Манай улс 18-64, 65-аас дээш насны бүх иргэдээ урьдчилан сэргийлэх үзлэгт анх удаа хамруулахаар болж байгаа. Энэ талаар ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Т.Энхзаяагаас тодрууллаа.
-Аль насанд ямар өвчлөл илүү тохиолдож буйгаас шалтгаалан эмчийн үзлэгт хамруулахаар болсон гэв үү?
-Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 9.4-т заасны дагуу, мөн Засгийн газраас 2017 онд баталсан Халдварт бус өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэгийг эхлүүлж байна. Энэ нь халдварт бус өвчнийг бууруулахад Монгол Улсын хийх ёстой ажлын нэг. Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд халдварт бус өвчнийг эрт оношилж, илрүүлснээр хүндрэхээс нь сэргийлж чаддаг.
Тиймээс манай улс 18-34, 35-45, 46-64, 65-аас дээш гэсэн насны ангиллаар 14 төрлийн багц үзлэг шинжилгээг иргэдэдээ хийхээр болсон. Тухайлбал, эмчийн ерөнхий үзлэг, эрсдэлийн үнэлгээнд бүх насныхан хамрагдах бол 18-тай залуус цусны даралт ихсэх, зүрх, судасны өвчин, сүрьеэ, бэлгийн замын халдварт өвчнийг илрүүлэг үзлэгт жилд нэг удаа орох ёстой. Харин 40-өөс дээш насныхан цусны даралт, зүрх, судасны өвчин, биеийн жингийн индекс тодорхойлох, зүрхний цахилгаан бичлэг, элэг, ходоодны хорт хавдар илрүүлэх багцад хамрагдах юм.
30 наснаас эхлэн эмэгтэйчүүд хөх, умайн хүзүүний хорт хавдар эрт илрүүлэх үзлэгт гурван жилийн давтамжтай орох бол эрчүүл 50 наснаас дээш түрүү булчирхайн хорт хавдрын илрүүлэгт хамрагдаарай.
-Хэзээнээс эхлэх вэ?
-ЭМЯ-наас иргэдийн үзлэгийн товлол, эрүүл мэндийн даатгалын байгууллагаас санхүүжүүлэх бичиг баримт гарсан. Эрсдэлийн үнэлгээ хийх асуумжаа цахим хуудсанд байршуулах ажил өнөө, маргаашгүй дуусна. Бодлогын баримт бичиг гарчихсан учраас аравдугаар сарын 1-нээс товлолт үзлэг эхэлсэн гэж үзэж болно.
-Товлолт гэдэг нь насны ангиллаар хийх багц үзлэгүүд үү?
-Тийм ээ. Энэ насанд ийм үзлэг хийлгэх ёстойг товлож, тодорхойлж өгсөн гэсэн үг. Үзлэгүүдийг өрхийн болон сумын Эрүүл мэндийн төвийн хүчин чадалд суурилан хийх юм. Гэхдээ дурангийн болон зарим төрлийн хавдрын эрт илрүүлэг, шинжилгээг дүүргийн Нэгдсэн эмнэлэг болон төрөлжсөн эмнэлгүүдэд хийхээс өөр аргагүй.
Ходоодны хорт хавдрыг эрт илрүүлье гэхээр өрхийн эмнэлгүүдэд дуран байхгүй учир дүүргийн эмнэлэгт хандахаас өөр аргагүй. Гэхдээ урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах иргэд эхний ээлжинд өрх, сумын Эрүүл мэндийн төвдөө хандсанаар эрсдэлийн үнэлгээ хийлгэн, дараагийн шатанд ямар шинжилгээ хаана өгөхөө мэдэх боломжтой. .
-Эрт илрүүлэгт хамрагдахын ач холбогдол юу вэ?
-Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг нь эрүүл хүмүүст зориулагддаг. 18 насандаа зүрх, судасны өвчнийг эрт илрүүлэх үзлэгт хамрагдлаа гэхэд ойрын арван жилдээ цусны даралт ихсэх, тархи судасны өвчлөлөөр өвдөх эрсдэлээ тодорхойлуулж, зөвлөгөө авах юм. Чихрийн шижинг эрт илрүүлснээр эл өвчний далд хэлбэрээс сэргийлэх, нүд сохрох, хөл, гарын хуруу үхжихээс сэргийлэх боломжтой.
Бүх насныхныг үзлэгт хамруулснаар зүрх, судасны өвчлөлийг 14 хувь, хорт хавдрын нас баралтыг 2030 он гэхэд 35 хувиар бууруулах зорилт тавьж байгаа. Хорт хавдрыг эрт илрүүлбэл эмчлэх, амьдрах хугацааг нь уртасгах боломжтой. Тиймээс иргэд урьдчилан сэргийлэх үзлэгтээ идэвхтэй хамрагдаарай.