Улсын хэмжээнд сүрьеэгийн сорил тасарч, хэзээ ирэх нь тодорхойгүй нөхцөл үүсчээ. Тус сорилыг ОХУ-аас оруулж ирэх хэдий ч онцгой бараа учраас тээвэрлэхэд асуудал тулгарсан гэнэ. Тиймээс сүрьеэгийн сорилын шинжилгээ хийхгүй байгаа аж. ХӨСҮТ-ийн албаны эх сурвалжийн хэлснээр сорилыг долдугаар сарын 26-нд авчрах байсан ч тодорхойгүй хугацаагаар саатжээ.
Тендерт шалгарч, тухайн сорилыг оруулж ирэх үүрэг хүлээсэн “Аглаг мед” компанийнхан “Өнөө, маргаашгүй оруулж ирнэ” гэж хэлж буй аж. Тус эмнэлгийн Сүрьеэгийн тандалт, судалгааны албанаас сорилын тоо, хэмжээг гарган, жил бүр захиалдаг гэнэ. Сүрьеэгийн сорил нь уг өвчний нянгийн сулруулсан эсрэг төрөгчөөр бэлтгэсэн хүн, амьтны арьс, салст хариу үзүүлэх дархлалын өвөрмөц урвал. Өөрөөр хэлбэл, халдвар авсан, эсэхийг тодруулдаг арьсан доорх сорил юм.
Дашрамд дуулгахад, сүрьеэ нь халдварт өвчний 9.2 хувийг эзэлдэг бөгөөд нийт өвчлөлийн 58.2 хувь нь Улаанбаатарт бүртгэгджээ.