Шведийн Вант улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон О.Энхцэцэг, Канад улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон Я.Ариунболд, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдаар томилогдсон Н.Тулга нар Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж, Итгэмжлэх жуух бичгээ гардан авлаа. Ерөнхийлөгч Элчин сайд нарт захиас даалгавар өгч, очоод улс орондоо хэрэгтэй ямар ажил хийх гэж байгааг нь асууж, ярилцав.
Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайд гэдэг нь хэн нэг улстөрчийн гавьяаны амралтаа аваад хашдаг алба биш болохыг онцолж, цаашид иймэрхүү маягаар хандсан Элчин сайдын томилгоог таслан зогсооно гэдгээ илэрхийллээ.
Мөн тэрбээр томилогдон явж буй Элчин сайд нарыг Гадаад харилцааны яам өндөр чадвартай мэргэжлийн дипломатч гэж үнэлсэн учраас эн тэргүүнд иргэдийн болон улсын эрх ашгийг хамгаалах чиглэлээр санаачилгатай ажиллаж, суугаа улсдаа боловсрол, эрүүл мэнд, өндөр технологи, нарийн мэргэжлийн боловсон хүчин цөөн гэлтгүй бэлтгэх, оюутнуудад тэтгэлэг олж өгөх, өндөр өртөгтэй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг монголчуудад үнэгүй хүргэх боломжуудыг судалж, хагас жилийн дотор үр дүн гаргахыг үүрэг болгов.
Түүнчлэн Элчин сайдын яамдын үүд хаалгыг өөрийн улсын иргэддээ үргэлж нээлттэй байлгаж, улс хоорондын олон талт ажиллагаанд санаачилга гаргах замаар харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудалд анхаарахыг хүслээ.
А.Амина