Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн оны наймдугаар сарын 25-нд зарлиг гаргаж, жил бүрийн есдүгээр сарын 1-нийг Эх хэлний өдөр болгон зарласан юм. Зарлигт дурдсанчлан энэ өдрийг угтаж, эх хэлээ сурталчлах, түүгээр бахархах, олон нийтэд түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн хэл соёл, түүх, зан заншил, өв уламжлалын тухай мэдээ, мэдээлэл зэргийг нэвтрүүлэх, бүх шатны сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагууд жил бүрийн Эх хэлний өдрийн хичээлийн нэгдүгээр цагийг монгол хэл, уран зохиол, Монголын түүхийн хичээлийн сэдэв агуулгад багтаан явуулах ёстой.
Энэ дагуу Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ерөнхий боловсролын 241 сургуулийн монгол хэл, уран зохиол, монгол бичгийн 500 орчим багшид зориулсан лекцийг энэ сарын 29-ний 9.00-12.00 цагийн хооронд Хан-Уул дүүргийн 32 дугаар дунд сургуулийн Урлагийн танхимд зохион байгуулахаар болов.
Уг арга хэмжээний зорилго нь монгол хэл уран зохиол, монгол бичгийн багш нарыг мэргэжил арга зүйгээр хангах, монгол хэл соёлоо хадгалах, хамгаалах, хөгжүүлэх, тэдэнд хэлний боловсрол олгох зорилготой аж. Лекцэнд Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга, Ардын багш, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн С.Дулам “Даяаршлын эрин үед Монгол хэлээ хэрхэн хадгалж хамгаалах вэ”, тус зөвлөлийн гишүүн, Ардын багш, доктор Ц.Өнөрбаян “Монгол хэлний дархлаа, үнэ цэн”, дээрх зөвлөлийн гишүүн, зохиолч, сэтгүүлч Б.Наминчимэд “Уран зохиолын хичээл яагаад үнэ цэнтэй вэ” сэдвээр тус тус лекц уншиж, ярилцана.