“JCI Монгол” байгууллагын санаачилгаар Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвтэй (ЭХЭМҮТ) хамтран хэрэгжүүлдэг “Save life” төслийн хүрээнд тус эмнэлгийн Нярайн мэс заслын дараах тасгийн байрыг өргөтгөж, их засвар, олон улсын стандартад нийцсэн тохижилт хийснээ өчигдөр хүлээлгэн өгөв. НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 17 зорилтыг хэрэгжүүлэх хөтөлбөрт уг төсөл багтдаг байна.
Түүнчлэн Монгол Улсад мэндэлж буй нярайд өндөр хөгжилтэй орнуудын жишгээр эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх боломж бүрдүүлж буйгаараа ач холбогдолтой юм. Төслийн хүрээнд 2016 онд Дутуу төрсөн нярайн эрчимт эмчилгээний тасагт их завсар, өнгөрсөн жил хагалгааны иж бүрэн тоног төхөөрөмж хандивлажээ. Тэгвэл энэ онд Худалдаа хөгжлийн банк, АПУ, “Шунхлай” компани болон “Таван нүдэн брэнд” зэрэг 10 гаруй байгууллагын дэмжлэгтэй, 120 орчим сая төгрөгийн хөрөнгөөр төслөө үргэлжлүүлсэн аж.
ЭХЭМҮТ-ийн захирал, Гавьяат эмч Ш.Энхтөр “Жилд 1000 орчим дутуу төрсөн болон бага жинтэй хүүхэд хэвтэн эмчлүүлдэг хамгийн чухал тасгийг засварлаж, ариутгал, халдваргүйжүүлэлтийг олон улсын чанарын шаардлагад нийцүүлэн гүйцэтгэжээ. Зөвхөн манай эмнэлгийн эмч, өвчтөнүүд төдийгүй олон мянган монгол хүүхэд, айл өрхөд зориулсан буянтай ажил боллоо” гэв.
“JCI Монгол” байгууллагын 2018 оны үндэсний ерөнхийлөгч М.Батбаяр “Олон зуун гишүүн, ивээн тэтгэгчийнхээ дэмжлэгтэй их ажлын ард гарсандаа баяртай байна. Мөн Өмнөд Солонгосын JCI байгууллагаас хоёр ширхэг инкубатор бэлэглэлээ. “Save life” төсөл таван жил үргэлжилнэ. Ирэх хоёр жилд ч ЭХЭМҮТ-ийн 44 тасаг, нэгжээс аль шаардлагатайд нь туслах болно. Бид “Эрүүл, боловсролтой монгол хүн Монголын ирээдүй” уриатай, эрүүл мэндийн үйлчилгээний чанарыг сайжруулах, хүртээмжийг нэмэх зорилгоор ажилладаг” гэсэн юм.
Бэлтгэсэн: С.Цэрэндулам