Ерөнхийлөгч Х.Баттулга хүүхэд хамгааллын асуудлаар төрийн байгууллагын удирдлагуудтай өчигдөр дахин уулзаж, ярилцав. Тэрбээр өнгөрөгч наймдугаар сарын сүүлчээр тэдэнтэй уулзсан юм. Энэ удаа Төрийн тэргүүн тэдгээр байгууллагаас ирүүлсэн тайлантай танилцаж, тодруулах зүйлсээ нэг бүрчлэн асуусан бөгөөд “Хүүхэд хамгааллын чиглэлээр хамтарч ажиллах, асуудлыг шийдэх ямар гарц байгаа талаар эрэлхийлж, заримыг нь шийдэгдтэл дахин, дахин уулзаж, ярилцана” гэж байлаа.
-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамныхан хүүхэд хамгааллын орчны стандартыг яагаад одоо хүртэл боловсруулж дуусахгүй байна вэ. Энэ чиглэлд ямар ажил хийсэн бэ?
Б.Баярсайхан (БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга):
-Манай яам эрчимтэй ажиллаж байгаа. Хэрэгжилт нь 50-100 хувьтай үргэлжилж байна. НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран сургуулийн өмнөх боловсролын байгууллагын сургалтын орчны стандарт баталсан. Хэрэгжүүлэх зөвлөмжийг улсын хэмжээнд бүх цэцэрлэгийн удирдлага, аймаг, нийслэл, сум, дүүргийн Боловсролын газарт хүргүүлсэн. Үүний дагуу цэцэрлэгүүд өөрсдийн хөрөнгөөр уг стандартыг хангах ямар бололцоо байгаа талаараа бидэнд эхнээсээ хариу ирүүлж байгаа. Ирэх сард дуусна. Мөн ерөнхий боловсролын сургууль, дотуур байрны орчны стандарт боловсруулж, он гарахаас өмнө Стандартчилал, хэмжил зүйн газарт хүргүүлэхээр ажиллаж байна. Улсын хэмжээнд 571 сургууль байгаагаас нийслэлийн хэмжээнд 100 хувь, орон нутагт гурван аймгаас бусад нь эрсдэлийн үнэлгээ хийж ирүүлсэн. Их эрсдэлтэй сургууль 65 байна. Үүнээс 15 нь нийслэл, 50 нь орон нутагт бий. Эрсдэлийн үнэлгээний дагуу дээвэр, цахилгаан сантехник зэргийг шинэчлэн, засварлахад түлхүү анхаарна.
-“Өдөр өнжүүлэх” үйлчилгээний стандартад хэн шаардлага тавих ёстой вэ?
Ж.Мягмар (БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын газрын ахлах мэргэжилтэн):
-Сургуулийн дотоод орчинд “өдөр өнжүүлэх” ажиллуулах шийдэл гаргасан. Сургуулиас гадуур орчинд манай яам бүрэн хяналт тавьж чадахгүй. Хүүхдийн төлөө газарт санал хүргүүлсэн. Стандартыг нь шинэчлэн боловсруулж байгаа.
-Цэцэрлэг тарах цаг нь эцэг, эхийн ажлынхтай давхцаж асуудал үүсгэдэг талаар өмнөх уулзалтын үеэр ярьсан. Ямар нэг шийдэл гаргасан уу?
-Уртасгасан цагийн бүлэг ажиллуулахаар шийдсэн. Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар хөндөж байгаа.
-Цахим орчинд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил ямар байна вэ. Долоо хоногийн өмнө цахим орчинд маш ноцтой хэрэг гарлаа шүү дээ.
Р.Отгонжаргал (ЦЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа):
-Цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Unfriend” хөдөлгөөн давхардсан тоогоор 6.1 сая хүнд хүрсэн. Хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгах, бусад эрсдэлт хүчин зүйлээс хамгаалах, цахим орчин дахь зохистой харилцааг бий болгох чиглэлээр Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газартай хамтран ирэх сард нөлөөллийн аян зохион байгуулахаар бэлтгэж байгаа. Мөн ЦЕГ-т Кибер гэмт хэрэгтэй тэмцэх нэгж байгуулсан. Энэ хэлтэст 18 хүн ажиллаж байна. Улс орнууд энэ чиглэлээр ямар ажил хийж буйг судалж эхэлсэн.
Ерөнхийлөгч Х.Баттулга уулзалтын төгсгөлд “Нийт 70 гаруй санал ирсэн байна. Эдгээрийг үзэхэд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, БСШУСЯ, Нийслэлийн боловсролын газар санаанд хүрэхгүй, хангалтгүй ажилласан байна. Харин өнгөрсөн уулзалтаас хойш Мэргэжлийн хяналтын газар, ЦЕГ, Тээврийн цагдаагийн алба бодитой, шуурхай ажиллажээ.Үүнийгээ битгий орхигдуулаарай” гэв.
Мөн сургууль, цэцэрлэгийн хөрөнгийг төсөвт суулгахгүйгээр төр, хувийн хэвшлийн түншлэлээр санхүүжүүлэх боломжийг судлах ажлыг УИХ-ын зарим гишүүнд сануулж, ажил хэрэг болгохыг хүсэв. Үүнээс гадна бага насны хүүхдийг хүчирхийлэх хэрэг буурахгүй байгааг онцолсон. Зөвхөн бага насны хүүхдийг хүчирхийлсэн тохиолдолд цаазаар авах саналд нь Засгийн газар одоо хүртэл хариу ирүүлээгүйг хэлэхээ мартсангүй.
Бэлтгэсэн: Б.Уран