Нүдний өвчний эмчилгээ оншилгоог сайжруулах зорилгоор Канадын Лаурэл сангаас УНТЭ-ийн Нүд судлалын тасагт торлог шилэнцрийн 2 машин, мэс заслын микроскопи 1, хөлдөөх аппарат 1, дагалдах эм, эмнэлгийн хэрэгсэл, мэс заслын зохиомол орчны багаж хэрэгсэл зэрэг 1,2 тэрбум төгрөгийн өртөг бүхий багаж тоног төхөөрөмжийг гардуулж өглөө.
Уг арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл оролцож, хэлсэн үгэндээ Эдгээр тоног төхөөрөмжүүд нь ард иргэдэд нүдний тусламж үйлчилгээг цаг алдалгүй, чанартай үзүүлэхэд нэн чухал ач холбогдолтой хөрөнгө оруулалт болж байгаад талархаж байна. Ангиографи болон торлогийн лазерын машиныг суурилуулахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа бөгөөд эдгээр багаж, тоног төхөөрөмж суурилагдсанаар Улсын нэгдүгээр төв эмнэлэгт Торлог шилэнцрийн өвчний цогц оношилгоо эмчилгээг хийх боломжтой болох юм. Канад Улсын Элчин сайд Дэвид Спрул, Профессор Хью Парсонс ,та бүхнээр дамжуулан Канад улсын засгийн газарт Монгол улсын засгийн газар,Эрүүл мэндийн яам,эмч мэргэжилтнүүд,ард иргэдийнхээ өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье гэлээ.
Мөн нүдний торлог шилэнцрийн мэс засал, цээжний хөндийн мэс засал, чих хамар хоолой, толгой хүзүүний мэс заслын чиглэлээр эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах, резиденсийн сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох, Канад Улсад дагнасан нарийн мэргэжлээр эмч сургаж бэлтгэх, хөдөө орон нутгийн ард иргэдэд үнэ төлбөргүй үзлэг оношилгоо, мэс засал эмчилгээ хийх, тоног төхөөрөмжөөр хангах, шинэ технологи нэвтрүүлэх зэргээр хамтран ажиллаж байна.
2019 онд нүдний компьютер томографи, нүдний торлогийн судасны ангиографи болон торлогийн лазерын машиныг гаалийн татварыг чөлөөлүүлэн тус эмнэлэгт суурилуулахаар бэлтгэл ажил хийгдэж байгаа бөгөөд эдгээр багаж тоног төхөөрөмж суурилагдсанаар УНТЭ-т Торлог шилэнцрийн өвчний оношилогоо эмчилгээг цогцоор шийдэж чадах юм.