Шаталсан хэлбэрээр (туслах-дипломын-бакалаврын) сувилагч бэлтгэх, сувилахуйн чиглэлээр шинэ анги нээхийг дэмжсэн бодлого Эрүүл мэндийн яамнаас баримтлаад долоон жил өнгөрсөн атал сувилагчаар төгсөгчдийн тоо их эмчийнхээс хоёр дахин бага хэвээр байгаа аж. Энэ нь манайд дутагдаж буй сувилагч нарын тоог нөхөж чадахгүйд хүргэсэн нэг томоохон шалтгаан гэдгийг салбарын яамныхан үзжээ.
Одоогийн байдлаар Монголд 11 мянга гаруй сувилагч, 10 500 их эмч байгаа нь олон улсын жишгээс тэс “хөндлөн” үзүүлэлт юм байна. Өөрөөр хэлбэл, дэлхийд нэг эмч, гурван сувилагч гэсэн зарчим баримталдаг бол манайд нэг эмч нэг сувилагч гэсэн харьцаатай байдаг гэсэн үг. Олон улсын жишгээр бол одоо манайд даруй 20-иод мянган сувилагч хэрэгтэй байх нь. Гэвч жилд 600 гаруй сувилагч төгсөж буй өнөөгийн хурдаар бол 30 жил шаардлагатай болно.
Тэр хооронд их эмч нарын тоо 10 мянга дээрээ байвал шүү дээ. Тиймээс их эмч мэргэжлээр элсэгчдийн тоог нэмэхгүй, харин сувилагчаар элсэгчдийг хоёр дахин өсгөж, 1000-д хүргэх тухай асуудлаар их, дээд сургуулийн удирдлагад чиглэл өгөх саналаа БСШУС-ын сайдад өнгөрсөн тавдугаар сард Эрүүл мэндийн сайд хүргүүлжээ.
Мөн сувилагч мэргэжлээр суралцагчдыг “Оюутны хөгжлийн зээл”-д нэн тэргүүнд хамруулах, зээлийн шалгуурыг илүүтэй хөнгөвчлөхөөс гадна сургалтын төлбөрийнх нь тодорхой хэсгийг төрөөс хариуцдаг болоход дэмжлэг үзүүлэхийг хүсчээ. Хариуд нь Ц.Цогзолмаа сайд сувилагчаар суралцагчдад төлбөрийн хөнгөлөлт, урамшуулал үзүүлэх, тэтгэлэгт хөтөлбөрт тэднийг түлхүү хамруулах талаар бодлого, зорилтдоо тусган хэрэгжүүлэх боломжтой гэсэн албан бичиг илгээсэн байх юм. Цаасан дээрх ажил чухам хэзээ бодитоор биелэхийг таашгүй ч аль болох хурдан хэрэгжүүлж гэмээнэ олон түмэнд тустай шийдвэр байх болно. Учир нь эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжид нөлөөлөх гол үзүүлэлтүүдийн нэг нь эмч, сувилагчийн тооны харьцаа байдаг.
Сувилагч хүрэлцээгүй оронд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийн тухай яриад ч хэрэггүй гэдэг юм билээ. Тиймээс л дэлхий дахинд одоо хамгийн эрэлттэй байгаа, хойшид бүр ч их “моодонд” орох мэргэжлийн жагсаалтад сувилагч дээгүүр эрэмбэлэгдсэн хэрэг. Манай Засгийн газраас 2014 онд баталсан “Тэргүүлэх чиглэлийн 20 мэргэжил”-ийн жагсаалтад ч сувилагч багтсан.
Багтах багтахдаа бүр тэргүүн эгнээнд нь оройлж яваа. Гэтэл яагаад энэ мэргэжлийг сонгон суралцах хүсэл сонирхол хүүхдүүдэд төрөхгүй байна вэ. “Төгсөөд шууд ажлын байртай болно, дээрээс нь сургалтын төлбөрийн хөнгөлөлт, зээл, тэтгэлэгт хамгийн түрүүнд хамрагдах боломжтой гэхчлэн сувилагчаар сурвал ийм давуу талууд бий” гэдэг хөшүүрэг энд үгүйлэгдээд байгаа хэрэг. Үүнд анхаарч эхэлсэн нь сайн хэрэг. Нөгөөтэйгүүр, сувилагчийг эмчийн “зарц” гэж үздэг хуучин сэтгэхүйгээсээ салаагүй цагт, энэ мэргэжлийн үнэ цэнэ, ач холбогдлыг ойлгуулаагүй нөхцөлд тэдний сонголтод нөлөөлөх бараг л боломжгүй.
...Сувилагчийг Монгол Улсын тэргүүлэх чиглэлийн мэргэжилд багтаасан 2014 оноос хойш ЭМЯ-ныхан ингэхэд хүний нөөцийн бодлогодоо ямар дорвитой өөрчлөлт оруулсан юм бол. Мэдээж үүнд сувилагчийн хөдөлмөрийн хөлсийг 50, 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх тухай цалингийн асуудал зөвхөн хөндөгдөхгүй. Орчин үед эмнэлгийн тусламж, үйлчилгээг гэрээсээ авах сонирхолтой, бас шаардлагатай хүмүүс нэмэгдэж байгаа учраас улс орнууд сувилагчдаа үүнд зориулан тусгайлан бэлтгэх бодлого хүртэл баримтлаад эхэлж...
“АНУ, Япон, БНСУ зэрэг өндөр хөгжилтэй оронд хамгийн эрэлт хэрэгцээтэй 10 мэргэжлийн нэгд сувилагч багтдаг. Энэ хэрээр сувилагч мэргэжлийн үнэ цэнэ өндөр байдаг. Зарим улсад сувилагч эмчээсээ өндөр цалин авч байна. Гэтэл манайд бүх шатандаа сувилагчийг эмчийн туслах гээд бодчихсон. Сувилагч чагнуур зүүж, хүнээ үзээд, онош тавьдаг гэдгийг манайхан бүр мартчихсан.
Энэ мэргэжлийн үнэлэмж, үнэ цэнэ маш доогуур байгаа нь Монголд сувилахуйн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд чөдөр тушаа болж байна. Эрүүл монгол хүнтэй байхын тулд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах хэрэгтэй. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний гол цөм нь сувилахуй. Эмч өвчнийг эмчилдэг бол сувилагч өвчтөнийг эмчилдэг” хэмээн АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн захирал Н.Наранбаатар ярьсан нь үүнийг нотлох биз.
Монголд нэг сувилагч ойролцоогоор 20 гаруй хүнд үйлчилж байхад бусад улсад энэ үзүүлэлт 5-7 байдаг гэнэ. Ийм их ачаалалтай ажилладаг хэрнээ эмчээсээ хамаагүй доогуур буюу “туслах”-ын цалин авдаг шоовдор мэргэжлээр орчин үеийн хүүхдүүд суралцахгүй байгаа нь тэдний буруу биш байгаа биз. “Цалин бага байна, нэм” гээд багш нар шиг ажил хаяад суучихвал ард нь эрдэнэт хүний амь нас, эрүүл мэнд хэцүүдэх учраас тэгж “тарвалзах” ч эрхгүй хүмүүс бол сувилагч гэдэгтэй маргах хүн гарахгүй болов уу.
Их эмчтэй л адилхан бакалаврын дипломтой төгсөж, ажлын талбарт нэг гараанаас зэрэг хөдөлдөг атлаа амьдрал дээр үнэлэмж нь тэнгэр, газар шиг ялгаатай болчихдог нь хачирхалтай. Өнөөдөр Монголд Гавьяат цолтой хэдэн сувилагч байна, докторын зэрэг хамгаалсан хэчнээн хүн бий вэ гээд бодоход “сонирхолтой” дүр зураг харагдана даа. Хэдхэн жилийн өмнө л Гавьяатын тэмдэг энгэр дээрээ гялалзуулсан сувилагч ердөө ганцхан байсныг мэдэх юм.
Сувилагчийг Монгол Улсын тэргүүлэх чиглэлийн мэргэжилд багтаасан 2014 оноос хойш ЭМЯ-ныхан ингэхэд хүний нөөцийн бодлогодоо ямар дорвитой өөрчлөлт оруулсан юм бол. Мэдээж үүнд сувилагчийн хөдөлмөрийн хөлсийг 50, 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх тухай цалингийн асуудал зөвхөн хөндөгдөхгүй. Орчин үед эмнэлгийн тусламж, үйлчилгээг гэрээсээ авах сонирхолтой, бас шаардлагатай хүмүүс нэмэгдэж байгаа учраас улс орнууд сувилагчдаа үүнд зориулан тусгайлан бэлтгэх бодлого хүртэл баримтлаад эхэлж.
Гэтэл манайд эмнэлгийн мэргэжилтнүүдийг бэлтгэх тогтолцоо өөр өөр яаманд (төгсөлтийн өмнөх сургалт нь БСШУСЯ-нд, төгсөлтийн дараах нь ЭМЯ-нд) харьяалагдаж байгаа нь эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн бодлого, эрэлт хэрэгцээнд нийцүүлэн боловсон хүчнээ бэлтгэхэд хүндрэл учруулж байгаа тухай яамныхан учирлав. Өнгөрсөн жилээс харин БСШУСЯ-ныхан эрүүл мэнд, анагаах ухааны чиглэлээр шинэ анги, сургууль нээхдээ салбарын яамных нь саналыг харгалздаг болсны зэрэгцээ эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэх шинэ хөтөлбөрийн магадлан итгэмжлэлд ЭМЯ-ны төлөөллийг оролцуулдаг болсон нь том дэвшил гэнэ.
Сүүлийн жилүүдэд оюутан элсүүлэх квотыг их, дээд сургуулиудын Удирдах зөвлөлөөс өөрсдөө тогтоодог болсноор “Сувилагчаар сурснаас их эмч болбол илүү нэр хүндтэй” гэсэн олон нийтийн сэтгэхүй дээр “тоглолт” хийж, дур дурандаа их эмчийн анги нээх таатай орчин бүрдүүлжээ. Гэтэл 2016 онд баталсан шинэ хуулиар их эмчээр төгссөн хүмүүсийг резидентийн сургалт заавал дүүргэснийх нь дараа бие дааж эмчлэх зөвшөөрөл өгөхөөр болсон аж.
Энэ нь их эмч мэргэжлээр төгсөгчдийн тоо хяналтгүй нэмэгдсээр байвал цаашид их сургуулийн сүрхий дипломтой ч ажиллах эрхгүй хүмүүс олноор төгсөн гарах уршгийн эхлэл гэнэ. Одоо байгаа боловсон хүчнээ хэрэгтэй газарт нь тараан байршуулаад, зөв зохион байгуулж чадахгүй байгаа төрд эрүүл мэндийн салбарын эрэлт хэрэгцээнээсээ илүүдсэн их эмч нараа эргээд мэргэшүүлэх, ажлын байраар хангах бас нэг толгой өвтгөсөн асуудал нэмэгдэх учраас тэр. Тиймээс сувилагч мэргэжилд төр, засаг анхаарал хандуулж эхэлжээ. Одоогоор манайд 10 сургууль л сувилагч бэлтгэж байна. Тэдний “бүтээгдэхүүн”-ийг лангуун дээр очих зуурт нь л тал талаас шүүрээд дуусгадаг гэнэм.