“Өргөө” амаржих газрын Сувилахуйн албаны аргазүйч, эх баригч Д.Уламбаяртай ярилцлаа.
-Та эх баригчаар бараг 30 жил ажиллаж байгаа гэв үү. Ажил тань хэдийнэ гарт орсон байх даа?
-Анагаах ухааны дунд сургуулиа төгссөн цагаас буюу 1989 оноос хойш өнөөг хүртэл “Өргөө” амаржих газартаа 29 дэх жилдээ ажиллаж байна. Аргазүйчээр ажиллаж буй сүүлийн дөрвөн жилийг хасвал эх баригчийн үүргийг тасралтгүй 25 жил гүйцэтгэжээ. Эмч, сувилагчийн ажил гарт орно гэж байхгүй. Шинжлэх ухаан, технологи хөгжихийн хэрээр сурах зүйл их. “Одоо бүгдийг чаддаг боллоо” гэвэл эрсдэл гарч, ур чадвар гологдоно. Эх барихын тусламж, үйлчилгээ бол багийн ажил. Маш богино хугацаанд оновчтой шийдвэр гарган, хоёр хүний амийг эсэн мэнд аврах хэрэгтэй.
-Энэ хугацаанд та хэчнээн хүүхэд эх барьж авсан бэ. Тоолж үзэв үү?
-9000 гаруй хүүхэд эх барьж авсан байна лээ. Эх баригчийн нэг онцлог ямар ч хүнийг дандаа “Миний хүү” гэж дууддаг. Дөнгөж сургуулиа төгссөн 20-иодхон настай байхдаа ч ээж шигээ хүнийг төрүүлэх гээд ингэж л дуудаж байлаа. Төрөхийн орон дээр гараад эмэгтэйчүүд “Надад туслаач” гэсэн авралын харцаар хардаг. Тэр үед нь өөрийнх нь ээж, эгч шиг хандаж, энэрэнгүй сэтгэл гарган, тусалж чадвал тэдэнд “Би энэ хүний үгэнд л орвол сайхан төрөх юм байна” гэсэн итгэл төрүүлнэ. Айдастай, муу зүйл бодоод байвал төрөх үйл явц удааширч, эрсдэл гарахыг үгүйсгэхгүй. Тиймээс өөртөө итгүүлж, үнэн сэтгэлээсээ хандвал эсэн мэнд амаржуулж чадна.
Би дөнгөж төгсөж ирсэн эх баригч нарыг хариуцаж ажиллаж байна. Анхнаас нь “Нэгдүгээрт ажил, хоёрдугаарт амьдрал шүү” гэсэн шаардлага тавьдаг. Биднээс ахмад үеийн эх баригчид халуурсан ч ажилдаа ирдэг байлаа. Ажлаа тасалчихвал дараагийн ээлж улирч ажиллах учраас тэр. Шөнийн ээлжинд гарч, 16 цаг ажилласны дараа хөлийн тавхай мэдээгүй болдог юм. Үхэл зовлон, гэнэтийн осол, эндэгдлээс бусад үед худал, үнэн шалтаг тоочин ажил хийдүүлэхийг би хувьдаа хүлээн зөвшөөрдөггүй. Хоёр хүний амь атгаж буй хариуцлагатай ажил учраас үүндээ сэтгэлтэй, сонирхолтой байна уу гэдгийг харж, хатуу шаардлага тавьдаг.
-Та хэдэн хүүхэдтэй вэ?
-Хоёр хүүхэдтэй. Хүн ер нь залуудаа л хүүхэд гаргах хэрэгтэй юм байна. Нөхөртэйгөө гэрлээд таван жилийн дараа том охиноо төрүүлж, 13 жилийн дараа хүүтэй болсон. Эр, эм эс хоорондоо зохицох хугацаа гэж байдаг юм шиг байна лээ. Төрнө гэдэг залуу насны л хөдөлмөр. Гэтэл зарим эмэгтэй нөхөртөө л хүүхэд гаргаж өгөх гэж байгаа юм шиг л ойлгон, цаг алдах нь бий. 40 хүрсэн хойно ганц, хоёрхон хүүхэдтэй байх жишээтэй. Амьдралд зовлон, бэрхшээл бишгүй тохиолдоно. Насны эцэст том болсон ганц хүүхдээ алдаад хүсээд хүүхэд гаргаж чадахгүй, харамсаж суугаа хүн бишгүй л таарах юм. Эрүүл эцэг, эхээс эрүүл хүүхэд төрнө. Нас ахих тусам хавсарсан эмгэг, хууч өвчин сэдэрдэг учраас залуудаа л хүүхэд гаргах нь зөв. Гэхдээ гэр бүлээ төлөвлөх хэрэгтэй шүү.
-Жирэмсэн эмэгтэйчүүдэд “Яаж төрнө өө” гэсэн айдас байдаг. Энэ айдсыг даван туулахад сэтгэл зүйгээ хэрхэн бэлдэх вэ?
-Ийм айдас жирэмсэн эмэгтэй бүрт байдаг. Орчин үед эмэгтэйчүүд цөөхөн хүүхэд гаргаж, төрөлтдөө маш их ач холбогдол өгдөг болсон. Эмнэлэгт танил талгүй бол төрж чадахгүй юм байна гэсэн буруу мессеж газар авлаа. Хүн буруу мессежийг маш хурдан хүлээж авдаг. Тухайлбал, элэг нь бага хэмжээгээр өөхөлсөн хүнд “Хорт хавдар болох гэж байна, зургаан сар тутам шинжилгээ өгөөрэй” гэвэл хяналтад тогтмол ордог. Харин “Бага зэргийн өөрчлөлт байна, урьдчилан сэргийлэх үүднээс үзүүлж байгаарай” гэвэл тоохгүй орхичих жишээтэй. Төрөхөөс айж болохгүй. Төрөлт гэдэг физиологийн үйл ажиллагаа. Манайхан анхны хүүхдээ төлөвлөхгүй төрүүлдэг.
Жирэмслэхээс хамгаалах олон төрлийн арга бий. Хэрэв жирэмслэхээр төлөвлөж байгаа бол наад зах нь таван цул эрхтэн эрүүл байна уу, бэлгийн замын халдварт өвчтэй, эсэхээ үзүүлэх хэрэгтэй. Цусны шинжилгээ өгч цус багадалт бий, эсэхээ ч шалгах нь зөв. Мөн найз залуу, нөхрөө урьдчилан сэргийлэх үзлэгт оруулах хэрэгтэй. Жирэмсний явцад биеийн жингээ хянах нь чухал. Хамгийн дээд тал нь 10-12 кг нэмдэг. Үүнээс их нэмбэл жирэмсний таргалалт бий болж байна гэсэн үг. Сүүлийн үед жирэмсэн эмэгтэй бүрт л умайн тонус илрэх болсон. “Хэвтрийн дэглэм сахь” гэсэн гээд хэвтсээр байгаад хэт таргалдаг. Японд хамгийн сүүлийн үеийн судалгаагаар дээд тал нь гурван кг жинтэй хүүхэд төрүүлэхэд хэвийн гэж үздэг болсон. Ингэхийн тулд жирэмсэн эмэгтэйчүүд хагас өлсгөлөн байдалтай байхыг зөвлөдөг. Гэтэл манайхан дөрвөн кг-аас дээш жинтэй хүүхэд төрүүлж байна.
-Өлсгөлөн байх нь хүүхдийн өсөлт, хөгжилтөд муугаар нөлөөлөх юм биш үү?
-Гол нь тэжээллэг хоол хүнс сонгох хэрэгтэй. Өлссөний зоргоор, шөнө ч босож идээд байвал таргална. Шим тэжээлтэй шинэ ногоо, эко бүтээгдэхүүнийг хоёр цагийн зайтай идэж, цагаан гурил, давс, архи, тамхи хорт зуршлаас татгалзах хэрэгтэй. Зөв хооллож чадвал жирэмсэн үедээ таргалахгүй. Жирэмсэн эмэгтэйчүүд өглөө босоод сайн идэх хэрэгтэй. Болж өгвөл салат, тараг, сүү, өдөр нэг, хоёрдугаар хоол идэж, оройн цагаар махан хоолноос татгалзахыг зөвлөдөг.
Гэхдээ жирэмсэн хүн хоёр литр шингэнийг заавал уух хэрэгтэй. Орой махан хоол идмээр байвал шингэц сайтай загас, тахианы мах түлхүү хэрэглэх нь зөв. Үүнээс гадна сэтгэл санаагаа бэлдэх нь маш чухал. Эмэгтэйчүүд жирэмсэн болсон эхний үедээ тагнай нь сэтэрхий, янз бүрийн гажигтай хүүхэд төрөх вий гэж айдаг, төрөх дөхөхөөр хүүхдээ төрүүлж чадах уу, их өвдөх байх, хийсвэр хагалгаагаар төрөх болов уу гэж сэтгэл зовнидог. Тэр айдсыг давахын тулд эрүүл байж, жингээ нэмэхгүй байх нь ч нөлөөлдөг. Жирэмсний сүүлийн гурван сард үтрээ буюу төрөх замыг бэлдэх хэрэгтэй. Мазокын шинжилгээ өгч, үтрээний цэвэршилтээ үзээрэй.
Үтрээний цэвэршилт нэг, хоёрдугаар зэрэг байвал айх зүйлгүй. Гурав, дөрөвдүгээр үе болон мөөгөнцөр, бэлгийн замын халдварт өвчтэй бол заавал эмчлүүлэх шаардлагатай. Мазокын шинжилгээний хариу зүгээр гарсан ч төрөхийн өмнөх сүүлийн нэг, хоёр сар цагаан юм их хэмжээгээр гарах, үнэр, өнгө орж буй, эсэхийг хянах хэрэгтэй. Үүнийг тоохгүй явсаар төрвөл хярзангаа хайчлуулах эрсдэлтэй. Үтрээ цэвэр байх тусам хярзан сунаж, дөрвөн кг жинтэй хүүхдийг ч асуудалгүй гаргадаг. Гэтэл үрэвсэлтэй байснаас хярзан сунахгүй, хавдаад, урагдах гээд байдаг учир хайчлахаас өөр аргагүйд хүрдэг юм. Тиймээс үтрээнээс гарч буй ялгадсыг маш сайн ажиглан, өнгө, үнэр нь өөрчлөгдвөл шинжилгээ өгч, эмчлүүлэх нь чухал шүү.
-Төрөхийн өмнөх өрөөнд эмэгтэйчүүд их хямардаг шүү дээ. Өвдөлт эхэлсэн үед яавал тустай бол?
-Сэтгэл санаагаа тайван байлгахын тулд жирэмсэн ээжүүд гар утсан дээрээ төгөлдөр хуур, усны долгионы ая татаад авчих хэрэгтэй. Эргэн тойронд нь өвдөж буй хүний дуу чимээ их байдаг учраас айгаад амарч чаддаггүй. Тиймээс нөгөө аяа чихэвчээр сонсоод амрах хэрэгтэй. Намуухан ая сонсож буй хүн өөрийн эрхгүй зүүрмэглэж, өвдөлт хооронд унтаж чаддаг. Өвдөлт хооронд унтаж амрах нь маш чухал. Өвдөнө гэдэг энгийнээр умай гэх булчингийн агших, сунах үйл ажиллагаа. Булчин агшиж, сунах тусам гэдэс базалж, хүүхдийг төрөх зам руу хөөж, шахдаг. Гар, хөл бусад булчин биеэ чангалах тусам хүүхдэд маш их даралт үүсгэдэг. Базалж байгаа үед нь хамраараа гүнзгий амьсгал авч, амаараа гарган, биеэ аль болох суллахыг хичээх хэрэгтэй. 2-3 минутын зайтай 35- 45 секунд өвдөхөөр савны амсар нэг цагт нэг см нээгдэх ёстой. Гэтэл “Яанаа, би үхлээ” гээд бодоод байвал хамаг булчин чангарч, умайн хүзүүнд ургийн толгой очиж наалдаж чаддаггүй.
-Анх удаа төрж буй эмэгтэйчүүд 24 цаг өвддөг, давтан төрөгчид үүнээс богино хугацаанд “зовдог” гэдэг. Ийм ялгаа бий юү?
-Умайн хүзүү гадна болон дотор хөөмий гэсэн хоёр давхар дамжлагаар дамжин нээгддэг. Анх төрөгчид 12-24 цаг өвддөг. Давтан төрөгчийн хувьд тэр хоёр хөөмий нь зэрэг нээгддэг учраас 6-8, дээд тал нь 12 цаг өвдөөд төрдөг.
-Дараагийн хүүхдээ олон жилийн зайтай төрүүлсэн эмэгтэйчүүд “Яг л анх төрөгч шиг өвдсөн” гэж ярьцгаадаг. Олон жилийн зайтай төрөхөд өвдөх хугацаа удаашрах уу?
-Төрөх жамаараа л төрсөн бол хоорондын зай хамаагүй. Манай эмэгтэйчүүд “Анхны хүүхдээ гаргаснаас хойш 8-10 жил болсон учир хийсвэр хагалгаагаар төрмөөр байна” гэдэг. Гэтэл тийм биш. Өвдөх хугацаа нь давтан төрөгчийн адил байдаг. Гэхдээ болж өгвөл төрөлт хоорондын зай гурваас дээш жил байвал сайн. Жирэмсний үйл явц бүхий л эрхтэн тогтолцоо, бодисын солилцоонд хоёр дахин хямрал бий болгодог. Эргэн төлжиж, хэвийн байдалдаа ороход 2-3 жил шаарддаг юм.
-Өвдөж байхдаа ус, чихэртэй байхуу цай уух нь сайн гэж сонссон юм. Үүнийг тодруулахгүй юу?
-Төрөх эмнэлгийн Хүлээн авах тасагт савны амсар нь дөрвөн хуруу нээгдсэн үед хүлээн авдаг. Савны амсар дөрвөн см-ээс доош нээгдсэн үед амаржих газрууд ургийн зүрхний бичлэг хийж, ЭХО-д хараад ямар нэг хүндрэлгүй бол “Өвдөлтийн хугацаагаа ойртуулаад ир” гээд буцаадаг. Үүнд айх хэрэггүй. Учир нь төрөлтийн идэвхтэй үе эхлээгүй байна гэсэн үг. Эх барихын стандартаар дөрвөн цагийн зайтай дотуур үзлэг хийдэг юм. Манай эхчүүд үүнийг мэдэхгүй, намайг тоохгүй байна гэж боддог. Хүлээн авахын эмчид 10.30 цагт үзүүллээ гэхэд 14.30 цагт дараагийн үзлэгийг хийх ёстой. Тэр хооронд аль болох хөнжилдөө ороод амрах нь чухал.
Умайн хүзүү 6-7 см нээгдсэн үед идэвхтэй болж, өвдөх үед нь бөмбөгөн дээр сууж, дээш доош цогихын зэрэгцээ өвдөлтөө дуустал амьсгалын дасгал хийгээрэй. Ингээд өвдөхөө болиход нь ус балгах хэрэгтэй. Жижиг хэмжээгээр савласан ус авч орох нь зөв. Ганцхан балгаад амныхаа бүх салстыг зайлж байгаад залгих хэрэгтэй. Умай булчинлаг эрхтэн. Булчин нь глюкозоор тэжээгддэг. Тиймээс өвдөж байхдаа чихэртэй өтгөн байхуу уух нь сайн. Харин умайн хүзүү бүрэн нээгдсэн ч ургийн толгой жаахан дээр байх үед эмч босож зогсохыг зөвлөдөг. Түүнээс биш умайн хүзүү бүрэн нээгдээгүй үед аль болох хэвтэж, зүүрмэглэхийг хичээх хэрэгтэй.
-Таван сар хүртлээ аминдэм уухыг эмч нар зөвлөдөг байсан. Сүүлийн үед аминдэм их уулгахаа больсон юм шиг санагдлаа. Энэ ямар учиртай юм бэ?
-Би эх баригчийн зүгээс тайлбарлахад жирэмсний үед уух аминдэмийг төдийлөн дэмждэггүй. Нэг хэсэг эм, аминдэмийн сурталчилгаа газар авсан. Үүний нөлөөгөөр жирэмсэн эмэгтэйчүүд хяналтгүй аминдэм ихээр хэрэглэснээс хүүхдийн жин томорч, өөрсдөө ч их таргалсан. Анхан төрөгчид 3800 кг-аас дээш жинтэй хүүхэд төрүүлдэг болоод байна. Нэмэлт аминдэмийг эмчийн бичсэн жорын дагуу л уух ёстой. Фолийн хүчлийг эхний гурван сар л ууна. Төмрийн бэлдмэлийг мөн цусны шинжилгээ өгч байж уух хэрэгтэй. Кальцийг ч ялгаагүй түнхний хөгжил дутуу байх вий гээд их хэмжээгээр уудаг. Хэт их ууснаас ургийн зулай битүү төрөх тохиолдол гардаг.
-Төрсний дараа хөхөө зөв амлуулах нь маш чухал. Буруу амлуулснаас хөх хагарах тохиолдол гардаг. Энэ үед юу хэрэглэвэл илүү үр дүнтэй бол?
-Төрөхөөсөө гурван долоо хоногийн өмнө хөхөө бэлдэх хэрэгтэй. Хөхний толгойг имрэн зөөлөн татах маягаар гаргаж болно. Мөн зөөлөн бие угаагчаар үрж, дараа нь вазелин түрхэж бэлдээрэй. Ингэж бэлдсэний дараа хүүхдээ амлуулахад хялбар. Хөхний толгой гаргагчийг төрснийхөө дараа хэрэглэж болно. Хөхний толгой хагарсан үед хар уургаар арчаад байвал амархан эдгэрдэг. Хар уураг гарахаа больсноос хойш хагарсан үед зориулалтын тос түрхээрэй. Эхчүүд маань хөхөнд сүү орохгүй байна гээд хүүхдээ угждаг. Гэтэл эхний 24 цагт хүүхдийн ходоодны хэмжээ 5-7-хон мл байдаг. Нэг дусал хар уураг ч хүүхдэд хоол болдог. Тиймээс төрсний дараа эхний 24 цагт сайн хөхүүлэх хэрэгтэй. Хөхөнд сүү орсны дараа 2-3 цагийн зайтай хөхүүлдэг.