Жил бүрийн хавар, намар “Дархлаажуулалтын 10 хоног“-ийг зохион байгуулдаг уламжлалтай. Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу 24 дэхь жилдээ зохион байгуулж байгаа энэ удаагийн ээлжит 10 хоногийг “Вакцинаар хамтдаа сэргийлье” уриан дор энэ сарын 20-30-ны өдрүүдэд улс орон даяар зохион байгуулах юм.
Дархлаажуулалтын 10 хоногоор товлолын дархлаажуулалтаас хоцорсон 15 хүртэлх насны хүүхдүүдийг нөхөн дархлаажуулах, эцэг эх, асран хамгаалагчдад дархлаажуулалтын талаар бодит мэдээлэл түгээх, эрүүл мэндийн ажилтны ур чадвар, дадлыг сайжруулах үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөж байгаа талаар өнөөдөр Уран зургийн галерейд болсон хэвлэлийн бага хурал, “Вакцинаар хамтдаа сэргийлье” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтийн үеэр мэдээллээ. эвлэлийн бага хуралд Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн оролцож хэлсэн үгэндээ “Дархлаажуулалт нь халдварт өвчнөөр зөвхөн нэг хүүхдийг өвчлүүлэхгүй байх асуудал биш, олныг хамарсан дэгдэлт, цар тахлаас нийтийн эрүүл мэндийг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрдөг ба дэлхийн 194 орон бага насны хүүхдийг вакцинаар дархлаажуулж, хүүхдийн өвчлөл эндэгдлийг эрс бууруулахад үнэтэй хувь нэмэр оруулж байна. Иймд Дэлхийн эрүүл мэндийн чуулганаар 1974 онд Дархлаажуулалтын хөтөлбөрийг баталж, дэлхийн 190 гаруй улс орон хүлээн зөвшөөрч хэрэгжүүлж эхэлсэн юм.
Үүний дагуу манай улс дархлаажуулалтын үндэсний товлолыг нэвтрүүлж,1993 оноос үндэсний хөтөлбөр болгон өргөжүүлж, 2002, 2011 онд шинэчлэн хэрэгжүүлсэн. Ингэснээр манай улс цагаан цэцэг, халдварт саа, нярайн татран өвчнийг устгаж,сахуу, хөхүүл ханиад өвчин сүүлийн 10 жилд бүртгэгдээгүй. Мөн В хепатит, улаанбурхан өвчний тахалт тархалтыг хяналтандаа авсан амжилтад хүрч, халдварт өвчинтэй тэмцэх талаар дэлхийн хэмжээнд тавьсан зорилтуудыг хангахад тэргүүн эгнээнд явж, хүүхдийн өвчлөл эндэгдлийг эрс бууруулсан. Дархлаажуулах бэлдмэл, вакцины аюулгүй байдлыг төрөөс чухалчлан анхаардаг бөгөөд дархлаажуулалтын товлолын дагуу 15 хүртлэх насны хүүхдэд хийдэг 11 өвчний эсрэг долоон төрлийн вакциныг ДЭМБ-ын гэрчилгээтэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үйлдвэрээс НҮБ-ын Хүүхдийн санд захиалан Засгийн газрын хөрөнгөөр худалдан авч байна. НҮБ-ын Хүүхдийн сан нь дэлхийн 120гаруй улс оронд вакцин, дагалдах хэрэгслийг хүйтэн хэлхээний аюулгүй горимыг баримтлан нийлүүлдэг байгууллага тул 0-15 насны хүүхдийн товлолын вакциныг бүрэн нийлүүлдэг найдвартай гэж үздэг” хэмээн онцлон тэмдэглэлээ. Хэвлэлийн бага хуралд ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Диордица “Дархлаажуулалтын үйл ажиллагааны ДЭМБ-ын зорилт”-ын хэрэгжилт болоод бүх нийтийн хамралтын нэгдсэн зорилгын хүрээнд НДББ-ийн улс орнуудтай харьцуулахад, Монгол улс нь үндсэн тусламж үйлчилгээний хамралт өндөр түвшинд байгаа. Гэвч халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх нь нэн чухал асуудал болж байна гэж мэдээлэл хийлээ., Мөн Монгол Улсын Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, академич П.Нямдаваа “Монгол Улс дахь улаан бурхан, улаануудын эсрэг дархлал тогтоцын судалгааны үр дүн”-г танилцууллаа.