Монгол Улсын баруун хил дээр болсон зэвсэгт тулгаралтын ялалтын 70 жилийн ойн баярын хурал баасан гарагт болсон бөгөөд Ерөнхийлөгч Х.Баттулга Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувиар оролцсон юм. Энэ үеэр баруун хилийн тулгаралт, байлдаанд оролцож улс орныхоо тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хангах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан хилийн цэргийн 0130 дугаар ангийн 85 жил, хилийн цэргийн 0164 дүгээр ангийн 80 жилийн ой болон баруун хилийн тулгаралтын 70 жилийн ойг тохиолдуулан, Монгол Улсын газар нутгийн халдашгүй дархан байдлыг амь, бие үл хайрлан батлан хамгаалж, эх орон, төр ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, залуу хойч үеийнхнийхээ өмнө гарамгай гавьяа байгуулсан тус ангийн үе, үеийн хилчин, дайчид, офицер, ажилтан, албан хаагчдын гавьяа зүтгэлийг үнэлж Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа.
Түүнчлэн гаднын булаан эзлэгч хүчнүүдийн эсрэг Монгол Улсын тусгаар тогтнол, газар нутгийн халдашгүй дархан байдлыг амь, бие үл хайрлан батлан хамгаалж эх орон, төр ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэсэн ахмад дайчин Баянжаргалын Логийг төрийн дээд шагнал Сүхбаатарын одонгоор шагнав.
Шагнал гардуулсны дараа Ерөнхийлөгч Х.Баттулга “Эх орноо батлан хамгаалах ариун үйлсэд амь бие үл хайрлан зүтгэж явсан буянт буурлууд, ахмад дайчид, тэдний эрхэм үйлсийг нэр төртэй залгамжлан яваа хилчид Та бүхэнд Монгол Улсын баруун хил дээр болсон зэвсэгт тулгаралт байлдаан дууссаны 70 жилийн ойн мэндийг дэвшүүлье.Монгол Улсын баруун хил дээр 1940-1948 онд нийт 64 удаагийн зэвсэгт тулгаралт болсныг тангараг өргөсөн цэрэг эрс маань амжилттай няцааж байсан байлдааны түүх, гарамгай гавьяа байгуулсан БНМАУ-ын баатар Ж.Нэхийт, С.Лхагвадорж, Б.Гиваан, Б.Тэгшээ, Л.Даваадорж, Б.Дорж, Б.Бадам, Д.Намнан, Э.Шийлэг, Н.Жамбаа болон олон зуун эх оронч хөвгүүн, эрэлхэг хилчнийхээ алдар гавьяаг хүндэтгэн дурсаж байна.
Улсын хилийн халдашгүй дархан байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал нь Монгол Улсын оршин тогтнохуй, үндэсний аюулгүй байдлын хамгийн эрхэм бөгөөд дархан хэсэг байдаг. Ховд аймгийн Үенч сум дахь хилийн 0130 дугаар анги бол баруун хилийн зэвсэгт тулгаралтын үеэр манай улсын зэвсэгт хүчний гол хүч байж, Гоминданы цэргийн түрэмгийлэл, Оспаны дээрэмчдийн зэвсэгт халдлагаас эх орныхоо халдашгүй дархан байдлыг халуун амь, бүлээн цусаа үл хайрлан, өргөсөн тангарагтаа үнэнчээр хамгаалан тэмцэж, хойч үедээ эх оронч үзлийг үлгэрлэж, бахархан дуурсах алдрыг өвлүүлсэн домогт Байтагийн застав, Үенчийн отрядаас төрсөн эх оронч эрэлхэг баатар хөвгүүдийн өлгий билээ. Монгол эх орны хилийн анги, салбар бүхний бахархалт үүрэг, дайчин үйлсэд халуун талархал илэрхийлж, нийт албан хаагчдад эрүүл энх, сайн сайхныг хүсье. Монгол Улсын хил халдашгүй дархан байж, хилчин дайчдын яруу алдар бадартугай” гэлээ.