Засгийн газраас эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх үүднээс гадаад улсад төрийн зардлаар сургаж эхэлсэн. Үүний үр дүнд Монголд эмчлэгддэггүй байсан 39 төрлийн өвчнөөс 13-ыг нь эх орондоо анагаадаг болжээ. Өнгөрсөн хагас жилийн хугацаанд Япон, БНСУ, ОХУ, АНУ, БНЭУ зэрэг хөгжингүй оронд 81 эмч, мэргэжилтэн суралцаад ирсэн байна. Тэд жирэмсний үед ургаас урагт цус юүлэгдэх хам шинжийн үеийн лазер эмчилгээ, нүдний эвэрлэг шилжүүлэн суулгах мэс засал, торлог шилэнцрийн хүнд хэлбэрийн эмгэгийн мэс заслын технологи, хүүхдийн мэдрэлийн өвчин, саажилтын үеийн сэргээн засах эмчилгээ, донтох эмгэгийн оношилгоо, эмчилгээний чиглэлээр суралцжээ. Мөн 9-12 дугаар сарын хооронд Японд болох сургалтад улсын томоохон эмнэлэг, Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн төгсөлтийн дараах сургалтын албаны дарга, мэргэжилтэн нийлсэн 10 хүн мэргэжил дээшлүүлэх аж.
Бэлтгэсэн: Ч.Туяа