Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 11-13-нд ОХУ-ын Владивосток хотод Дорнын эдийн засгийн IV чуулга уулзалтад оролцохоор өчигдөр хүрэлцэн очлоо. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний санаачилгаар дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй чуулга уулзалтад БНХАУ-ын дарга Си Зиньпин, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, БНСУ-ын Ерөнхий сайд И Наг Ён болон бусад улсын төр, засгийн төлөөлөл, албаны хүмүүс оролцож буй.
2015 онд болсон анхдугаар чуулга уулзалтад 24 орны төр, хувийн хэвшлийн 1500 орчим төлөөлөл оролцсон бол энэ удаагийнхад 60 гаруй орны 6000 орчим улстөрч, бизнесмэн, албаны хүн байна. “Алс Дорнод-боломжуудын хил хязгаарыг тэлэх нь” сэдвийн дор болж байгаа чуулганд Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр дахь жилдээ оролцож буй нь энэ. Оролцогчдын талаас илүү нь Оросынх. Хамгийн өргөн төлөөлөлтэйгөөр оролцож буй улс нь БНХАУ, БНСУ, Япон болон Монгол аж.
Төрийн тэргүүнийг Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа, ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов, тус улсын Приморын хязгаарын Амбан захирагчийн орлогч Д.Ф.Братыненко нарын албаны хүн угтан авсан юм. Ерөнхийлөгч Х.Баттулга тус хотод хүрэлцэн ирсэн даруй ОХУ-ын “Россия” сувгийн “Вести в субботу”нэвтрүүлэгт оролцож, ярилцлага өгсөн. Уг уулзалт нь улстөрчид хийгээд бизнес эрхлэгчид бүс нутаг төдийгүй улс, орнуудын харилцаа, хамтын ажиллагааны талаар нүүр тулан ярилцах талбар болж ирсэн. БНСУ-ын Ерөнхий сайд И Наг Ён Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхсанаар Төрийн тэргүүний хийх хоёр талын уулзалт эхэлсэн.
Төрийн тэргүүнийг дагалдан Шадар сайд Ө.Энхтүвшин, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд болон албаны бусад хүний хамт явж буй бөгөөд тэд албан уулзалтуудад оролцов. Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой 2020 онд тохиох талаар дурдаж, үүнийг угтан, хоёр улсын хамтын ажиллагаанд бодит ахиц дэвшил гаргах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Мөн БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Инд нь халуун дотно мэндчилгээг дамжуулахыг хүслээ.
БНСУ-ын Ерөнхий сайд И Наг Ён Ерөнхийлөгч Х.Баттулгад цаг зав гарган, хоёр улсын хамтын ажиллагааны талаар нээлттэй санал солилцох боломж олгосонд талархал илэрхийлээд, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний мэндчилгээг уламжлав. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийг тус улсад айлчлах урилгыг энэ удаагийн уулзалтаар дахин хүргэлээ. Хоёр Ерөнхийлөгч өмнөх жилийн чуулганаар Владивостокт уулзаж байсан юм. Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр улсын хамтын ажиллагааг эрчимжүүлж, технологи инновац, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, эрчим хүчний салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх, хоёр улсын залуу бизнесмэнүүдийг дэмжих зөвлөл байгуулах санал дэвшүүлж, дэлгэрэнгүй ярилцав.
Мөн Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ байгуулахад Монгол Улс нар, салхи, нүүрсний эх үүсвэрийн нийлүүлэгчээр оролцох сонирхолтой байгаагаа уламжлахад БНСУ-ын тал уг саналыг хүлээн авах боломжтойгоо илэрхийлсэн юм. Ерөнхий сайд И Наг Ён Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан ажил хэрэгч саналуудыг хүлээн авч, хамтран ажиллахдаа таатай байхаа онцлоод, тус улсын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний санаачилсан Зүүн хойд Азийн төмөр замын нийгэмлэг байгуулахад хамтран ажиллахыг санал болгосон юм. Талууд хоёр талын хамтын ажиллагааны түвшингээ шат ахиулж стратегийн түншлэлийн түвшинд хүргэхийн төлөө ажиллах тухайд санал нэгдэв.
Сонирхуулахад, тус чуулга уулзалтын үеэр Төрийн тэргүүний хоёр талын албан уулзалт хийх өрөөг манайхан залуу зураачдын сүүлийн үеийн уран бүтээлүүдээр чимжээ. БНСУ-ын Ерөнхий сайд И Наг Ёныг Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхасны дараа тэдгээр зурагнаас өөрөөр нь сонгуулж бэлэглэсэн юм. Ерөнхий сайд И Наг Ён залуу зураач Лхамсүрэнгийн “Намар” бүтээлийг таашаан сонгосон байна.
ЗҮҮН ХОЙД АЗИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ СУПЕР СҮЛЖЭЭ БАЙГУУЛАХАД ЭРЧИМ ХҮЧ НИЙЛҮҮЛЭХ СОНИРХЛОО ИЛЭРХИЙЛЛЭЭ
Мөн энэ үеэр Ерөнхийлөгч Х.Баттулгад ОХУ-ын Спортын сайд П.А.Колобков бараалхлаа. Дараа нь Төрийн тэргүүнд Японы Ерөнхий сайд Ш.Абэ бараалхсан. Өнгөрсөн жил Владивостокт болсон Дорнын эдийн засгийн форумын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчид Ерөнхий сайд Шинзо Абэ мөн бараалхаж байсан юм. Ерөнхийлөгч Х.Баттулга уулзалтын эхэнд Япон улсад байгалийн гамшиг тохиолдож байгаад эмгэнэл илэрхийлж, Монгол Улсын иргэд Японы ард түмэнд туслах чин сэтгэл дүүрэн байдгийг дурдсан.
Ерөнхий сайд Шинзо Абэ Монгол Улсын Ерөнхийлөгчийн ийнхүү эмгэнэл илэрхийлсэнд талархаж буйгаа дурдаад, Дорнын эдийн засгийн форумын үеэр дахин уулзаж байгаадаа баяртай байна хэмээсэн юм. Ерөнхийлөгч Х.Баттулга Зүүн хойд Азийн эрчим хүчний супэр сүлжээг байгуулахад Монгол Улс эрчим хүч нийлүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлж, мөн Япон улстай аялал жуулчлал, хөдөө аж ахуй, эко хот байгуулах зэрэг чиглэлд өргөн хүрээтэй хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв.
Шинзо Абэ Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан дээрх саналуудыг дэмжин ажиллахаа илэрхийлж, Хөшигийн хөндийд баригдсан шинэ нисэх онгоцны буудлыг удахгүй ашиглалтад оруулах, аялал жуулчлалын салбарт тодорхой төлөвлөлт хийж хөгжүүлэх гэх мэт санал тавьж ярилцсан юм. Талууд хоёр улсын хамтын ажиллагааг эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хүрээнд түлхүү хөгжүүлж, Монгол Улсаас Япон улсад хийж байгаа экспортыг нэмэгдүүлэх, бүс нутгийн аюулгүй байдал гэх мэт олон сэдвээр нээлттэй санал солилцлоо.