Монголбанкнаас хоёр дахь жилдээ зохион байгуулж буй банкны салбарын удирдах ажилтны Зүүн бүсийн зөвлөгөөнийг өнгөрсөн амралтын өдрүүдэд Хэнтий аймагт зохион байгуулжээ. Энэ удаагийн зөвлөгөөнд зүүн бүсийн Хэнтий, Дорнод, Сүхбаатараас гадна говийн бүсийн Өмнөговь, Дундговь, Дорноговь аймгуудын Монголбанкны хэлтэс, салбарын удирдлагууд, арилжааны банкуудын төлөөлөл оролцсон байна. Зөвлөгөөнийг нээж Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан үг хэлж, Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба орон нутгийнхаа нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүдийн талаар танилцуулсан аж.
Мөн энэхүү зөвлөгөөнд Олон улсын валютын сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Нейл Сакер урилгаар оролцож, Монгол Улсад хэрэгжүүлж буй хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгчээ. Тус зөвлөгөөнд Монголбанкны Мөнгөний бодлогын газар, Хяналт шалгалтын газрын удирдлагууд, Хууль эрх зүйн газрын төлөөлөл оролцож, мөнгөний бодлогын шийдвэрийн хэрэгжилт, банкны салбарын хууль эрх зүйн шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл танилцуулга хийж, салбарын ажилтнуудын хамт “Банкны эрх зүйн шинэчлэл, хяналт шалгалтын чиг хандлага, цаашдын хамтын ажиллагаа” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн байна.