн. 40-өөд жил шимэгч судлахдаа харсан хамгийн сонин тохиолдол нь энэ. Уг нь бол хүнд халдварлах магадлалтай үе нь авгалдай байдаг.
Эл хорхой нь шавжны биед авгалдай болж гүйцдэг. Тэр авгалдайг хүн залгисан тохиолдолд халдварлах магадлалтай юм л даа. Гэтэл бие гүйцсэн үедээ ч халдварлах боломжтой нь нотлогдож байгаа юм.
Тухайн хүн тарваганы ходоод, хүний ходоодонд сайн гэсэн мухар сүсгээр түүхийгээр нь идэж л дээ. Гэтэл өвдөж, эмнэлгээр яваад онош нь тодрохгүй байж. Арай гэж ходоодныхоо хорхойг авсан чинь юуных нь мэдэгдэхгүй байсаар надад авчирч үзүүлсэн. Судлаад үзтэл тарваганы ходоодонд байдаг хорхой байв.
Урьд өмнө нь ийм тохиолдол гарч байгаагүй. Мөн бор гөрөөсний цус ууснаас болж хоёр ч хүн өөд болох шиг болсон. Яргуйнд эмийн элемент байгаа ч бор гөрөөсний цусаар дамжихад илүү сайн гэдгийг хэн ч нотлоогүй шүү дээ. Гэхдээ хүний хүслийг хорьж дийлэхгүй. Үнэхээр хэрэглэмээр байвал түүнд нь бичил биетэн, өвчин үүсгэгч вирус байгаа, эсэхийг шинжлүүлэх хэрэгтэй.
Уг нь мал, амьтны эд, эрхтэн, цусыг түүхийгээр нь хэрэглэх нь шинжлэх ухаан хөгжөөгүй үед амьдарч байсан хүмүүсийн арга шүү дээ. Гэтэл одоо юу нь ч өвдөөгүй, эрүүл мөртлөө улам сайн болох гээд л есөн шидийн зүйл хэрэглэх болсон.
Энэ нь манай иргэдийн боловсролын түвшин ямар их доройтсоныг л харуулаад байгаа юм. Сайн таньдаг элэг муутай нэг хүн хавар болгон бор гөрөөсний цус уудаг байлаа. Гэтэл эдгээгүй, элэгнийхээ өвчнөөр өөд болсон. Бор гөрөөсний цус сайн байсан бол тэр хүн эдгэнэ биз дээ.
-Зэрлэг амьтнаас халдвар авах нь, малаас авахаас аюултай юу?
-Хамгийн гол сэрэмжлүүлэх зүйл бол энэ. Яагаад гэвэл малыг хагас дутуу ч гэсэн тариад, эмчлээд, үзлэг хийгээд байна. Зэрлэг амьтныг хэн ч эмчлэхгүй. Ялангуяа үнэг, чоно гэх мэт махчин амьтдын эрхтэн нэн аюултай.
Иргэд малын мах идэхдээ аль эрүүл, саруулыг нь шилж төхөөрдөг. Гэтэл зэрлэг, махчин амьтад байгалийн зохицолдлогоороо аль өвчтэй, ядарсныг нь түүж иддэг. Өвчтэй амьтан, үхсэн малын сэг зэмээр голцуу хооллодог. Тэгэхээр малын түүхий элэг, зэрлэг амьтны түүхий элэгнээс арай эрсдэл багатай гэсэн үг.
Ядаж нэг вакцин хийлгэсэн байгаа шүү дээ. Мөн хаагуур ч гүйж яваад ирсэн нь мэдэгдэхгүй нэг нохойг айхтар эрхлүүлнэ. Битгий эрхлүүл гэж байгаа юм биш. Дараа нь заавал гараа угаах ёстойг сайн санах учиртай. Хаагуур юу идэж, юу долоож явсан нь бүү мэд.
Нөгөө нохой нь долооход түүнд нян, шимэгчийн өндөг наалдсан, эсэхийг хэн ч хараад мэдэх боломжгүй. Тиймээс ариун цэврийг сайтар сахиж, үүсэл гарал нь тодорхой бус зүйл хэрэглэж болохгүйг байнга санах хэрэгтэй.
Үүсэл гарал нь тодорхойгүй гэдгийг манай иргэд мах, сүү гэх мэт хүнсний бүтээгдэхүүн дээр их ярьдаг. Гэтэл түүнээс ч аюултай зүйлээсээ тийм бичиг ерөөсөө шаарддаггүй. “Байгалийн амьтан юм чинь, сайн л байгаа” гэж ойлгодог.
-Та Японд олон жил судалгаа хийсэн юм билээ. Тэнд ч бас шимэгч судалсан уу?
-Тийм. Би Японд 10 гаруй жил ажилласан. Эхлээд Монгол орны зэрлэг амьтны шимэгч хорхойг судалж, түүгээрээ эрдмийн зэрэг хамгаалсан. Түүний дараа бэтэгний судалгаа хийсэн. Тэр дундаа байгаль орчныг бэтэгнээс эрүүлжүүлэх үйл ажиллагаанд оролцсон.
Японы Хоккайдо арлынхан маш их бэтэг өвчинтэй байсан. Түүнийг тараадаг гол амьтан нь үнэг байсан юм. Үнэг, чоно, нохойны гэдсэнд байрласан бэтэг хорхойн өндөг эзэн амьтныхаа ялгадсаар гадагшилдаг гэж дээр хэлсэн.
Тэгэхээр тухайн өндөг нь аль нэг ургамалд, эсвэл амьтны арьсанд наалдсаныг хүн мэдэхгүй хүрэх замаар халдварладаг гэсэн үг. Тиймээс нутгийн иргэдэд ариун цэвэр сахих, амьтанд хүрэхгүй байх зааварчилгаа өгч, халдвар тараагаад байсан үнэгэнд туулга өгөх аргаар бэтэг өвчинтэй тэмцсэн.
Ингэснээр зэрлэг амьтны өвчнийг ч дарж болдог юм байна гэдгийг баталж чадсан юм. Өдгөө Япон улс бэтэг өвчнөө нам дарсан.