Шведийн Вант улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон Очирын Энхцэцэг, Канад улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон Ядмаагийн Ариунболд, Их Британи, Умард Ирландын нэгдсэн Вант улсад суух Онц бөгөөд Бүрэн эрх элчин сайдаар томилогдсон Нархүүгийн Тулга нар өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж, Итгэмжлэх жуух бичгээ гардан авлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайдаар томилогдон явж байгаа эрхмүүдэд нэг бүрчлэн захиас даалгавар өгч, очоод улс орондоо хэрэгтэй ямар ажлууд хийх гэж байгаа талаар асууж, ярилцав.
Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Элчин сайд” гэдэг цол хэргэм нь хэн нэг улстөрчийн гавьяаны амралтаа авахдаа хийдэг ажил биш болохыг онцлон шүүмжилж, цаашид энэ төрлийн Элчин сайдын томилгоог таслан зогсоох тал дээр хатуу зогсоно гэдгээ илэрхийллээ.
Мөн томилогдон явж буй Элчин сайд нарыг Гадаад харилцааны яам өндөр чадвартай мэргэжлийн дипломатч гэж үнэлсэн учраас эн тэргүүнд иргэдийн болон улсын эрх ашгийг хамгаалах чиглэлээр санаачилгатай ажиллаж, богино хугацаанд үр дүнтэй ажиллахыг үүрэг болгов. Үүнд, боловсрол, эрүүл мэнд, өндөр технологи, нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх асуудлыг багтааж, Элчин суугаа улсдаа 1, 5, 10 гэлтгүй нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, оюутнуудад тэтгэлэг олж өгөх, өндөр өртөгт эрүүл мэндийн тусламж үйлчилгээг Монгол иргэдэд үнэгүй хүргэх боломжуудыг судлах зэрэг наад захын асуудлыг шийдэж, хагас жилийн дотор үр дүн гаргахыг үүрэг болгов.
Мөн Элчин сайдын яамдын үүд хаалгыг өөрийн улсын иргэддээ үргэлж нээлттэй байлгаж, улс хоорондын олон талт ажиллагаанд санаачилга гаргах замаар харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудалд анхаарахыг хүслээ.