УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн орлогч захирал Касай Такеши тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Японы Засгийн газраас Касай Такешийг ирэх онд болох ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирлын сонгон шалгаруулалтад нэр дэвшүүлээд байгаа юм. Уулзалтын эхэнд байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг ДЭМБ-ын бүх нийтээр эрүүл байх стратеги зорилтын хүрээнд УИХ, Засгийн газар идэвхтэй ажиллаж байгааг тэмдэглэв.
Мөн “Засгийн газрын 2016- 2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт эрүүл мэндийн салбарын хамгийн том зорилтуудаа тавьсан. ДЭМБ-ын “Нэг ч хүнийг орхигдуулахгүй” гэсэн зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байна. Тухайлбал, “Элэг бүтэн Монгол”, “Сүрьеэгүй Монгол” зэрэг үндэсний хөтөлбөрийг батлан, амжилттай эхэлсэн” гэв. Касай Такеши “Танай улс “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, С вирусийг устгах бүрэн бололцоотой.
Миний бие ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирлаар сонгогдвол Азийн баруун бүсийг аюулгүй, эрүүл мэндийн хувьд тогтвортой байлгахад анхаарч ажиллана. Монголд байх хугацаандаа ХӨСҮТ, ЭХЭМҮТ-д ажиллалаа. Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд Монгол Улсын эрүүл мэндийн салбар мэдэгдэхүйц сайжирч, олон улсад өрсөлдөх хэмжээнд хүртлээ хөгжсөнийг хараад бахархах сэтгэл төрж байлаа” гээд ДЭМБ-аас Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийг бүхий л талаар дэмжин ажиллахаа илэрхийллээ.
Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг мөн энэ өдөр манай улсад зочилж буй “JCI Солонгос” байгууллагын 2018 оны үндэсний ерөнхийлөгч Ким Га Рам тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан юм.