Ерөнхийлөгч Х.Баттулга бямба гарагт Монгол Улсын Үндэсний номын сан буюу бидний хэлж заншсанаар төв номын сангийн үйл ажиллагаатай танилцлаа. 500 мянган номтой байхаар төлөвлөж барьсан номын сангийн байранд эдүгээ 3.6 сая гаруй ном, судар, тэр дундаа Монголын ард түмний бичиг соёлын мөнхийн дурсгал бөгөөд Төв Азийн нүүдэлчдийн соёл иргэншлийн үнэт хэрэглэгдэхүүн болсон 1.5 сая гаруй ширхэг хуучны ховор, нандин судар хадгалж байгаа юм.
Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоогийн танилцуулснаар “Өвөг дээдсийн минь үлдээсэн оюун санааны тусгаар тогтнол усанд норж устахад ойрхон болсон” бөгөөд номын сангийн даац долоо дахин хэтэрч, хур бороо ихтэй өнөө жил номын сангийн барилга олон талаасаа урьд жилүүдээс илүүтэй ус нэвчжээ. Зөвхөн төвөд номын хэсэгт л гэхэд 1591 онд бүтээсэн Жамбалцанжид гэх цор ганц модон барын нугалбар судар, дэлхийн баримтат өвөөр бүртгэгдсэн Монгол шунхан Данжуур, Богд хааны зарлигийн эх хувиуд зэрэг олон мянган ховор нандин ном, судар, түүхэн эх сурвалж хадгалдаг. Гэвч, гал, усны өндөр эрсдэлтэй, хуучирч муудсан байрыг өнөө хэр нь засаж сэлбэхгүй байгаад сэтгэл зовниж буй талаараа номын сангийн удирдлага Ерөнхийлөгч Х.Баттулгад хэлсэн юм.
Мөн Үндэсний номын сангийн барилгыг шинээр барих шийдвэр гарсан ч төсөв, мөнгөний хүрэлцээгүйгээс болж ажил нь удааширч байгаа аж. Үндэсний номын сангийн удирдлага 2013 онд барилгын өргөтгөлийн зураг төсөл хийлгэж, энэажилд нь 4.7 тэрбум төгрөг шаардлагатай гэж тооцоолсон байна. Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо “4.7 тэрбум төгрөг нь шинэ барилгын төсөвтэй харьцуулахад маш бага өртөг тул эхний ээлжинд өргөтгөлийн ажлыг яаралтай эхлүүлж, үнэт, хосгүй ном судруудаа хадгалах ёстой” гэж үзэж буйгаа хэлсэн. Хэдийгээр жил бүр урсгал засвар хийдэг ч засвар авахгүй, ус нэвчихийг зогсоох боломжгүй тул Засгийн газрыг Үндэсний номын сангийн өргөтгөлийн асуудалд анхаарч өгөхийг номын сангийн удирдлага Ерөнхийлөгчөөр дамжуулан хүслээ.
Энэ үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга “Үнэт, хосгүй ном судруудыг хадгалах, хамгаалах асуудал тулгамдаж байгаа учраас газар дээр нь ирж үзье гэж бодсон юм. Шинэ барилгын явц удаашралтай байгаа тул дөрвөн тэрбум гаруй төгрөгөөр одоогийн номын сангаа өргөтгөх боломж эрэлхийлж байгаа юм байна. Энэ бол арга ядсан л зүйл шүү дээ. 2012 оноос хойш шинэ барилга барих төсвийн асуудал удаашралтай явж ирсэн. Өргөтгөлийн хувьд ялгаагүй. Тиймээс энэ асуудалд олны анхаарлыг хандуулж, хөрөнгө, мөнгө босгох талаар санаа тавьж ажиллана” гэсэн юм.
А.Амина