Монгол Улсын тогтвортой хөгжлийн төлөвийн тайланг өчигдөр танилцууллаа. Дэлхийн улсууд харилцан хамааралтай хөгжих, ядуу буурай болон хөгжиж буй орнуудын өмнө тулгардаг нийгэм, эдийн засаг, байгаль орчны салбарын сорилтыг даван туулахад туслах, хүн төрөлхтний нийтлэг сайн сайхны төлөө хамтын хүчээр тэмцэх зэрэг санаачилгаас Даян дэлхийн тогтвортой хөгжлийн хөтөлбөр боловсуулжээ.
Уг хөтөлбөрт манай улс 2000 онд нэгдэн, бүх нийтэд боловсрол олгох, иргэдийг эрүүл мэндийн үйлчилгээнд тэгш, хүртээмжтэй хамруулах, ажилгүйдлийг бууруулах, байгалийн тэнцвэрт байдлыг хангах зэрэг 17 чиглэл бүхий зорилт хэрэгжүүлэхээр ажиллаж буй билээ. Хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээс хойших үр дүнгийн тайланд манай улсад 0-5 насны хүүхдийн хоол тэжээлийн дутагдал 30 хувиас тав, өсөлтийн хоцрогдолтой хүүхдийн тоо 30-аас 2.5 хувь хүртэл буурсан дүн гарчээ.
Мөн хүн амд ногдох ядуурлын хувийг бууруулах, боловсролын чанарыг дээшлүүлэх, сэргээгдэх эх үүсвэрээс эрчим хүч үйлдвэрлэх зэрэг зорилтын биелэлт ахицгүй байна гэв. Харин зохистой хөдөлмөр эрхлэлт ба эдийн засгийн өсөлтийг дэмжих, тэгш бус байдлыг бууруулах зэрэг зорилго 2000 оны түвшингээс буурчээ. Тайлангийн үр дүнгээс цаашид авч хэрэгжүүлэх ажил, анхаарлаа хандуулах салбар, зорилтыг тодорхойлох аж.
2030 онд биелэлтийг нь дүгнэх Даян дэлхийн тогтвортой хөгжил хөтөлбөрийн явцыг хэлэлцэх, тулгамдаж буй асуудлаа шийдвэрлэх, хийх ажлын зорилгоо тодорхойлохоор Тогтвортой хөгжлийн зорилтуудын талаарх Зүүн хойд Азийн олон талт чуулган энэ сарын 17-21-нд Улаанбаатарт болно.
Бэлтгэсэн: С.Цэрэндулам