Жил бүрийн 8 дугаар сарын 1-7-ны өдрүүдэд “Хүүхдийг эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн долоо хоног”-ийг дэлхий даяар тэмдэглэдэг уламжлалтай. 26 дахь жилдээ болж байгаа “Хүүхдийг эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн долоо хоног”-ийг энэ жил “Эхийн сүү – эрүүл амьдралын эхлэл” уриан доор зохион байгуулж байгаа юм.
Эхийн сүү нь найрлагадаа хүүхдийн биед амин чухал хэрэгцээтэй, амархан шингэдэг уураг, өөх тос, дархлааны фактор, даавар болон ферментүүдийг агуулсан байдаг бөгөөд хүүхдийг харшил, зарим халдварт өвчнөөс урьдчилан сэргийлдэг юугаар ч орлуулшгүй төгс хүнс гэдэг нь шинжлэх ухаанаар хэдийн нотлогдсон байдаг.
Хүүхдийг төрснөөс нь хойш 6 сарын турш эхийн сүүгээр дагнан хооллосноор уушгины хатгалгаагаар өвчлөх эрсдэлийг 23 хувиар, суулгалтаас шалтгаалах эндэгдлийг 10.5 хувиар, хатгалгаанаас шалтгаалах эндэгдлийг 15.1 хувиар тус тус бууруулж чаддаг байна.
Эхийн сүүгээр хооллох нь хүүхдийн оюун ухааны хөгжлийг дэмжиж, IQ чансааг 3-4 оноогоор дээшлүүлдэг тул суралцах чадвар, хожмын ажил, амьдрал, амжилтад нь чухал нөлөөтэй гэж үздэг. Хүүхдээ хөхүүлснээр ээжүүдийн эрүүл мэндэд ч тустай. Тодруулж хэлбэл эмэгтэйчүүдийн дунд чихрийн шижин, хөхний хорт хавдар, өндгөвчний хорт хавдрын өвчлөлийг бууруулахын зэрэгцээ жирэмслэлт хоорондын зайг уртасгана. Эхийн сүүгээр хүүхдээ хооллохыг хөхүүлэн дэмжих, хамгаалах, тусламж дэмжлэг үзүүлэх нь тогтвортой хөгжлийг цогцлооход амин чухал ач холбогдолтой.
Хүүхдийг эхийн сүүгээр хооллох нөхцөл боломжийг бүрдүүлэхийн төлөө төр, хувийн хэвшил, гэр бүл, олон нийт хамтын хүчин чармайлт гарган ажиллаж, ирээдүйн тогтвортой хөгжлийг бүрдүүлэх эрүүл саруул хойч үеийнхээ төлөө хамтран ажиллахыг уриалж байна.