Ажлын гараагаа Эх нялхсын эмнэлгийн асрагчаар эхлүүлж, эрүүл мэндийн салбарт амьдралынхаа 60 шахам жилийг зориулсан хүний Гавьяат эмч Вандан-Ишийн Ичинхорлоо агсны хөшөөг Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт заллаа. Тэрбээр 1939, 1944-1945 оны дайны жилүүдэд улс эх орон, ард түмнийхээ төлөө хөдөлмөрлөж байсан гавьяатай нэгэн. Хэвлийн хөндийн нарийн мэргэжлийн болон цэргийн хээрийн мэс заслын талаар ном, сурах бичиг бичиж, эрдэм шинжилгээ, судалгааны 100 гаруй илтгэл, өгүүлэл тавьж байжээ.
Үүнээс гадна тэрбээр элэгний бэтэг өвчнийг эмчилж, анагаах ухааны салбарт томоохон ахиц гаргаж байсан аж. Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийг 2005 онд Засгийн газрын тогтоолоор В.Ичинхорлоо агсны нэрэмжит болгосноор ийнхүү хөшөөг нь өчигдөр залсан юм. Мөн эл арга хэмжээтэй хамтатган тус эмнэлгийнхэн вакум хагалгааны өрөөгөө нээв. Тус эмнэлгийнхэн Австри улсын Засгийн газрын долоон сая еврогийн хөнгөлөлттэй зээлээр тоног, төхөөрөмжөө сайжруулж буй аж. Түүнчлэн эмч нараа Австрид сургаж байгаа гэнэ. Төслийн ажлын явц өдгөө 80 хувьтай бөгөөд хагалгааны вакум өрөөг энэ хүрээнд ашиглалтад оруулжээ.
Бэлтгэсэн: Г.Цэцэг